Ардчиллаар замнасан эхний 15 жилд дотоодын хэрэгцээний 90 орчим хувийг урд хөрш бүрдүүлж байв. Энэ нь, үйлдвэрлэлээ хөгжүүлж, хэрэгцээнээс илүү хувийг экспортод гаргах учиртай зах зээлийн тогтвортой байдлын эсрэг хувилбар. Харин зах зээлийн шуурганд хөл алдаагүй хэдхэн салбар үлдсэн нь хүнсний болоод мал, аж, ахуйн дагнасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл байв. Тиймээс манай улсын бусад салбарт зах зээлийн эрэлтийг хангах, ашиг олох бизнесийн ирээдүй бий. Энэ хоосон орон зайг нөхөхөөр олон иргэн бизнесийн салбарт орж, жижиг дунд бизнес эрхлэгчид хэмээх тодотголыг гаргаж ирсэн ч 2000 оныг хүртэл дорвитой амжилтад хүрээгүй. Тухайн үеэс хойш жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих төрийн бодлого эрчимжиж, хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн нь сүүлийн жилүүдэд тогтворжиж, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулах таатай боломж бүрдэж эхэлсэн юм. Түүнчлэн жижиг дунд бизнес эрхлэгчид үйл, ажиллагааны чиглэлээрээ нэгдэж, гадаад зах зээл рүү бараа, бүтээгдэхүүнээ гаргах, сурталчлах зэрэг нь Монгол Улсын үйлдвэрлэлийн нэг онцлогт нийцдэг учраас бидэнд өргөн боломж байдаг байна.
Энэ асуудлын хүрээнд “Жижиг, дунд үйлдвэр-Монгол брэнд” хэлэлцүүлгийг энэ сарын 14-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Хүний нөөцийн менежментийн холбоо, Дэлхийн түвшний Монгол брэнд төрийн бус байгууллага оролцсон юм. Түүнчлэн хэвлэл, гоо сайхан, ноос, ноолуур арьс шир, оёдол, чацаргана тариалагч, үйлдвэрлэгч зэрэг салбарын 30 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн дуу хоолойгоо хүргэв. Юун түрүүнд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих үүднээс монгол брэндийг бий болгох зайлшгүй шаардлагатайг Хөдөлмөрийн яамны зүгээс онцлов. Харин үүний тулд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнд шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын стандартад нийцсэн сав баглаа боодлыг дэлгэрүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг асуудал тулгамддаг байна. Харин брэнд бий болсны дараа тухайн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд танилцуулах, маркетингийн үйл ажиллагааг сайжруулах нь зайлшгүй хийгдэх алхам аж. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр Монголын Үндэсний маркетингийн зохицуулалтын газрын захирал Стивен Креппел “Маркетингийн бодлого ба брэндийг хөгжүүлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсан юм. Тухайлбал, монгол брэнд бүтээгдэхүүн бий болгож, гадагш гаргахын тулд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэх шаардлагатайг онцолж, мал аж ахуйгаас гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулан экспортод гаргавал амжилт олох боломж илүү гэдгийг дуулгасан юм. Тэрбээр ааруулыг дэлхийн зах зээлд гаргаж чадвал эрэлттэй гэж үзсэн бөгөөд кальцийн агууламж өндөр “ааруул” гэх бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол Улс үйлдвэрлэдгээрээ давуу талтайг хэлэв. Мөн монголчуудын үйлдвэрлэсэн савхи өндөр чанартай тул дээд зэрэглэлийн брэндүүдтэй өрсөлдөх 100 хувь боломжтой аж. Үүний тулд дээр хэлсэн шиг бизнес эрхлэгчид хамтрах буюу загварын чиг хандлагыг судлах, хийц загвартаа өөрчлөлт оруулж шинийг эрэлхийлэх ёстой гэнэ. Ингэснээр өөрийн гэсэн худалдан авагчдын бүрдүүлэх боломж нь ихсэх юм байна.
Брэнд гэдэг зүйлийг жижиг, дунд үйлдвэрлэлээс салгаж ойлгож болохгүй
Энэ үеэр брэнд гэж юу болох талаар болон бидэнд брэнд үйлдвэрлэх боломж байгаа эсэхийг “Дэлхийн түвшний Монгол брэнд” төрийн бус байгууллагын Үйлчилгээний соёл, стандарт хариуцсан зөвлөх Б.Батзоригоос тодрууллаа.
-Брэнд гэхээс урьтаж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл ямар байгааг асууя?
-Хөгжиж байгаа гэж хэлж болно. Хамгийн гол нь, зөв бодлого, хэрэгжүүлэлт, чиглүүлэлт дутмаг байгаа. Бусдаараа хүн бүр дор, дороо ашиг олоод явж байна. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нэгдвэл брэндийн түвшинд хүрдэг. Брэнд гэдэг ойлголтод дотоодын зах зээлд нэр хүндтэй байршихаас гадна дэлхийн гурваас дээш оронд өөрийн гэсэн цэг, салбартай, зах зээлээ тэлсэн бараа бүтээгдэхүүнийг хэлдэг. Түүнээс дотооддоо ямар нэг нэртэй цамц үйлдвэрлээд түүнийгээ монгол брэнд гэж нэрлэвэл өрөөсгөл ойлголт. Тиймээс бидний хувьд хамтарсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлж нэг нэршил, нэг зорилготойгоор зах зээлд санал болгох хэрэгтэй.
-Брэнд гэдэг зүйлийг жижиг, дунд үйлдвэрлэлээс салгаж ойлгож болох уу?
-Жижиг, дунд үйлдвэрлэл өөрөө бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Бараа, бүтээгдэхүүн зах зээлд амжилттайгаар байршиж чадвал жинхэнэ бүтээгдэхүүн болдог. Харин тэдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийг нэгтгэж, цогц шийдлийг гаргавал брэнд бүтээгдэхүүн байршуулах боломжтой болдог. Тиймээс өнөөгийн нөхцөлд брэнд, жижиг дунд үйлдвэрлэл хоёрыг салгаж ойлгох нь өрөөсгөл болох байх.
-Тэдгээрийг нэгтгэхийн тулд эхэн үедээ ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Төр засгийн бодлого болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа хэрэгтэй. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг яваад байвал жижиг, дунд үйлдвэрлэл энэ хэвээр л үлдэнэ.
-Өнөөдрийн “Жижиг, дунд үйлдвэр-Монгол брэнд” хэлэлцүүлгээс танай байгууллага ямар үр, дүн хүлээж байна. Үүрэг оролцооны хувьд ямар байгаа вэ?
-Шийдвэр гаргах түвшнээс эхлээд үйлдвэрлэл эрхлэгч, төрийн бус гээд олон байгууллага оролцсон олон талт хэлэлцүүлэг болж байна. Тиймээс дотоодын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн түвшинд хэрхэн, яаж, амжилттай гаргаж болох вэ гэдэг дээр хариулт авч чадах байх. Харин манай байгууллагын хувьд маш олон салбарын өөр, өөр мэргэжилтэй залуусаас бүрддэг. Дэлхийд алдартай сургууль төгсч олонд танигдсан брэнд дээр ажиллаж байсан хамт олон бий. Бид дотоодын бүтээгдэхүүн, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогыг чиглүүлэх, тэдгээрийн бараа, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, брэндийн түвшинд хүргэхийн тулд ямар шат дамжлагаар явах вэ зэргээр зөвлөгөө өгч хамтран ажиллана.
-Ойролцоогоор хэдэн жилийн дараа брэнд бий болох боломжтой вэ?
-Төлөвлөж байгаагаар ойрын таван жилийн дотор брэнд бий болгох боломжтой. Үүнд, маш олон хүчин зүйл нөлөөлнө. Олон хүний хүчин чармайлт хэрэгтэй. Юун түрүүнд, олон дахин яриад буй хамтарсан бодлого гэдэг зүйл дээр нэгдэх хэрэгтэй. Экспортыг нэмэгдүүлье гэвэл төрийн зүгээс тодорхой хэмжээний эрхзүй, эдийн засгийн орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл болгож, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Насанжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай холбооны үйл ажиллагааны чиглэл юу вэ?
-2010 онд Монгол Улсын Засгийн газрын “Чацаргана” гэсэн хөтөлбөр гарсан. Энэ бол Чацаргана гэсэн нэртэй ч Монгол оронд жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, зах зээлд байр, суурь эзлүүлэх үндсэн чиглэлтэй хэрэгжсэн хөтөлбөр байсан. Манай холбоо 2007 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үйлдвэр хөдөө ахуйн яам болон бусад холбогдолтой төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран дээрх хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Гишүүдийн хувьд нийтдээ 2010 оноос хойш улсынхаа бүх аймгаар хоёр тойрон 40 гаруй сургалт хийж, 5000 хүнд чацарганы тухай ойлголт өгсөн. Одоо нарийвчилсан сургалт хийж байна. Тухайлбал, чацарганы хортон шавьжтай хэрхэн тэмцэх вэ, чацарганыг хэрхэн органик бүтээгдэхүүн болгох вэ зэрэг сургалт явуулж байна. Дээр нь, жимс, жимсгэний стандарт гэж манай улсад байдаг. Гэхдээ хуучирсан. Тиймээс энэ стандартыг боловсруулж, батлуулах ажил хийж байгаа. Одоогийн байдлаар 12 стандарт батлуулсан.
-Хэдэн стандарт байх ёстой вэ?
-Маш их бий. Гэхдээ энэ жилийн хувьд дахин дөрвөн стандарт батлуулахаар төлөвлөсөн. Ер нь, чацарганы бүтээгдэхүүн суулгац зэрэг асуудал дээр технологийн дутмаг байдал ажиглагддаг. Тиймээс бид судалгааны ажил руу орсон. Байгалийн чацарганы судалгаа хийж, нөөц байршлыг нь тогтоосон. Цаашдаа генетикийн нөөцийг нь хэрхэн ашиглах талаар Дарханы хүрээлэнтэй хамтран судалгаа хийсэн байгаа. Мөн чацаргана болоод жимс, жимсгэний зах зээлийн байдал 14 аймаг болоод Улаанбаатар хотод ямар байгааг судалсан. Хэтийн төлөв болоод цаашдын зах зээлийг ямар чиглэлээр хөгжүүлэх загвар гарах вэ гэдгийг ч тодорхойлсон.
-Ямар загвар гарсан бэ?
-Үйлдвэрлэгч, тариалагч, борлуулагч, боловсруулагч нар хоорондоо цогц болж, өртгийн сүлжээнд орох нь чухал юм байна гэдэгт санал нэгдсэн. Эс бөгөөс нэг хүн га газар дээр нэг зүйл тарьчихаад боловсруулах үйлдвэртэй болно гээд байвал дотоод болон гадаад зах зээлд өрсөлдөх боломжгүй. Тиймээс цаашдаа нэгдэх чиг бодлоготой байна.
-Хүнсний бүтээгдэхүүн дотроос гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнд чацаргана багтах уу?
-Миний бодлоор Монголын хүнсний бүтээгдэхүүн дотроос гадаад зах зээлд мах, чацаргана гарах боломжтой. Байгалийн чацарганы хувьд онцлог чанар бий. Өөрийнхөө жамаар эрс, тэс уур амьсгалд ургаж байгаа. Таримал чацаргана бол байгалийн чацарганы давуу талуудад тулгуурлан ургацыг нь арвижуулах, гарцыг нь нэмэгдүүлэх, зарим агууламжийг нь залах маягаар гарч ирдэг. “Чацаргана” хөтөлбөр эхлэх үед 1000 орчим га газарт чацаргана тариалж байсан. Өнөөдрийн байдлаар 5000 орчим га болсон. Гэхдээ энэ нь дотоодын нөөцийг хангахгүй байгаа учраас гадаадад экспортлох боломжгүй байна. Харин туршилтын журмаар Япон улсад чацарганы шүүс, тос гаргаж байгаа. Авч хэрэглэж байгаа газрууд маань чацарганыг хүнсний болоод эрүүл мэндийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн байна гэж онцгой үнэлсэн. Хавдрын өвчтэй хүний эмчилгээнд дэмжих бүтээгдэхүүн болгон хэрэглэхэд эерэг үр дүнд хүрсэн талаар Япон доктор хүртэл ирж лекц уншсан. Энэ мэтчилэн чацаргана гадаад зах зээлд гарах боломжит бүтээгдэхүүн юм. Нөгөө талаас, эмчилгээ, гоо сайхны суурь бүтээгдэхүүн болж өгдөг. Түүнчлэн байгаль хамгаалах чиглэлээр чацарганыг тариалах шаардлага байна. Урд хөрш элсний нүүдлийг тогтоох, цөлжилттэй тэмцэх, уулархаг болоод том гол, мөрний сав газрыг хөрсний эвдрэлээс хамгаалах чиглэлээр хоёр сая орчим га газарт чацаргана тариалж байна. Яагаад гэвэл, чацарганын үндэс маш их тэсвэртэй, хөрсөө торлож бэхэлж өгдөг онцлогтой. Тиймээс энэ чиглэлээр тариалалтыг нь өргөжүүлэх бодлого барьж байна.
-Экспортыг нь нэмэгдүүлэхэд ямар бодлого хэрэгтэй вэ?
-Брэнд болгоё, экспортыг нэмэгдүүлье гэвэл төрийн зүгээс тодорхой хэмжээний эрхзүй, эдийн засгийн орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. Жишээ нь, технологио сайжруулах хэрэгтэй байна. Өнөөдөр тос, шүүс, ундаа гэсэн цөөхөн нэр төрлийн чацарганаар хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тиймээс боловсруулах технологийг нь сайжруулснаар өтгөрүүлсэн шүүсээ дээд зэргийн шаардлага хангасан концентранци бий болгох, хуурайшуулсан бэлдмэл бий болгох зэрэг үр ашигтай. Эхний ээлжинд чацарганы юу нь сайн бэ гэдгийг маш сайн судлах хэрэгтэй.