Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын журамд нэмэлт өөрчлөлт орж шинэчлэн батлагдаж байгаа билээ. Жил ирэх тутам өсөн нэмэгдэж буй их, дээд сургуулийн сургалтын чанар элсэгчдийн сурлагын амжилтыг сайжруулах мөн үндэсний хэл, бичгийн соёлыг түгээн дэлгэрүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд багагүй өөрчлөлт хийжээ. Үүнээс онцолбол энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаас эхлэн их, дээд сургууль, коллежид элсэх хүсэлтэй бүхий л ерөнхий боловсролын сургууль төгсөгчид монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт өгч байх боллоо. Өөрөөр хэлбэл инженер, техникийн мэргэжил эзэмших байсан ч зайлшгүй монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт өгөх үүрэгтэй болж байгаа юм. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцаж цөөн асуултад хариу авлаа.
-Энэ жилийн хувьд ЭЕШ өнгөрсөн жилүүдээс эрт эхэлнэ гэсэн. Мөн шалгалт хоорондын хугацаанд өөрчлөлт орсон гэж дууллаа?
-Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна.
Энэ ажлын хүрээнд өчигдөр өглөөний 09:00 цагаас онлайнаар бүртгэж эхэлсэн. Бүртгэл дөрөвдүгээр сарын 21-ний 18:00 цаг хүртэл нийт 76 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд хоногийн 24 цагийн турш дэлхийн өнцөг булан бүрээс онлайн бүртгэлд хамрагдах боломжтой. Харин шалгалт зургадугаар сарын 24-өөс эхэлнэ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог гэвэл 2013 онд Засгийн газрын 37 дугаар тогтоол гарсантай холбогдуулж их, дээд сургууль, коллежид элсэгчид бүх нийтээр монгол хэл, бичгийн шалгалтыг өгнө хэмээн заасан. Үүний дагуу төгсөгч бүр уг шалгалтыг өгнө. Монгол хэл, бичгийн шалгалт нь зургадугаар сарын 14-ний өдөр орон даяар зохион байгуулагдсаны дараа нэг хоноод 16-ны өдрөөс бусад шалгалт эхэлнэ. 16, 17-нд нийт долоон хичээлийн шалгалт аваад 18-нд мөн өнжөөд 19-ний өдөр сүүлийн гурван шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад шалгалт хоорондын хугацаа уртассан. Энэ нь шалгуулагч, элсэгч нарт ачаалал бага үүсгэх давуу талтай.
-Монгол хэл, бичгийн шалгалтанд тэнцээгүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй гэж ойлгож болох уу?
-Үгүй, уг шалгалтын дүн, оноо элсэлтийн ерөнхий шалгалтад ямар нэг байдлаар нөлөөлөхгүй. Хамгийн гол нь монгол хэлний шалгалт өгч байж элсэлтийн ерөнхий шалгалтандаа хамрагдах эрх авч байгаа юм.
-Хангалтгүй оноо буюу муу авсан тохиолдолд ч гэсэн үү?
-Тийм ээ, муу авсан ч бусад шалгалтандаа орох эрхтэй. Энэ шалгалтыг авч байгаа зорилго гэвэл бүх нийтийн монгол хэлний хэрэглээний түвшинг тогтоох, чанарын үнэлгээ хийх, үүнээс шалтгаалж ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын программд өөрчлөлт оруулах, сайжруулах мөн бодлого чиглэлийг тодорхойлох зорилготой юм.
-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцахаар элсч буй шалгуулагч мөн адил монгол хэл, бичгийн шалгалт заавал өгөх үү?
-Оюутан элсүүлэх журамд зааснаар “Их, дээд сургууль коллежид элсэгч нь зайлшгүй элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна” гэж тусгасан байгаа.
-Монгол хэл дүрмийн тал дээр нэлээн асуудалтай байгаа шүү дээ. Хэний ямар толь бичиг, сурах бичгийг ашиглаж, ямар дүрмээ барих вэ гээд. Энэ талын асуудлаа цэгцлэлгүй шинэ журам гаргаж дагаж мөрдүүлэх гэж байгаа нь арай түргэдсэн мэт санагдах юм?
-Монгол хэл бол үндэсний эх хэл. Тийм ч учраас цаашид хэрэглээ, үнэлэмжийг нь сайжруулах бодлогыг хэрэгжүүлж байна гэж ойлгож болно. Үүний дагуу монгол хэлний хэрэглээний агуулгын түвшинг тодорхойлох, жишиг даалгаврыг гаргаж шалгуулагчдад хүргэх мөн сурагчдаас наана нь туршилт шалгалт авах зэрэг ажлыг зохион байгуулах ажлын хэсэг гарч ажиллаж байна.
-Энэ жил 11 жилээр төгсөх байх аа?
-Тийм ээ, нийт 44 мянга гаруй сурагч төгсөнө гэсэн тоо гарсан. Өнгөрсөн онд 42 мянга байсан бол энэ жил хоёр мянгаар илүү байна. Харин ирэх жилээс 12 жилээр төгсч эхэлнэ.
-12 жилээр төгсгөхтэй холбоотой элсэлтийн ерөнхий шалгалтад дахин өөрчлөлт гарна гэж байсан, энэ тухай тодруулбал?
-Тийм ээ, ирэх жилээс багагүй өөрчлөлт гарна. Жишээ нь, монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоож тэрхүү онооноос дээш үнэлгээ авч байж элсэлтийн ерөнхий шалгалтанд орох эрхээ олж авна гэхчлэн тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.
-Эцэг эхчүүдийн зүгээс энэ өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж магадгүй юм?
-Магадгүй ээ, үүнийг үгүйсгэхгүй. Эцэг эхчүүд ч гэлтгүй сурагчдын зүгээс тодорхой хэмжээнд шүүмжлэлтэй хандаж болно. Гэхдээ энэ бол Засгийн газрын тогтоол, шийдвэр. Цаашлаад ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн сургалтын чанар сайжирна, энэ талын мэргэшсэн боловсон хүчин нэмэгдэнэ, ахиж дэвшинэ. Мөн үндэсний хэл соёл, өв уламжлалаа дээдлэх, их, дээд сургуульд элсэн орж буй оюутнууд, нийт элсэгчдэд тогтсон нэг шалгуур тавигдана гэхчлэн маш олон эерэг үр дагавартай.
-Эрэлт ихтэй мэргэжлүүдийг жил бүр тодорхойлдог. Тиймээс хамгийн ихээр сонгож өгдөг шалгалтууд тоон үзүүлэлтээр ч гардаг байх?
-Ерөнхийдөө, өмнөх жилүүдийн баримтаас харж байхад элсэгч арван хичээлээс элсэлт өгөхөөр сонгодгоос дунджаар 4-5 хичээлийг нийт шалгуулагчийн 70 гаруй хувь нь сонгох жишээтэй. Математик, физик, англи хэл, нийгэм гэх хичээлүүдийг голдуу сонгож шалгалт өгч байгаа харагддаг.
-Шинэ журамтай холбогдуулж асуухад өнгөрсөн онд монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт өгсөн элсэгчдийн тоо болон дүнгийн дундаж ямар байсан бол. Үүнээс үндэслэн дээрх хичээлээр шалгалт өгөх идэвх ямар байгааг харж болох болов уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалт нь шалгуулагчийн стандартын хэрэгжилтийн түвшинг тогтоох бус тухайн шалгуулагчийн цаашид суралцах чадамж, чиг хандлагыг тогтоож шалгуулагчдыг эрэмбэлж, жагсаах зорилго бүхий шалгалт учраас элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноогоор монгол хэлний хичээл ч юм уу бусад хичээлийн дүнгийн дундаж, элсэгчдийн тухайн хичээлийг сонгосон байдал зэргийг тогтоох боломжгүй.
-Өнгөрсөн жил нийт шалгуулагчдын хэчнээн хувь нь их, дээд сургууль коллежид элссэн байдаг юм бол. Ер нь, жил ирэх бүр өсч байгаа байх?
-Өсөхийн хувьд өсч байгаа. Гэхдээ энэ тухай нарийвчилсан тооцоо судалгаа хараахан байхгүй. Ажиглаад байхад тухайн жилд нийт шалгуулагчдын 90 орчим хувь нь их, дээд сургуульд элссэн байдаг.