Нэг жилийн хугацаанд тогтвортой байсан шатахуун түгээгүүрүүдийн үнийн самбарт өөрчлөлт орлоо. Тухайлбал, “Петровис”, “Магнай трейд”, “Тэс петролиум” компани жижиглэнгээр борлуулж буй нэг литр шатахууныхаа үнийг 90 төгрөгөөр нэмэх гэсэн боловч 40 төгрөг дээр тогтов. Ийнхүү иргэд 10 литр шатахуун тутамд 400 төгрөг нэмж төлж байна гэсэн үг. Ингээд А-80 бензин 1550, АИ-92 1660, АИ-95 1890, дизелийн түлш 1790 төгрөгийн үнэтэй боллоо. Харин “Жаст ойл” компанийн хувьд он гарсны дараахан нэг литр шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмсэн. Учир нь тус компани Монголбанк, Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Шатахууны үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрт хамрагдаагүй тул ийнхүү нэмсэн хэрэг. Тухайн үед бусад компани үнэ нэмэх санал Газрын тосны газарт тавьсан ч дээрх хөтөлбөрт хамрагдаж гадаад валютын хөнгөлөлттэй зээл авсан учраас санасандаа хүрч чадаагүй юм. Өнгөрсөн оноос хэрэгжсэн эл хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад 167 тэрбум төгрөг өгөх учиртай. Өөрөөр хэлбэл, шатахууны худалдаа эрхлэгч 13 компанид арилжааны банкаар дамжуулан 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн юм.
Үүнээс “Жаст Ойл” ХХК-д олгосон 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татсан. Учир нь, тус компанийн толгой компани дампруулаа зарласантай холбоотой. Мөн хөтөлбөрийн хүрээнд компаниуд арилжааны банктай валютын ханшийн огцом өсөлтийн эрсдэлийг бууруулах форвард хэлцэл хийсэн. Өөрөөр хэлбэл, одоогоор идэвхтэй байгаа болон төлбөр тооцоо хийгдсэн нийт 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийгээд байгаа юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр шатахуун импортлох ам.долларыг Монголбанкны тогтоосон хүүгээр санхүүжүүлэх, валютын ханшийн өөрчлөлтөөс хамаарах нөлөөллийг бууруулж үнийг тогтвортой барих зорилготой. Нэг ёсондоо валютын ханшийн эрсдэлийг сааруулж өгч буй хэрэг юм. Энэ сарын эхээр нэг ам.доллар 1723 төгрөгтэй тэнцэж байв. Өчигдрийн байдлаар 1747 төгрөг болж өсчээ. Нэг ёсондоо ам.долларын ханш 24 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Шатахуун импортлогчид үнэ нэмсэн шалтгаанаа валютын ханшийн зөрүүнээс эрсдэл хүлээн алдагдалтай ажилласан, үнэ тогтворжуулах хөтөлбөр зогссонтой холбон тайлбарлаж буй. Тухайлбал, “Шунхлай” компани Худалдаа хөгжлийн банктай хамтарч тус банкны төлбөрийн карт эзэмшигчдэд 1.5 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Гэвч ам.долларын ханшийн зөрүүнээс алдагдалтай ажиллахад хүрсэн тул уг хөнгөлөлтийг үзүүлэхгүй болсноо албан ёсоор мэдэгдээд буй. Ингээд “Шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр” зогссон эсэх талаар Монголбанкнаас тодруулахад “Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа. Бид гэрээ ёсоор санхүүжилт хийгээд явж байна” гэсэн хариу өгөв. Тэгэхээр үнэ нэмсэн импортлогчид “Үнэ тогтворжуулах гэрээ”-гээ зөрчжээ. Иймд нэмсэн үнэ нь буурах үндэс байгаа юм. Өмнө нь, гэрээгээ зөрчиж үнэ нэмэхэд ШӨХТГ-аас торгуулийн арга хэмжээ авч байсан удаатай. Шатахуун импортлогчид үнэ нэмэх гэж дахин, дахин оролдсоор энэ удаа санасандаа хүрэв бололтой. Импортлогчид үнэ нэмэх шалтгаанаа Газрын тосны газарт дэлгэрэнгүй танилцуулсан, тэндээс нэгдсэн мэдээлэл авч болно гэлээ. Энэ талаар тус газрын олон нийттэй харилцах албаныханд хандахад “Шатахууны гадаад зах зээлийн үнэ тогтвортой байгаа. Манай газарт шатахуун импортлогчид үнэ нэмэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгөөгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өгсөн байх” гэж хариуллаа.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр зогссон эсэх талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газраас өнгөрсөн жил хэрэгжүүлсэн. Ингэснээр үнийг барьж чадсан бөгөөд 50 төгрөгөөр бууруулсан юм. Он гарснаас хойш шатахууны үнэ огцом өсөх шалтгаан байхгүй. Сүүлийн жилүүдэд нэг литр шатахууны үнэ бага багаар буюу ойр ойрхон 10, 20 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнд Засгийн газар хяналт тавилгүй явж ирсэн. Өнөөдөр нэг литр шатахууны үнэ 90 төгрөгөөр огцом өсөх шалтгаан гараагүй. Шатахуун импортлогч компаниудын нийлүүлэгч үнэдээ өөрчлөлт оруулж 10 юм уу 20 төгрөгөөр нэмэгдвэл Засгийн газар хүчээр барих боломжгүй юм” гэсэн юм. Эндээс үзвэл, дэлхийн зах зээл болон ханшийн өөрчлөлтөөс шатахууны үнэ литр тутамдаа 10-20 төгрөгөөр нэмэгдсэн тохиолдолд Засгийн газар хүчээр барих боломжгүй ажээ.
Энэ долоо хоногийн эхээр зарим шатахуун түгээх станц АИ-92 бензин байхгүй, нөөц нь хомсдсон гэж байв. Уг үйлдэл нь үнэ нэмэхтэй холбоотой байсан байж таарах нь. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн нэг асуудал нь шатахууны нөөцийг нэмэгдүүлэх. шатахууны нөөц өнгөрсөн оны аравдугаар сараас хойш 2.5 дахин нэмэгдсэн. Газрын тосны газрын тооцоогоор энэ сарын эхээр шатахууны нөөц улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногт хүрэлцэхээр байв. Үүнийг шатахуун тус бүрээр нь задлаад үзвэл А-80 бензин 51, АИ-92 бензин 42 , дизелийн түлш 47, ТС-1 16 хоногийн нөөц бий. Тэгэхээр АИ-92 бензин хомсдох учиргүй аж. Манай улс жилд нэг сая гаруй, сард 83, өдөрт 2700 орчим тонн шатахуун хэрэглэдэг судалгаа бий.
Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурч, нэг баррел брент нефть 108 ам.доллар болжээ. Иймд Европын орнуудад нэг литр шатахууны үнэ 2.5 хувиар хямдарсан байна. Хэдийгээр дэлхийн зах зээлд нефтийн үнэ хямд байгаа ч ОХУ-ын дотоодод жижиглэнгээр борлуулж байгаа шатахууны үнэ зургаан хуваир өсчээ. Гэхдээ Европ тивд хамгийн хямд үнэтэй шатахуунтай улс Орос хэвээр байгаа юм. ОХУ-ын “Уралс” маркийн нефтийн үнэ дэлхийн зах зээлд нэг баррел нь 107 ам.доллараар зарагдаж байна. Тус улс экспортод гарч буй нефть, шатахууны татвараа он гарснаас хойш бууруулжээ. Тухайлбал, экспортод гарч буй нэг баррел нефтийн татвар нь 14 ам.доллараар буурсан аж. Ингээд татвар нь 386 ам.доллар болов. Мөн экспортолж буй нэг тонн бензиний татвар энэ сард 347 ам.доллар болж буурч. Өмнө нь, 360 ам.доллар байсан. Тэгэхээр гадаад зах зээл манайд шатахууны жижиглэн худалдааны үнийг нэмэх нөлөө үзүүлээгүй. Харин ч буурах боломж бүрдүүлж өгсөн гэхэд хилсдэхгүй нь. Өнгөрсөн жил цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн нь бараа, үйлчилгээний үнийг өсгөж инфляц хөөргөхөд хүргэсэн. Одоо шатахууны үнэ нэмэгдэж, дахиад л инфяцыг хөдөлгөхөд хүргэлээ.