Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахуун импортлогчид 192 тэрбум төгрөгийн зээл авчээ

Шатахууны үнэ тогтвортой байгаа нь Монголбанкны хэрэгжүүлж буй хөтөлбөртэй холбоотой. Манай улсад шатахуун импортлогч  48 компани байдаг бөгөөд  тэдний 13 нь “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах (SIFS)” дэд хөтөлбөрт хамрагдсан байна. Энэ хөтөлбөрийг 2012 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй билээ. Уг хөтөлбөр энэ жил үргэлжлэн хэрэгжиж байгаа юм.  Манай улс  2012 онд 1.2 сая тонн, өнгөрсөн жил мөн адил хэмжээний шатахуун импортолжээ.  Ингээд  нийт шатахууны 76 хувийг ОХУ-аас, таван хувийг БНХАУ-аас, найман хувийг БНСУ-аас, есөн хувийг Белорусаас  тус тус авсан байна.
Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны худалдаа эрхлэгч компаниудад  арилжааны банкаар дамжуулан 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүнээс “Жаст Ойл” ХХК-д олгосон 18.7 тэрбум төгрөг эргүүлэн татаж авчээ. Мөн компаниуд арилжааны банктай валютын ханшийн огцом өсөлтийн эрсдлийг бууруулах форвард хэлцэл хийсэн билээ. Тухайлбал,   нийт 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийсэн байна.
Үүнээс гадна улсын шатахууны нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн юм. Иймд улсын шатахууны нөөц хоёр жилийн өмнөхөөс 2.5 дахин өсчээ. Дэд хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын шатахууны нөөцийн хэмжээ 2012 оны аравдугаар  сартай харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн. Жишээлбэл,  энэ оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд шатахууны 39 хоногийн нөөцтэй байв. Үүнээс А-80 автомензин 51, АИ-92 бензин 42, дизелийн түлш 47, ТС-1 16 хоногийн нөөцтэй болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан