Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Батдорж: Улаанбаатар банкны үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоно


Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дэд дарга Т.Батдоржоос Улаанбаатар хотын банкны хувьчлалын талаар тодрууллаа.

-Улаанбаатар хотын банк нь 2014 онд хувьчлах аж ахуй нэгжийн жагсаалтад багтсан. Нийслэлийн өмчит хэмээн яригддаг тус банкны яг хэдэн хувийг өнөөдөр “Улаанбаатар сан” эзэмшдэг вэ?
-Улаанбаатар хотын банкны 20 хувийг Улаанбаатар хот эзэмшдэг. Энэ банк 1998 онд байгуулагдсан юм. Тухайн үед төр, хувийн хэвшил 50, 50 хувийг нь эзэмшдэг байсан.Үүнээс хойш Монголбанкнаас  2003, 2006 онд банкны дүрмийн санг тав, найман тэрбум төгрөг болгох шийдвэр гарсан байдаг. Гэвч Улаанбаатар хотоос дүрмийн санг нь өсгөх хөрөнгө оруулалт хийж чадаагүй.  Энэ шалтгааны улмаас тус банкны Улаанбаатар хотын эзэмших хувь буурсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны сүүлчийн хуралдаанаар хувьчлах зүйлийн жагсаалтад Улаанбаатар хотын банк орсон. Товчхондоо Улаанбаатар хот  тус банкны өөрийн эзэмшил хувиа худалдах шийдвэр гаргаад байгаа юм.

-Тэгэхээр одоо энэ банкны өөрийн хөрөнгийн хэмжээ ямар төвшинд байна вэ?
-Өнөөдөр, Монголбанкнаас арилжааны банкуудад үйл ажиллагаа явуулахад тавигдах үндсэн шалгуурыг бүрэн хангаж байгаа.  Өөрөөр хэлбэл төв банкнаас тавьсан өөрийн хөрөнгийн хэмжээний шаардлагыг хангасан манай улсын томоохон арилжааны банкны нэг бол Улаанбаатар.

-Улаанбаатар хотын банкыг анх байгуулагдсан цагаас хойш нийслэл хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм бэ?
-Энэ банкыг анх байгуу­лаг­дахад 500 сая төгрөг нийс­лэлийн “Улаанбаатар сан”-гаас гаргасан. Дараа нь бас 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Ингээд Улаанбаатар хотын банкны дүрмийн санд нь нэг тэрбум төгрөг оруулсан юм. Манай улсын эдийн засаг өсч, хүрээгээ тэлж байгаа энэ үед арилжааны банкуудын үйл ажиллагаа улам л өргөжих учиртай. Иймд Улаанбаатар хотын банкны үйл ажиллагаа өргөжих, санхүүгийн чадавхи,  дүрмийн сангаа нэмэгдүүлэхэд Улаанбаатар хотоос хөрөнгө оруулалт хийх боломжгүй болсон тул хувьчлахаас өөр арга алга. Нийслэлийн төсвөөс үүнд хөрөнгө оруулалт хийж болохгүй. Тэгэхээр үнэ цэнэтэй байгаа дээр нь хувьчлах болсон. Улаанбаатар хот өөрийн эзэмшил хувьд  ногдох хөрөнгө оруулалтаа  хийж чадахгүй бол эзэмшил хувь нь буурах учраас хувьчлах шаардлагатай байгаа юм. Энэ хувьчлалаас олсон мөнгөө нэн шаардлагатай байгаа бусад хөрөнгө оруулалтад зарцуулна. Тухайлбал, нийг­мийн шинж чанартай, нийс­лэлийн хөгжилд хувь нэмэр болох зүйлд энэ хувьчлалын орлогыг зарцуулахаар тө­лөв­лөсөн юм.

-Хорин хувьд хэдэн ширхэг хувьцаа ногдож байгаа бол. Нэгж хувьцаа нь ямар үнээр борлуулагдах вэ?
-Энэхүү эзэмшил ху­вийн­хаа бизнесийн үйл ажил­лагааны үнэлгээг нийслэл хөндлөнгийн байгууллагаар хийлгэнэ. Гэхдээ бусад өмч хөрөнгө буюу барилга байгууламж, компани хувьчилхаас зарчмын хувьд ялгаа бий. Өөрөөр хэлбэл бизнесийн үнэлгээгээр нь үнийг нь тодорхойлно. Өнөөдөр Улаанбаатар хотын банкны нийслэлийн 20 хувийн  эзэмшил нь  төдөн төгрөг гэж шууд хэлэх боломжгүй. Яагаад гэвэл мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж байж тодорхой болно. Тэгээд энэ үнийг Улаанбаатар хотын банкны 80 хувийг нь эзэмшиж байгаа талд санал болгоно.

-Тэгэхээр тус банкны эзэмшил хувиа ямар үнээр дуудаж хувьчлах үнэлгээний ажил эхэлсэн үү. Учир нь 50 тэрбумын хөрөнгөтэй банкны эзэмшлээ нийслэл 3 тэрбумаар үнэллээ гэх яриа гарсан байгаа?
-Одоогоор эхлээгүй байна. Нийслэлийн өмч хувьчлалын комисс хуралдаж энэ онд хувьчлах барилга, байгууламж, аж ахуйн нэгжийн дараалал, үнэлгээг нь яаж хэрхэн хийх эсэхийг шийдэх юм.

0 Сэтгэгдэл
зөв дөө батдорж дарга ч их зөв бодлого бариж байна даа
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан