Сара Фидлер, Хитер Ричардсон хоёр бол 35 настай ихэр бүсгүйчүүд. Тэд зөвхөн дүр төрхөөрөө ч бус амьдрал нь хүртэл ихэр юм шиг ижил. Хоёулаа ижил нэг их сургуульд орж, шинжлэх ухааны техникч хэмээх ижил мэргэжил эзэмшсэн. Хамгийн хачирхалтай нь тэд бие давхар болохдоо хүртэл яг нэг өдөр энэ тухайгаа олж мэдсэн гэнэ. Өнгөрсөн зургадугаар сард Хитер жирэмсэн болсноо тестээр үзэж мэдээд Сарад хэлэхээр яаран гэрт нь иртэл тэр ч бас хөл хүнд болсноо дөнгөж мэдээд сууж байж. Ихэр бүсгүйчүүд уг нь өөр өөр өдөр амаржих ёстой байсан ч бие биеэ дагаад яг нэг өдөр өвдөж, хүүхдээ төрүүлсэн байна. Гэхдээ тэдний нэг нь өөрөө хүүхдээ төрүүлж, нөгөөх нь мэс засал хийж төрүүлжээ.
Тэдэн шиг нэг эсийн ихрүүдийн хувьд туулах амьдрал нь хүртэл ижил байх явдал цөөнгүй тохиолддог. Хоёр өөр айлд өргөгдөн очсон атлаа хоёулаа гайхмаар ижил амьдралаар амьдарч, ижил мэргэжил эзэмшиж, ижилхэн нэртэй бүсгүйчүүдтэй гэрлэсэн тохиолдол ч бий. Мөн хоёр өөр хотод хэрнээ хэдхэн цагийн зайтай нас барсан ихрүүдийн тухай мэдээ ч байдаг.