Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАРИЛГЫН САЛБАРЫН ӨСӨЛТ 70 ХУВЬД ХҮРЧЭЭ

Засгийн газраас да­ваа гараг бүр “Бүтээн бай­гуулалтын цаг” зохион байгуулж, салбарын сайд нар хэрхэн үр бүтээлтэй ажиллаж байгаагаа тайлагнаж, явцыг танилцуулдаг уламжлал­тай. Өчигдрийн “Бүтээн бай­гуу­лалтын цаг”-ийн эзэд Ц.Баярсайхан сайдаар ах­­луулсан Барилга, хот бай­гуулалтын яамныхан байв. Тэд салбартаа хийж гүй­цэтгэсэн ажлаа товч тайл­барлаад, цаашид хийх ажлын зах зухаас сэтгүүлчдэд мэдээллээ.

2013 онд 20232 орон сууц ашиглалтад оржээ

Засгийн газрын “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэм­жих хөтөлбөр”-ийн хү­рээнд 260-аад нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн бо­лон үндсэн өртгийн албан татвараас чөлөөлжээ. Барилгын үйлдвэрлэлийг улир­лын хамаарлаас гаргах, ул­­маар импортын хамаарлыг зогсоох том зорилт бий. Түүндээ хүрэхийн тулд Улаан­баатар дахь байшин үйлд­вэрлэх комбинатыг сэргээн ажил­луулахаар “Чингис” бон­доос 14 сая ам.долларын зээл олгосон байна. Гэрээ хэл­­цэл дуусч, герман техно­ло­гиор үйлдвэр сэргээх ажил үргэлжилж байгаа аж. Түүнч­лэн Засгийн газраас Монголбанктай хамт­ран хэрэг­жүүлж буй зургаан том аж­лын нэг нь “Барилгын сал­ба­рыг дэмжих, орон сууц­ны үнэ тогтворжуулах хөтөлбөр” юм. Өнгөрсөн хуга­цаанд це­мент, арматурын ний­лүү­­лэлтийг тасралтгүй хан­­га­хаар 55 компанид 125.4 тэрбум төгрөгийн зээл олго­сон. Ингэснээр жилд 1.2 сая тонн цемент гаднаас авч, тонн цементийн үнийг дунд­жаар 130 мянгад барьж чад­сан байна. Арматурын үнийн хувьд харьцангуй тогт­вортой байсан гэж үзлээ. Мөн барилгын материал үйлд­вэрлэдэг 69 компанид 169 тэр­­­­бум төгрөгийн зээл олгосон гэв.
Монгол Улсын эдийн засаг 2013 онд 11.7 хувиар өссөн. Үүний дотор барилгын салбарын эрчимжилт сайнаар нөлөөлсөн нь дамжиггүй. Тодруулбал, барилгын сал­бар өмнөх оноос 70 орчим хувиар өсөлттэй байж, бүтээн байгуулалт нэмэгджээ. Иргэдийг орон сууцаар хангах нь төрийн бодлогын маш том хэсэг. Урьд нь, орон сууцны хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлснийг дүгнэж үзээд эрэлтийг хангахуйц нийлүүлэлттэй болох бодлого барьсан. 2013 оны байдлаар Улаанбаатар хотод 20232 айлын орон сууц эд хөрөнгийн эрхийн бүртгэлд шинээр нэмэгдлээ. Орон нутагт 7000 гаруй орон сууц барьж, ашиглалтад оруулсан гэлээ. Ингэснээр орон сууцны фонд 12748 мянга боллоо гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдэгдлээ. Аймаг, нийслэлд цэвэр усны 48 км, бохир усны 27 км, дулааны 30-аад км шугам хоолой шинээр тавьж, 29 гүний худаг ашиглалтад оруулсан. Хоёр цэвэрлэх байгууламж шинэчилж, ус түгээх 50 байр барьж, 17 аймгийн 110 сумын ундны усны эх үүсвэрт ус зөөлрүүлэх тоног төхөөрөмж суурилуулсан нь иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг дээшлүүлсэн хэрэг. Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад, Дорноговь аймгийн Замын-Үүдэд нийт 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруу­лалт хийж “Шинэ су­мын төв” байгуулж буй. Баян­хонгорын хоёр суманд 20 тэрбум төгрөгөөр нийт таван барилгын иж бүрдэл баригдсан. Энэ ажлыг ҮХАА-н сайд Х.Баттулга болон БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа нар хариуцан ажиллажээ. Бургастай, Бичигт, Зэлтэр, Булган, Ханги, Ханх боомтыг ерөнхий байдлаар хөгжүүлэх чиглэл батлагдсан, төлөвлөгөөг гаргасан байна. Эдгээрт, засаг захиргаа, худалдаа, үйлдвэр үйлчилгээ, хяналт шалгалт, тээвэр ложистик, орон сууц, сургууль цэцэрлэг болон аялал жуулчлалын асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр тусгажээ. Боомтуудын ерөнхий төлөвлөлтийг ойрын үед УИХ-аар оруулах гэнэ.

2014 онд амины сууцыг ипотекийн зээлд хамруулна

БХБЯ-наас энэ жил Газрын багц хуулийг УИХ-аар батлуулна, Хот байгуулалтын тухай хууль өргөн барина. Түүнчлэн Авто зогсоолын тухай, Барилгын тухай, Үндэсний орон зай мэдээллийн дэд бүтцийн тухай, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай, Улаанбаатар хотын бүсчлэлийн тухай, Хотын ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байгаа. Мөн Хяналтын тухай хууль өргөн барьж байгаагийн дотор манай салбарт хамаарах барилгын хяналтыг сайжруулна гэж Ц.Баярсайхан сайд хэллээ. Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль тогтоомжийг сайжруулж, өөрчлөлт хийхэд бусад яамтай хамтарна. Өмнө нь хэрэгжүүлж ирсэн цэнхэр картын сургалтын арга хэмжээг үргэлжлүүлнэ. Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт байгуулах асуудал батлагдсан. Энэ институт салбарын эрдэм шинжилгээний ажлын суурь мэдээлэл боловсруулах, цаа­шил­бал барилгын норм дүрэм, стандартыг боловсронгуй болгоход голлон анхаарах юм.
Импортыг хумьж, дотоо­дын үйлдвэрлэлээ сайжруулах чиглэлээр Орхон аймагт “Хөх ган” төмөрлөгийн үйлдвэрт 22.7 сая ам.долларын зээл “Чингис” бондоос олгож. Энэ оны долдугаар сар гэхэд 100 мянган тонн арматур үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж тооцсон байна. Цаашид барилгын салбар дахь үнэ тогтворжуулах хөтөлбөрөө үйлдвэржилтийг дэмжихэд чиглүүлэн ажиллана гэлээ. Барил­гын материалын хангамжийн эргэлтийн хөрө­нгийг сайжруулах бод­­­­лого үргэлжилнэ. Үүнтэй хол­богдуулж Алтанбулаг, Замын-Үүд болон Улаанбаатар хотод зүүн, баруун бүсээр терминал байгуулах ажлыг концессын гэрээгээр хийнэ. Нийслэлээс газрын асуудлыг шийдвэрлэхийг хүлээж буй гэнэ. Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр урт хугацааных учраас энэ жил гэхэд хоёр өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Нэгдүгээрт, 80 ам метр талбайтай орон сууцны хязгаарлалтыг эргэн харах. Нөгөө нь, амины орон сууц барьж буй иргэдийг найман хувийн хүүтэй зээлд хамруулах, ялангуяа орон нутагт үл хөдлөх хөрөнгөтэй болохыг дэмжсэн бодлого баримтална гэсэн юм.
2014 онд барилгын салбарт өрнөх их бүтээн байгуулалтад шаардлагатай нийт санхүүжилтийн дийлэнх нь улсын төсвөөс гарна. “Чингис” бондын хөрөнгөөс аймаг бүрт мянган өрхийн орон сууц барих ажлын инженерийн шугам сүлжээний ажилд зориулж 100 сая орчим ам.доллар гаргахаар болсон. Мөн 16 аймгийн нэг суманд инженерийн шугам сүлжээ барих ажилд 80 тэрбум төгрөг зарцуулна. Эдгээрээс гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамт Төв, Булган, Дундговь, Өвөрхангай аймгийн найман суманд инженерийн шугам сүлжээ босгоно. Концессын гэрээгээр 50 сумын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажил зохион байгуулж байгаа аж. Энэ олон сумыг сонгохдоо хүн амын тоо, нийгэм эдийн засгийн байгууллагын хүчин чадал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн харгалзсан байна.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан