Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг гаргалаа. Эл судалгаагаар инфляц өсөхөд махны үнэ нэмэгдсэн нь нөлөөлсөн гэнэ. Ингээд дор сийрүүлснээ хүргэе.
Монгол Улс 6487 шинэ хүнээ өлгийдөн авав
Монгол Улс олуулаа болж өнгөрсөн сард 6487 шинэ хүнээ хүлээн авчээ. Энэ нь, өнгөрсөн оны мөн үеийнхээс шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 1,2 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Нялхсын эндэгдэл байсаар байгааг Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг онцоллоо. Тэрээр “Хүүхдийн эндэгдэл буурахгүй байгаа нь олон хүчин зүйлээс хамааралтай. Сэтгүүлчдийн хэлсэнчлэн эцэг, эхийн хариуцлагагүй байдал ч нөлөөлсөн байх талтай” гэсэн юм.
Ажилгүй иргэдийг доктор, бакалаврууд тэргүүлж байна
Улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч нь ажиллах хүчин гэдэг. Тэгвэл тус хорооноос гаргасан судалгаагаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 42.5 мянгад хүрчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн сард ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 14.1 мянган иргэн идэвхтэй ажил хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагдсан гэнэ. Сонирхолтой нь, ажилгүй иргэдийн 0.6 хувийг магистр, доктор, 29.3 хувийг дипломын болон бакалаврын, 8.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.0 хувийг техникийн болон мэргэжлийн, 41.8 хувийг бүрэн дунд, 9.6 хувийг суурь, 2.4 хувийг бага боловсролтой, 0.7 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Тэгэхдээ улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 63.9 хувь нь 15-34 насны залуус байгаа аж.
Тулгын гурван чулууны ач тус
Амьдралд сүүдэр, гэрэл хосолдог гэдэг шиг ид хөдөлмөрлөх насны залуус ажилгүй байгаа ч, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өсчээ. Өөрөөр хэлбэл, ДНБ 2005 оны зэрэгцүүлэх үнээр 6144.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 11.7 хувиар өсчээ. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 13.5 хувь, аж үйлдвэр, барилгын салбарынх 20.1 хувь, үйлчилгээний салбарынх 10.0 хувиар тус тус нэмэгдсэн гэнэ. Харин хэрэглээний үнийн индекс 2014 оны нэгдүгээр сард өмнөх сарынхаас 1,7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12,3 хувиар өсчээ. Ерөнхий индекс нэгдүгээр сард өмнөх сарынхаас 1,7 хувиар өсөхөд автобус, махны үнэ нэмэгдсэн нь нөлөөлсөн гэлээ.
Хөрөнгийн зах зээл зогсонги байдалд орсон уу
Хурдтай хөгжиж байна хэмээн ярьж байсан хоёрдогч зах зээлийнхэн өнгөрсөн сард 917.8 сая төгрөгийн гүйлгээ хийж, 1.6 сая ширхэг үнэт цаас арилжаалжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад арилжсан үнэт цаас 81.2 хувиар буурсан гэнэ. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс ч 15766.4 болж, өмнөх сарынхаас 107.7 нэгжээр буурсан үзүүлэлт ч судалгаагаар гарч. Магадгүй, Хөрөнгийн биржийнхэн гадаадын томоохон шинэчлэлийг нэвтрүүлээд удаагүй, дээрээс нь удирдагчгүй болсноос энэ зах зээл бага зэргийн уруудсан байж мэдэх юм. Ямартай ч, хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 1624.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.8 хувиар буурсан нь яаралтай даргыг нь томилохгүй бол гэсэн бодлыг төрүүлж байлаа.
Валютын хадгаламж огцом өсөв
Тус газрын Макро эдийн засгийн газрын дарга Б.Бадамцэцэгийн хэлснээр банк санхүүгийн салбарт валютын ханшийн өөрчлөлтэй холбоотой сонирхолтой дүр зураг гарч ирсэн гэнэ. Тэрээр “Өнгөрсөн сард валютын хадгаламж өссөн. Валютын ханш нэлээн өссөн нь энэ төрлийн хадгаламж өсөхөд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, төгрөгийн хадгаламж нэг хувиар өссөн бол валютынх 30 хувиар өссөн нь үүнийг харуулж байна” гэв. Банкны салбарын “толгойн өвчин” болсон чанаргүй зээлийн тухайд өнгөрсөн сарын эцэст 581.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.8 хувь өсчээ. Нэг ёсондоо, чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.0 пунктээр өссөн нь анхаарал хандуулах асуудлын нэг болсныг энэ үеэр банк санхүүгийнхэнд санууллаа.
Гадаад худалдааны эргэлт буурав
Дэлхийн 92 оронтой худалдаа хийж буй манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 658.3 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 321.2 сая ам.доллар, импорт 337.1 сая ам.доллар. Харин гадаад худалдааны тэнцэл 2013 оны нэгдүгээр сард 216.5 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол өнгөрсөн сард 15.9 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 92.7 хувиар буурчээ. Дашрамд, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүн, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн тус бүр 0.5 сая ам.доллараар буурсан гэнэ. Харин импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 32.3 хувиар буурахад өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бүтээгдэхүүний машин, механик төхөөрөмж, цахилгаан сэлбэг, дуу хураагчны импорт буурсан нь нөлөөлсөн байна. Макро эдийн засгийн газрын дарга Б.Бадамцэцэг “Цаашдаа ч экспорт буурах хандлагатай байна. Яахыг хэлж мэдэхгүй байна” гэлээ.
Улирлын чанартай өсөлт, бууралт
Төмөр замын тээврээр өнгөрсөн сард 1549 мянган тн ачаа, давхардсан тоогоор 282,4 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 4,3 хувь, зорчигчдын тоо 8,9 хувиар буурчээ. Цагаан сарын бэлтгэл ажил гээд төмөр замаар үйлчлүүлэх зорчигчдын тоо яагаад буурсан шалтгааныг статистикчид “Олон шалтгаантай байж мэднэ. Магадгүй, баярын бэлтгэл гэж Эрээн рүү явах нь багассан байж мэднэ” гэв. Ямартай ч, эл салбарын орлого өмнөх оны мөн үеийнхээс 0.9 хувиар өссөн гэнэ. Харин агаарын тээврийн салбарын хувьд 257,6 тн ачаа, давхардсан тоогоор 57,1 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс зорчигч, ачааны тоо ч буурч. Мэдээж, салбарын орлого ч өмнөх оны мөн үеийнхээс 6,0 хувиар буурсан байна.