Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрэлт ихтэй барилгын салбарт 2200 оюутан сурч байна


Шинэчлэлийн Засгийн газраас хөдөлмөрийн салбарт тавьсан гол зорилтыг 2013 онд хэрхэн хэрэгжүүлсэн болон энэ жил ажиллах төлөвлөгөөг Хөдөлмөрийн яамнаас та­нилцууллаа. “Бүтээн бай­гуулалтын цаг”-ийн ээлжит эзэн Хөдөлмөрийн яам 2016 он хүртэл 150 мянган ажлын байр шинээр бий болгох зорилтын хүрээнд “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн найман хөтөлбөр эхлүүлж, өнгөрсөн оны байдлаар 52 мянган ажлын байр бий болгожээ. Үүнээс орон нутагт 29 шахам мянга нь оногдож буй юм. Эдний 40 гаруй хувь нь барилга, боловсруулах үйлдвэрийн салбарынх аж. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрөөр өнгөрсөн жил 6417 хүн төгсгөснөөс 79 хувь нь ажлын байртай болсон. Үүнээс 39 мэргэжлээр 5204 хүнийг сургаж эхэлсний 3600 нь орон нутгийн иргэн байна. Барилгын салбарын мэргэжил эрэлттэй хэвээр байгаа тул энэ жил 2200 шахам оюутан сургаж буй. Төрөөс сар бүр суралцагчдад 190 мянган төгрөг, дадлага хийлгэж буй ажил олгогчид 65 мянган төгрөгийн тэтгэлэг өгдөг. Энэ онд нийт 13 тэрбум төгрөгийг тэтгэлэгт төсөвлөсөн аж.

Ажлын байр нэмэгдүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хот хөдөөгийн хаана ч ажил хайгч, ажил олгогчийг шууд холбох хөдөлмөр зуучлалын сүлжээ нэвтрүүлэх ажлууд үр дүнгээ өгч эхэлжээ. Ажлын байрны талаарх улсын хэмжээний мэдээллийн сан үүсгэж, интернэтэд холбогдсон сумд, нийслэлийн бүх хороог хамруулан 345 байршилд онлайн бирж байгуулсан нь хөдөлмөрийн салбарын үйлчилгээг чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэхэд түлхэц болж байна гэж Я.Санжмятав сайд хэллээ. Гадны мэргэжилтэн ажиллуулбал илүү татвар төлдөг механизм нэвтрүүлснээр гадаадаас авсан ажиллах хүч, мэргэжилтний тоо 2012 оныхоос 20 шахам хувь буурч, 8800 болжээ. Гадаадад илгээсэн дотоодын ажиллах хүчний тоо ч тодорхой хувиар цөөрсөн байна. Монголчууд хамгийн олноор гарч ажилладаг БНСУ руу гэхэд 2012 онд 2500 хүн явсан байхад өнгөрсөн онд 1900 дотор багтжээ.

Салбарын хууль эрх зүйн орчинд энэ онд дорвитой шинэчлэл хийнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих долоон хөтөлбөр хэрэгжүүлнэ. 40-өөс дээш насныхан, тэтгэвэрт гарсан ахмадууд, оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтэд бодлогоо чиглүүлнэ. 10 мянган оюутанг их бүтээн байгуулалтын талбарт ажиллуулах бол өндөр настнуудын туршлага, мэдлэгийг ашиглах тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Улмаар 50 мянгаас доошгүй ажлын байр шинээр бий болгох ёстой. Гэхдээ Хөдөлмөрийн яам үүнийг 60 мянгад хүргэе гэсэн дотоод зорилттой ажиллаж байгааг сайд Я.Санжмятав дуулгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан