Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЭТГЭВЭР ДУНДЖААР 10-28 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам өнгөрсөн онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай хавсарсан мэдэгдэл хийсэн. Харин цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний бараа, материалын үнэ өсдөг учраас чухам хэзээнээс, хэдэн төгрөгөөр нэмэх талаар мэдээлэл гараагүй юм. Дийлэнх иргэд сар шинийн баяраас өмнө тэтгэвэр нэмэх байх хэмээн таамаглаж байсан ч энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэврийн хэмжээг нэмсэн. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180 мянга 300 байсан нь 207 мянга 300 төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 145 мянга 200 байсан нь 172 мянган төгрөг болжээ.
Дээрх нэмэгдэл нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор нийгмийн даатгалаас тэтгэвэр авдаг 300 гаруй мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлсэнтэй холбогдон өссөн үзүүлэлт юм.
Өөрөөр хэлбэл, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан бол дээрх хугацааг ажилласнаар нөхөн тооцох болсон. Мөн 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах хуулиар зохицуулагдсан байна. Харин хуулийн хүрээнд нийт 500 мянга гаруй ахмад настан хамрагдаж чаджээ. Тэдгээрийн дотор 64 мянган иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг байна. Энэ нь 2001 оноос хойш тэтгэвэрт гарсан, 1990-2000 оны хооронд ажиллах боломжтой байсан тэтгэвэр авагчид гэсэн үг аж.
Харин тэтгэвэрт гарсан хүмүүс 12 сараас доошгүй хугацаанд ажилласан тохиолдолд тэтгэврээ нэмэгдүүлэх талаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн заалттай. Үүний дагуу ХАХНХ-ын сайдын баталсан журмын дагуу ажилласан жил нь нэмэгдсэн, нөхөн даатгуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлсэн байна. Нэмэгдсэн тэтгэврийг олгохын тулд нэгдүгээр сарын 27-30-нд Нийгмийн даатгалын газар тэтгэвэр нэмэгдүүлэх бэлтгэл ажлаа хангаж, есөн дүүрэг, 21 аймаг, 321 сумын нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нараар дамжуулан нэмэгдлийг олгож эхэлсэн байна.
Түүнчлэн инфляцын төвшинтэй уялдуулан тэтгэврийн нэмэгдлийн хувь, хэмжээг гаргасан байна. Үүнд, ажилласан жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуулийн хэрэгжилтийн дагуу Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 64 мянга 375 хүн буюу нийт тэтгэвэр авагчдын 20 хувь хамрагджээ. Дундаж тэтгэвэр 187 мянга 753 төгрөг байсан бол 28 мянга 915 төгрөгөөр нэмэгдэж 216 мянга 668 төгрөг болсон нь 15.4 хувиар өссөн гэх үзүүлэлт зааж байна.
Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч 12 мянга 277 иргэний дундаж тэтгэвэр 103 мянга 600 төгрөг байсан бол 68 мянга 600 төгрөгөөр нэмэгдүүлж, 172 мянга 200 төгрөгт хүргэснээр 66.2 хувиар өсгөж чадлаа.

Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан