Өнөөдөр монголчуудын хамгийн их зовоосон асуудал бол шатахууны үнийн өсөлт. Цагаан сарын өмнөөс л шатахууны үнэ нэмэх тухай яриа гарч эхлэхэд автобуснаас эхлээд такси, хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ өссөн. Сургаар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн нөхдүүд шатахууны үнэ бодит байдалд нэмэгдчихээр ахиад хэдээр нэмж, цаашид хэд болно гэж хэлэх бол гэхээс яс хавталзах шиг. Удахгүй талх, мах, сүүн бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд, нийтийн тээврийн хэрэгслийн дахиад өсөхийг үгүйсгэх арга алга.
Гэтэл дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буураад байдаг. Хэрвээ энэ үнэ бидний импортолж шатахуунд нөлөөлж байгаа бол уул шугамандаа бол манайд ч шатахууны үнэ буурах ёстой. Оросууд сар болгон дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн мониторинг хийж түүнийхээ дагуу экспортын шатахууныхаа үнийг тогтоодог. Иймд Оросын экспортын нефть нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсаар байтал манайд л эсрэгээр нэмэгдээд байдаг.
Шатахууны үнэ яагаад нэмэгдээд байна вэ? гэхээр ам.долларын ханш сүүлийн үед огцом нэмэгдсэнтэй холбоотой гэх. Манай импортлогчид Оросоос шатахууныхаа дийлэнхийг авдаг бөгөөд тэдэнтэй арилжаа хийхдээ ам.доллараар төлбөр тооцоо хийх гэрээ байгуулсан аж. Арай хямд ханштай байхад нь авсан бензинээ ам.долларын ханш эрчтэй өсөх үед төгрөгөөр зарчихаад эргээд нөөцтэй болохын тулд “ногоон”-оо төгрөгөөр худалдаж авах гэхээр өндөр үнээр цөөн хэмжээний шатахуун авах нь гэх мэтээр дээс томж найзыгаа аврах үлгэр лугаа шатлаж явсаар эцэст нь шатахууны нөөцөө авч чадахгүйд хүрэх тул үнээ нэмэхээс өөр аргагүй хэмээн манайхан тайлбарласаар олон жилийг үдэж. Хятадын хил “Цагаан сартай” холбоотойгоор хаасан болохоор нээгдээд манайд олборлодог түүхий эдийн экспорт нь сэргээд, түүнийг даган “ногоон”-ны хэмжээ нэмэгдэх хүртэл зай ч байна. Энэ хугацаанд ногооны ханш хэд хүрч нэмэгдэхийг хэлэх хэцүү.
Тэгээд ч ногооны ханш цаашид өмнөх хэмжээндээ хүртэл буурах уу гэдэг ээдрээтэй.
Иймд Оростой хийх худалдаагаа рублиэр хийвэл ямар вэ гэсэн асуулт аяндаа л гарч ирж байна. Оросын рублийн ханш газрын тос ба шатдаг хийн дэлхийн зах зээл дээрх үнээс гол төлөв хамаардаг учраас түүхий эдийн валют гэдэг. Дэлхийн зах зээлд сүүлийн үед газрын тосны үнэ бага багаар ч гэлээ тогтмол буурсаар байна. Хятадын эдийн засгийн өсөлт удааширснаас Америкт занарын газрын тос, занарын хийн олборлолт урьд хожид байгаагүй их хэмжээнд хүрч, экспорт нь нэмэгдсэнээр оросуудыг шахах болсон, Иран ба Сирийг тойрсон асуудал энх тайвны замаар шийдэгдэх болсноор газрын тосны үнэ нэмэгдэнэ гэх магадлал буурсан гээд олон хүчин зүйл дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурахад нөлөөлж байгаа.
Ийм нөхцөлд ойрын хэдэн жил галав юүлж, эсвэл шинэ Октябрийн хувьсгал гарч ОХУ гэж оршин тогтнохоо байчихгүй л бол хил залгасан, нягт харилцаатай хэвээр байх улстай үндэсний валютаар нь арилжаа хийж яагаад болдоггүй юм бэ? Ядаж л дотоодын зах зээл дээрх ам.долларын ханшны хэлбэлзлээс арай бага хамааралтай болмоор юм биш үү?
Тэгээд ч манай хоёр улс бүр 2003 онд гадаад эдийн засгийн бүх төлбөр тооцоог хоёр орны үндэсний валютаар хийх гэрээ байгуулж, гарын үсэг зурж байсан. 2003 он байгуулсан энэ гэрээнд Оросын төв банкийг төлөөлөн О.В.Можайсков, Монгол банкийг төлөөлөн О.Чулуунбат гарын үсэг зурж байж.
Хувийн компаниуд болохоор хэнээсээ ямар валютаар юу худалдаж авах талаар тохиролцох нь тухайн компанийн эрх гэдэг нь ойлгомжтой. Гэтэл манай шатахууны гол нийлүүлэгч болох “Роснефть” компани нь төрийн өмч давамгайлсан компани. Иймд Засгийн газрууд шинээр тохиролцож чадвал компанийн удирдлага “үгүй” гээд тас гүрийгээд байх уу? Мэдээж, талууд энэ тал дээр маш нарийн тооцоо хийх шаардлагатай болох байх.
Ам.доллараас хараат бусаар арилжааны тооцоог үндэснийхээ валютаар хийх тохиролцоог Япон ба Хятад, Хятад ба Орос, Энэтхэг ба Япон, Иран ба Энэтхэг, Хятад ба Иран гэсэн улс хийж, гүйцэтгэж байгаа.
Туркийн хамгийн том банкны нэг “Япы Креди”, “Garanti” нар Оростой гүйлгээ хийхдээ рублиэр хийдэг болсон.
Оросын зүгээс хоорондын арилжааны тооцоог ам.долларын оронд рублиэр хийх санал тавьсныг хүлээн авсан тухай Орост суугаа Ираны элчин Сейед Махмуд Реза Сажади мэдэгдэж байв.
Цаашилбал, Орос нь рублийг олон улсын банк хоорондын тооцооны төв буюу CLS (Continuous Linked Settlement)-д тооцоо хийгддэг валютад оруулах гэж байгаа. Ингэснээр иргэд төдийгүй үйлдвэр, компаниуд нь олон улсын арилжаа хийхдээ тооцоогоо үндэсний валютаар хийнэ. Өөрөөр хэлбэл, рублийг ам.доллар болон бусад өөр ямар нэгэн чөлөөт хөрвөх валют болгон тооцолгүйгээр хийнэ.
CLS (Continuous Linked Settlement)-ийг анх нээгдэх үед тэнд зөвхөн ам.доллар, евро, японы йен, английн фунт, швейцарь франк, канад доллар, австрали доллараар хийх дансны гүйлгээг хийдэг байсан өнөөдөр энд данийн крон, хонконг доллар, солонгос вон, норвеги крон, сингапур доллар, шинэ зеландын доллар, өмнөд африкийн ранд, швед крон, мексикийн песо, израйлийн шекель гээд нийт 17 валютаар тооцоо хийж байна.
Энэ мэтээр ганц валютын дотоодын зах зээл дээрх хэлбэлзлийн дарамтаас эдийн засаг, санхүүгээ хамгаалах талаар манай шинжээчид, судлаачид янз бүрийн арга сүвэгчилж байгаа гэдэгт найдаж байна.
Амьд хүн аргатай гэдэг “Сайн бод” үнээр сайн бодоод байвал ямар ч хүндрэл бэрхшээлийг давах арга жим гарч ирэх нь гарцаагүй.