Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 1990-ээд оны үеэс арчигдсан “Үзлэг” буюу хяналтыг дахин сэргээж байгаа талаархи гайхалтай мэдээллийг кино сонирхогч, үзэгч, уншигч та бүхэндээ хүргэх гэж буйдаа баяртай байна. Нэгэн цаг үед үзэгчдэд хүрч буй кино бүр Монгол кино үйлдвэрийн урлагийн зөвлөл, Соёлын яамны кино үзлэгийн хороогоор хянуулдаг байсан түүхтэй аж. Энэ нь үзэгчдэд чанартай сайн уран бүтээл хүргэх үүднээс төрийн болоод соёл урлагийн байгууллагуудын авч хэрэгжүүлдэг байсан томоохон ажил байж.
Үнэхээр энэ цаг үед монголын кино урлагийн салбарт дутагдаад байсан хамгийн чухал үйл ажиллагаа бол, үзэгчдэд хүрч буй кино нэг бүрийг үзлэг шалгалтаар оруулах явдал байсан юм. Учир нь нээлтээ хийж буй олон арван кинонууд ямар нэгэн шалгуургүйгээр шууд үзэгчдэд хүрч байгаагийн дотор чанаргүй, мэргэжлийн бус хийгдсэн кино нь, нийт кино урлагийн салбарынхаа нэр хүндийг унагаж буй хэрэг юм. Иймээс киноны уран бүтээлчид хийсэн бүтээл бүрээ үзлэг шалгалтаар оруулж байх нь зүйтэй хэмээж “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны уран бүтээлчид 18-нд буюу өнөөдөр 20:00 цагаас Тэнгис кино театрын "VIP" танхимд кино үзлэгийг зохион байгуулахаар болжээ.