Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨСВӨӨ ТАНАЦГААЯ: ТОСК

Махаа зулгааж хэдэн төгрөг олдог. Түүнээсээ татвар төлдөг. Эцэст нь, гар дээр авсан сарын хөлсөө ялгадас болгож гаргахаас илүүтэйгээр иргэдийн амьдрал дээшлэхгүй байна. Хурааж, хуримтлуулж, хангалуун амьдрах тухай бус хоолноос хоолны хооронд “өл залгуулж” амьдрах нь энэ нийгмийн эгэл үзэгдэл болсоор удлаа. Үүнийг Монголын нийт баялгийн 85 хувийг 300-хан гэр бүл эзэмшиж, хүн амын 30-40 хувийг ядуу иргэд эзэлж байгаа гэх тоо баримтаар ч тодотгож болох юм. Гэтэл тэдгээр иргэнээс хураасан татварын мөнгөөр санхүүждэг мөртлөө эргээд үйлчилдэггүй, нийгэмд амь тариа өгөх хэмжээнд үүрэг оролцоогүй төрийн статустай барилгууд олширсоор. Хэдийгээр төр бүсээ түмэнтэй чангалж, хөрөнгө, мөнгө хэмнэж байгаа ч нэг барилгыг нөгөө барилгын суганд хавчуулахаас  өөр ахиц гарсангүй. Энэ нь, төсвийн мөнгийг тараах хэлбэр өөрчлөгдсөнөөс өгөхөө больчихсон гэсэн үг огтоос биш. Харин ч  авахын донтой дарга нар бусдыг сугандаа хавчуулах, тэр хэмжээгээрээ эрх мэдлийн хүрээгээ ихэсгэх, төсөв мөнгийг өөрийн байгууллагад төвлөрүүлэх зэрэг олон ач холбогдолтой болж таараад байгаа юм. Мэдээж, энэ нь энгийн иргэдэд ашиггүй. Тиймээс адил төстэй үйл ажиллагаа явуулдаг, үүрэг оролцоо нь тийм ч өндөр биш байгууллагуудыг төрийн статусаар хамгаалж, төсвөөс зүсэлж өгөх хэрэг байгаа гэж үү гэсэн асуулт урган гарч байна.
Тиймээс бид энэ удаад Төрийн орон сууцны корпорац (ТОСК) гэх байгууллага засгийн хоолноос 10 орчим жил хороохдоо иргэдэд юу өгч, ямар боломж бүрдүүлж өгсөн талаар хүргэе. Засгийн газрын 2006 оны 37 дугаар тогтоолоор “Орон сууцны үндэсний төв” нэртэй байгууллага өндөр үүдээ нээж байв. Тухайн ондоо мөн л Засгийн газрын тогтоол гарч Орон сууцны санхүүжилтийн корпорац (ОССК) нэртэй болсон. Тус байгууллага нь бага, дунд орлоготой буюу тодорхой зорилтот бүлгийг орон сууцаар хангахаар байгуулагдсан. Сүүлийн жилүүдэд л эдийн засаг болоод иргэдийн худалдан авах чадвар бага зэрэг өссөнийг тооцвол, 2006 оны үед бага, дунд орлоготой иргэд орон, сууцанд амьдрах боломжгүй байсан. Тус байгууллагын ерөнхий чиглэл болох зорилтот бүлгийнхэн орон сууцаар хангагдаагүй гэвэл хилсдэхгүй. Өнгөрсөн 2012 онд өрнөсөн үйл явдлаар ч үүнийг бататгаж болно.
Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлсэн, зургаан хувийн хүүтэй зээл яригдаж байх үеэр ОССК-д хандах иргэдийн тоо өссөн. Харин үүрэг оролцооны хувьд тус байгууллага тийм ч өндөр байгаагүй. Зургаан хувийн хүүг санаачилж, хэрэгжүүлээгүй, гардан ажиллаагүй. Харин орон, сууц горьдож буй иргэдийн материалыг шүүж, орлогоор ялгах л ажил хийсэн. Тодруулбал, зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд Засгийн газраас тогтоосон өрхийн орлогын доод хэмжээ 790 мянган төгрөгөөс дээш байх учиртай байв. Энэ нь, бага, дунд орлоготой болоод залуу гэр бүлийн хувьд өндөр босго. Харин ОССК нь үүнээс бага орлоготой буюу өөрсдийн зорилтот бүлгийнхний бүрдүүлсэн материалыг Засгийн газраас тогтоосон босгыг давахгүй байна хэмээн буцааж байлаа. Харин тэнцсэнд нь зээл олгосон хэрэг биш. Зүгээр л банкинд зуучилж өгсөн. Дараагаар нь банк зээл олгох эсэхийг шийднэ. Эцсийн үр дүнг банк гаргаж байхад ОССК-ын оролцоо анхнаасаа байх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу.  
Бидний мэдэхээр аль ч банк өөрийн гэсэн эдийн засагчтай, зээлийн мэргэжилтэнтэй. Гэтэл ийм тохиолдолд давхар ажил хийж, тус гэхээс илүүтэй ус болж байсныг олон иргэд дуу нэгтэй хэлдэг. Харин ОССК-ын зүгээс “Банк өөрсдийнхөө зээлдэгчдэд хөнгөлөлттэй зээл өгөх хандлагатай. Зорилтот түвшний бус хүмүүст өгөх магадлал өндөр байдаг” хэмээн хэд, хэдэн удаа үгүйсгэж байсан. Мэдээж, арилжааны банкийг бодлогын түвшинд дэмжихгүй байвал банк эрсдэлгүй явах замыг л сонгоно. Гэтэл иргэдэд хямд хүүтэй орон сууцны зээлд хамрагдах өөр боломж бий. Тэдгээрийн нэг нь арилжааны банкуудад байгаа орон сууцны зээлийг төр худалдаж авсны үндсэн дээр банк иргэдэд саадгүй зээл олгох гарц юм. Шийдвэр гаргах түвшинд судалбал, үүнээс илүү гарц байгаа гэдгийг эдийн засагчид ч хэлдэг. Нэгэнт үр дүн өгөөгүй, үйл ажиллагаа нь тэгшрээгүй учраас тус байгууллагыг татан буулгаж, төсөв мөнгийг хэмнэх талаар ч төрийн түшээд нэг бус удаа ярилцаж байв.
Тиймээс өнгөрсөн онд тус байгууллагын хувь заяа “дээсэн дөрөөн дээр дэнжигнэж” эхэлсэн. Гэтэл аз гэх үү, эз гэх үү, өнгөрсөн оны долдугаар сард тус байгууллага Ерөнхий сайдын шууд удирдлагад орж, 100 хувь төрийн өмчийн Төрийн орон сууцны корпорац (ТОСК) болсон.
Товчхондоо, нэрээ сольсон ОССК иргэдийг инженерийн хангамжтай орон сууцанд, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх өөрийн өнгө аясыг хуучин зорилго дээрээ нэмж, мэндэлсэн. Өөрөөр хэлбэл, ТОСК нь Барилга хот байгуулалтын яам гэх асар том далайцтай байгууллагаас ч “том” үүрэг оролцоотойгоор оршин тогтнож эхлэх нь. Бас болоогүй төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн байр олноор барьж, иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөл санал болгох ажлыг хариуцан ажиллана гэдэг улиг болсон зорилтоо дахин хэрэгжүүлэхээр ам гарав. Угтаа, тэд үүнийг 2006 онд амласан билээ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан