Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засаг эрсдэлтэй байгаа тул бодлогын хүү буурсангүй

Өнгөрсөн жил манай улсын эдийн засаг нэлээд хүнд үеийг давсан. Учир нь манайд орж ирэх гадаад валютын урсгал татраад байсан юм. Иймд энэ эрсдэлийг даван туулах, хөрөнгө оруулалтаа таслахгүй байх арга хэмжээ Монголбанк, Засгийн газраас авсан. Тухайлбал анх удаа Хөгжлийн банкнаас улсын төсөвтэй адилтгах хэмжээний мөнгө эдийн засагт оруулсан. Энэ нь өнгөрсөн оны мөнгөний бодлогын гол онцлог байлаа. Үүний үр дүнд манай улсын эдийн засаг өсөлтөө хадгалж 11.7 хувьтай гарсан билээ. Төв банкнаас инфляцыг нэг оронтой тоонд оруулна гэж өнгөрсөн жилийн мөнгөний бодлогодоо тусгасан. Гэвч тэгж барьж чадаагүй. Яагаад гэвэл урьдчилан тооцоогүй зүйл гарч иржээ. Өөрөөр хэлбэл эрчим хүч, оюутны сургалтын төлбөрийн нэмэгдэл нам төвшинд байсан инфляцыг өөд нь хөөргөж орхижээ.  Одоо инфляц 12.2 хувьтай байна. Үүний 20 гаруй хувийг нь дээрх хоёр шалтгаан бүрдүүлж буй юм. Монголбанкны зүгээс инфляц тогтвортой байна хэмээн дүгнэсэн. Учир нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын инфляц 1.8 хувьтай гарчээ. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард 1.7 хувьтай гарсан байна. Энэ нь эдийн засгийн тогтвортой орчин байна гэдгийг илтгэж буй хэрэг ажээ.  
Нөгөө талаар гадаадын хөрөнгө оруулалт болчимгүй хуулийн үрээр огцом буурсан нь нөлөөлсөн хэмээдэг. Энэ онд гадаад валютын орж ирэх урсгалд сөрөг нөлөөлөх нэг хүчин зүйл бол нүүрсний борлуулалт. Сүүлийн хоёр жилд ханш нь унаад байгаа коксжих нүүрсний үнэ сэргэх төлөвгүй хэмээн судлаачид хэлж буй юм. Тэгэхээр мөн л энэ онд 30 сая тонн нүүрс зарж гадаад валютын урсгалаа нэмэгдүүлэх нь талаар болж магадгүй ажээ.  
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 7-11-ний өдрүүдэд хуралджээ. Тэгээд  макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлын зорилтыг хангах хүрээнд дараахь шийдвэр гаргасан байна. Үүнд  Бодлогын хүүг 10.5 хувьд хэвээр үлдээхээр шийджээ. Тэгэхдээ дэлхийн болон бүс нутгийн засгийн өнөөгийн байдал манай улсад учирч болох эрсдэлээс сэргийлж ийм шийд гаргасан аж. Мөн арилжааны банкуудын олон улсын зах зээл дээрээс гурав  болон түүнээс дээш жилийн хугацаатай бонд болон зээл хэлбэрээр татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөх болжээ. Энэ нь гадаад валютын орж ирэх урсгалыг саадгүй болгож замыг нь нээж өгөх нэг үндэс болох нь.  Өөрөөр хэлбэл арилжааны банкуудын оруулж  ирсэн мөнгө эдийн манай эдийн засагт шингэж үлдэх бололцоо бүрдсэн байна.
Дэлхийн эдийн засгийн байдал ирэх зургадугаар сар буюу энэ оны хагас жилээс хойш сэргэж ирэх хандлага ажиглагдаж буй аж. Одоогоор АНУ, Европын орнууд мөнгөний сул бодлогоо чангалж бодлогын хүүгээ өсгөх болжээ.  Иймд хариу арга хэмжээ авч валютын урсгалаа банкны системээр дамжуулж нэмэгдүүлэх  боломж бүрдүүлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Олон жилийн хугацаатай авч буй мөнгө учраас эрсдэл бага хэмээн тооцож буй юм.
Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь дэмжих дунд хугацааны хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхдээ  үр ашгийг дээшлүүлэхэд анхаарна хэмээж байна.  Гэвч гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилт он дамжин удааширсаар байгаа. Энэ  нь эдийн засгийн дархлааг сулруулж, макро бодлогын үндсэн сорилт болж буй юм. Нөгөө талаар  өнгөрсөн оноос шинээр бий болсон улсын төсөвтэй адилтгах зардал, түүний тодорхой бус байдал нь мөнгөний бодлогын хэрэгжилтийн үр дүнг сулруулж байгаа ажээ. Цаашид Мөнгөний бодлогын зөвлөл ирэх дөрөв, найм, арваннэгдүгээр сарын эхний долоо хоногуудад хуралдахаар тогтсон байна. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан