Хятадын уран бүтээлчдийн “Хар нүүрс, нимгэн мөс” хэмээх кино Берлиний кино наадмын дээд шагнал Алтан баавгайн эзэн болжээ. Цуврал аллагын мөрөөр шалгаж яваа мөрдөгчийн тухай өгүүлдэг энэ кино алтан баавгай хүртээд зогсохгүй гол дүрийн жүжигчин Лиао Фан нь шилдэг эрэгтэй дүрийн шагнал авсан байна. Тэгвэл шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Японы “Бяцхан байшин” киноны жүжигчин Харү Куроки хүртэж, энэ удаагийн Берлиний кино наадамд азиуд ноёллоо. Харин кино наадмын үлдсэн гол шагнал болох шилдэг найруулагчаар Америкийн “Boyhood” киноны найруулагч Ричард Линклэйтер тодорчээ.
Гэхдээ дэлхийн кино урлагийн хамгийн эртний бөгөөд нэр хүндтэй энэ кино наадамд энэ жил тийм ч хүчтэй өгүүлэмжтэй уран бүтээлүүд орж ирсэнгүй хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Наадмын 11 өдөр 400 гаруй кино дэлгэцнээ гаргаснаас 23 нь уралдааны категориудад нэр дэвшжээ.