АНУ-ын Миннесота мужийн сенатор Эми Клобучар, Ал Франкен нар Монголын хууль хяналтын байгууллагад хандан Монголын хилийг давах эрхгүй болоод байгаа өөрийн иргэн Жастин Каплаг эх оронд нь буцаах зөвшөөрөл олгохыг шаарджээ. СаусГоби Сэндс компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жастин Капла Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн авлига, албан тушаалын хэргийг шалгах явцад гэрчээр дуудагдаж, улмаар 2012 оны аравдугаар сараас хойш Монголоос явах эрхгүй болчихоод байгаа юм. Хэдийгээр түүний гэрчээр дуудагдсан хэргийн шүүх хурал болж, хэрэгтнүүд нь ял шийтгэлээ хүлээсэн ч одоо хүртэл Ж.Капла хил давах эрхгүй хэвээр байгаа аж. АНУ-ын Элчин сайдын яамнаас холбогдох хууль хүчний байгууллагад хандан өөрийнх нь иргэнд тавьсан хоригийг цуцлахыг шаардсан ч тэр бүртээ татгалзах хариу авч байжээ. Энэ удаад ч Миннесотагийн сенаторуудад хуулийнхан татгалзсан хариу өгсөн гэнэ. Жастин Капла нь АНУ-ын Миннесота мужид харьяалалтай учраас тус мужаас сенатад сонгогдсон гишүүд шаардлага хүргүүлсэн юм байна.