Монголын кино театруудаар гарч байгаа кинонуудын ашиг орлогын жагсаалтыг "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар"-аас долоо хоног бүр танилцуулдаг болоод нилээдгүй хугацаа өнгөрчээ. Тэрээр энэ удаад "Тэнгис" кино театрд гарч байгаа кинонуудын мэдээллийг зарлсан бөгөөд өнөөдрийн байдлаар “Кино шиг амьдрал”, “Шарга даага”, “Үхэл амьдралын зааг”, “Зоорь” зэрэг кинонуудын гарч байгаа юм байна. Түүнчлэн "Өргөө" кино театрт зөвхөн "Зоорь", болон энэ сарын 5-ны өдрөөс эхлэн "Анирлагч" кино нэмж гарч эхлээд байгаа аж. Ийнхүү өнгөрсөн долоо хоногт хамгийн их орлого олсон киногоор “Зоорь ” 121,221,970 төгрөгийн ашиг олсоноор тэргүүлсэн байна. Тэгвэл үүний араас нээлтээ хийгээд 2 хонож байгаа "Анирлагч" кино үзэгчдийг байлдан дагуулж жагсаалтын хоёрдугаарт бичигдэн 18,145,442 төгрөгийн ашиг олсон байна.
Хүн байгалийн нандин холбоосыг урнаар илэрхийлэн гаргасан тус уран бүтээлийн ерөнхий найруулагчаар телевизийн найруулагчаас кино урлагт хүч түрэн орж буй Д.Сангибат ажилласан бол зохиолыг Д.Энхбаатар, Р.Оюунгэрэл нар бичсэн юм. Мөн киноны продюссерээр ажиллахын зэрэгцээ гол дүрийг бүтээх эрхэм хирнээ, хариуцлагтай үүргийг "Амар Медиа" продакшны захирал, жүжигчин, МУСТА Р.Адъяа тоглосон. Түүнчлэн тус киноны гол дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Баясгалан, жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, мисс Х.Бадамгэрэл нар хүн бүхэн өөрийн гэсэн “Амьдрах хуультай” байдаг гэдгийг өгүүлсэн энэхүү кинондоо Хосзаяа, Хунзаяа хэмээх бүсгүйчүүдийн дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл энэ хууль нь хэн бүхэнд амьдрах эрх олгодог ч байгаль эх хариуд нь тэдний үйлийн үрийг дэнсэлдэг ажээ. Нэг талаас эрх чөлөөндөө эрдэж,хүсэл тачаалдаа умбаж чадах ч нөгөө талдаа тэнгэр газрын дунд оршин буй хөдөлгөөн бүр дархлагдсан нэгэн хуулинд захирагддаг тухай энэ кино өгүүлнэ. Гагцхүү хайрын олон анир бидний амьдралын эргэн тойронд дуурсдаг билээ. Та зүрх сэтгэлээсээ анирлавал мөнхийн хайрын гэрч болох ажээ.
Ингээд та бүхэндээ кинонуудын ашиг орлогыг жагсаалтаар хүргье.
№ |
Киноны жагсаалт |
Өмнөх орлого |
1.30-2.06 |
1 |
Зоорь |
|
121,221,970 |
2 |
Анирлагч |
2 сарын 5-ны өдрөөс |
18,145,442 |
3 |
Шарга даага |
4,522,736 |
5,584,478 |
4 |
Кино шиг амьдрал |
15,452,000 |
2,467,621 |
5 |
Үхэл амьдралын зааг |
|
1,046,818 |
Цусны төлөөс цус л байдаг
Нэгэн үе үхмэл, унтаа байсан Монголын кино урлаг сүүлийн хэдэн жил эрчимтэй сэргэж, эргэн “цэцэглэж” байна. “Хаан” урлагийн хатуухан шалгуур, өндөр босгыг давж, өөр өөрийн өнгө аясаар уран бүтээл туурвигчид олширч. Гэвч урлагийн шалгуур гэхээсээ үзэгч олны үзэмж таашаал, үнэлэлт дүгнэлт л үнэн бодит цор ганц дүн байдаг. Бэл бэнчинтэй бол хэнбэгуай нь ч кино хийчихдэг болсон цагт үзэгч олны үзэмж таашаалыг үнэн бодит үнэлгээ, “дүн” хэмээн онцоллоо. Иймийн учир энэ удаагийн дугаараас эрхэм уншигч таны мэлмийд шинэ тутам гарч буй монгол кино уран бүтээлийг зөвхөн үзэгчийн байр суурь, үнэлэлт дүгнэлтээр хүргэж байхаар боллоо. Та бүхэн таалан болгооно уу.
Бичвэрээ “Цусны төлөөс цус л байдаг” хэмээн гарчигласны учир нээлтээ хийгээд удаагүй “Анирлагч” киноны товч агуулгаар тоймлон нэрийдсэн хэрэг. “Анирлагч” хэмээх содон нэртэй шинэхэн киног хамгийн товчоор өгүүлбэл үйлийн үр гэгч үнсэнд хаясан шалзанд ч тохиодог, тохоогддог “ял” юмсанж. Энэ киног үзээд эрхгүй тархинд ургасан бодол бол ердөө л энэ. Гэхдээ уран бүтээлчдийн ур ухаан, хөрөнгө мөнгө, хөлс хүчээр бүтсэн киног ганц үгээр дүгнэх аваас гарцаагүй ташаа хэрэг болно.
“Анирлагч” киноны зургийг аглаг зэлүүд ойд авчээ. Сүүлийн үеийн киночид хэт их үйл явдал, өрнөл, өнгө хөөж харийн газар зураг авах нь элбэг болсон үед уулын ганц аманд уран сайхны кино хийнэ гэдэг сайн зохиол, шаггүй найруулагчаас шалтгаалах хэрэг. Товчхондоо, том чулууг жижиг чулуугаар хөдөлгөхийн нэр. “Анирлагч”-ийг амилуулсан уран бүтээлчид миний хэлээд байгаа том чулууг хөдөлгөж хүчрээгүй ч хүчилж үзжээ.
Цаг гучин минут үргэлжлэх энэ кино хүн, байгалийн хүйн холбоо, эх үрсийн элбэрэл, залуусын хайр дурлал болоод заяаны хань гэж хэн болох тухай өгүүлнэ. Алаг цэцэгс найгасан аглаг зэлүүд уулын аманд аж төрөн суудаг нутгийн уугуул иргэд бол ойн хамгаалагч Дэнсээ болон түүний хос хун шиг хоёр охин. Охидыг Хунсар, Хунзаяа гэх. Эгэл жирийн, амар тайван амьдарч байсан тэдний амьдралд өөрийгөө эрлийн хүн гэж танилцуулсан үл таних нэгэн орж ирнэ. Дэнсээгийн бэлдсэн ангийн урхинд орж, хөлдөө шарх авсан мөнөөх эрлийн хүнийг Занхаан гэх ба шархтай хөлөө чирсээр ойд явж байтал Дэнсээ таарч юун хүн болохыг лавлавал “Адуугаа алдчихаад хайж явтал азаар тантай таарлаа. Урхинд орж шархдаад уруудан доройтож явна” хэмээгээд гэр рүү нь хамт явж буйгаар кино эхэлнэ. Дэнсээгийн том охин Хунсар нь удган. Уул ус, ургамал амьтан, байгаль эхтэй харьцдаг билэг авьяастай нэгэн. Ээж нь Занхааныг дагуулан ирсэн цагаас л түүнд дургүйлхэж, үтэр түргэн гэрээсээ явуулахыг хүснэ. Огтоос танихгүй хүнд өширхөн дургүйлхэх болсон нь түүний зөн совингоос үүдэлтэй.
Эгч нь дүүгээ эрийн түшиг, гэрийн эзэгтэй болох цаг нь ирсэн хэмээгээд эмч мэргэжлээр суралцдаг хотын залуутай учруулахаар хоёр жил орчим захиагаар харилцаж байтал мөнөөх залуу ч сумын эмнэлэгт дадлагажихаар ирнэ. Ирээдүйн эмчийг Наранхүү гэх бөгөөд ирсэн даруйд нь эгч Хунсар нь очиж дүүтэйгээ уулзуулахаар болзоо товлоно. Хоёр жил захиа бичсэн хүн нь ирснийг дуулаад Хунзаяа дотроо баярлавч гаднаа ичингүйрч догдолсон зүрхээ сонсохыг хичээнэ. Энэ хооронд эрлийн хүний шарх эдгэх нь удааширч тэдэнтэй хэсэг хугацаанд амьдарна. Занхаан, бага охин Хунзаяаг нь хумхай ховдог нүдээр ширтэж, өнгө гоо охиныг өөрийн болгохыг хүснэ. Гэвч Хунзаяа хувь тохиолд итгэж хайртай хүнээ Наранхүү хэмээн сонгожээ.
Үүнээс хойш үйл явдал хөвөрсөөр Занхааны хөл эдгэж гэртээ буцна. Удалгүй, хос морь унаж хөх торгон дээлээр гангарсан Занхаан эргэн ирж ээж охин гуравт баярлаж талархсанаа илэрхийлэхийн сацуу бага охин Хунзаяаг нь гуйна. Ээж нь эрс шийдэмгий татгалзах бөгөөд уур бухимдалдаа бачуурсан Занхаан аавынхаа хамт гэрийн зүг буцна. Энэ хооронд эмч залуу Хунзаяа хоёр бие биедээ ижилсэн дасч хурим найраа ч товлоно.
Нэгэн өдөр Дэнсээг ойд явж байхад нь Занхаан таарч олон жилийн өмнөх явдлыг дурсан ярина. Охидын аав амьд ахуй үед Занхааны эцэг дүүтэйгээ хамт ан хийж яваад тэднийд зочилжээ. Ангийн мах идэж, архи уун хөлчүүрхсэн эр Хунзаяа охиныг хүчирхийлэхээр завдахад Дэнсээ охиноо аврахын төлөө балмад эрийн аминд хүрнэ. Олон жилийн өмнөх энэ явдлын цор ганц гэрч нь Занхаан. Тэрээр эл явдлыг эргэн сануулж, ээжээс нь охиныг хүчлэн гуйна.
Энэ бол зохиолын гол зангилаа. Олиггүй муу Занхаанд охиноо өгөхгүй гэсэн Дэнсээ Хунзаяад хандан хурдхан явахыг шаардана. Эмч залуутайгаа гэрлэж эргэж битгий ир хэмээнэ. Ээжийнхээ хэлснээр эмч залуугийнд очтол дурлалт залуу Наранхүүгээ эхнэртэй хэмээн буруу ойлгож эргэн гэр рүүгээ ирж явтал замд нь Занхаан таарна. Дэнсээд ярьсан зүйлээ Хунзаяад ярьж “Ээж чинь алуурчин. Энэ тухай би л мэднэ. Хайртай ээжийгээ шоронгийн хаалга татуулах гээгүй бол надтай гэрлэ” хэмээн хүчилнэ. Энэ үгэнд итгэж чадаагүй Хунзаяа хурдхан гэртээ ирж ээжээсээ асууж үнэн болохыг нь мэдээд өөрийн эрхгүй Занхаанд хүлцэнгүй хандана. Гэр бүлд нь гэтэлж барамгүй саад тотгор тулгарсан учир эгч Хунсар нь ээжтэйгээ ойн гүнд байх онгон, шүтээндээ мөргөн залбирч аварч өршөөхийг хүснэ. Энэ хооронд Занхаан гэрийг нь эзгүйчилж ганцаараа байсан Хунзаяаг хүчирхийлж орхино. Улмаар Наранхүү охиныг нь гуйхаар ирэх өдөр Хунзаяа өөр хүний гэргий болсон хэмээн түүнийг буцаана. Хэсэг хугацаа өнгөрч хүүхэдтэй болсон Хунзаяа хувь заяатайгаа эвлэрч эрийн боол гэрийн зарц болон хувирна. Нэгэн өдөр ээж Дэнсээ нь голд усанд орж байхад нь ойгоос гарч ирсэн Занхаан мөн л шунаг сэдлээр ээжийг нь эзэмдэхийг оролдоход Дэнсээ буугаа авч Занхааныг заналхийлсэн ч хүчрэлгүй хоёул газар унан ноцолдож байтал аглаг ойн аниргүйг эвдэн буун дуу тас хийж бүсгүй амь үрэгдэнэ. Хунсар, ээжид нь муу юм тохиолдсоныг зөнгөөрөө мэдэрч дүүгээ дагуулан гүйсээр иртэл өвдөглөн уйлж суусан Занхаан ээж чинь амиа хорлочихлоо гэж эгч дүүст итгүүлнэ. Ээжийнхээ өшөөг авах гэсэн эгч нь Занхаанд зориулан ойд урхи бэлдэж усанд орохоор гол руу орно. Урьдын явдал давтагдаж, охиныг нь эзэмдэхээр араас нь гэтсэн Занхаан урхинд орж шархдаж улмаар эмнэлэгт хүргэгдэнэ. Эмч нар амийг нь аварсны дараа Хунзаяа сахиур хийж байтал Наранхүү дуудан уулзах ба Хунзаяа төрөөгүй хүүхдээ Наранхүүгийнх хэмээн хэлэхэд хажуу өрөөнд байсан Хэрлэн хэмээх эмч бүсгүй сонсч улмаар Занхаанд энэ тухай дуулгана. Эмнэлгээс гарсан хойноо Занхаан эгч дүүсийг байшинтай нь шатаахаар оролдсон ч бүтэлгүйтнэ.
Нэгэн өдөр Занхаан архины халуунд Хунзаяагийн хүүхдийг зулбуулах дөхөх бөгөөд ухаан орж учрыг нь олсон хойноо эгч Хунсар нь хараал хийж ийм үйлдэл хийлгэлээ хэмээн өндөр уулын оройд мөргөл хийж суусан эгч дээр нь очиж амийг нь хороохыг завдана. Үүнийг мэдсэн эмнэлгийн жолооч Монхоон араас нь очиж Занхаантай гар зөрүүлэн Хунсарыг хамгаалахыг хичээсэн ч өөрөө өндөр хаднаас доош унана. Үүнийг хараад хилэгнэсэн Хунсараас Занхаан зайгаа барьж ухарч явсаар хавцлын ирмэгээс унаж үхнэ.
Дээр өгүүлснээр Занхааны аав Хунсар, хэмээн хилэнтэй нь аргагүй хэлж байсан ба тэрхүү үйлийн үр явсаар ганц хүү Занхаанд нь ирсэнийг хэн ч тааж мэдээгүй хэрэг.
Дэнсээгийн дүрийг УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан бүтээсэн бол Хунзаяад загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг, Занхаанд тус киноны найруулагч “Амар” медиа студийн продюссер Р.Адъяа тоглосон. Эмч Наранхүүгийн дүрийг жүжигчин Э.Ууганбаяр амилуулжээ. Эмэгтэй гол дүр болох П.Шүүдэрцэцэгийн хувьд залуу жүжигчин гэхэд жүжиглэлт нь өмнөх кино дүрүүдээс нь харьцангуй сайжирчээ гэж хэлмээр байна. Ихэвчлэн инээдмийн кино, хошин шогийн дүр бүтээдэг Р.Адъяа анх удаа эсрэг дүр бүтээснийг харахад танил болсон дүр төрхтэй нь нэг л зохицохгүй байгаа мэт мэт санагдаж байсан ч үүнийг үл харгалзан дүрээ сайн гаргажээ.
Анирлагч киноны нэг давуу тал бол хэт чамин, хээнцэр ганган зүйл хөөцөлдөлгүй онгон байгальд зургаа авсан нь хэт олон юманд анхаарал сарниулахгүй, энгийн байлаа. Энгийн, эмх цэгцтэй дуу, дүрслэл эрхгүй анхаарал татна. Дүр болоод хувцасны зураач ч ажлаа сайн гүйцэтгэж гэмээр байна.