Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их дээд сургуулийн зэрэглэлийг ил болгоё


Монгол Улс гурван сая хүрэхгүй хүн амтай хэрнээ гучин сая хол давсан оюутанд боловсрол олгох хэм­жээний сургалтын баазтай. Бараг л нэг дээд сургууль ганцхан оюутантай тулж харилцах хэмжээний өндөр үзүүлэлтээрээ олон жил дэлхийд ноёлж байна. Улмаар цэвэрлэгч нь хүртэл англи хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй, бакалаврын дипломтой байх жишиг тогтчихсон. Аягүй бол Харвард төгсөөд ирсэн хүн аяга угааж л таарах байх...

Манай улсын боловс­ролын системийг тоогоор нь хэмжвэл дээрх шиг үзүүлэлт жишиг болзол хангана. Харин чанарын хувьд хаана явааг мань мэт битгий хэл мэргэжилтнүүд хэлж мэдэхгүй ч дэлхийд сүүл мушгина гэдгийг хүн бүр гадарладаг. Энэ нь “Диплом өвөртөлж л байвал амьдралд хөл залгуулах арга нь олдоно” гэх үнэ, цэнэгүйдсэн боловсролын тухай ойлголт олон жил үйлчилсэнтэй холбоотой. Үүний суурь шалтгааныг тоочиж барахгүй ч нийт оюутны 80 гаруй хувь нь бизнесийн удирдлага, хуульзүй, хүмүүнлэгийн ухаан, нийгэм, эдийн засаг, багш, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг салбарт суралцаж байгаагаас үндсэн дүгнэлт хийгдсэн байдаг. Тухайлбал, дээрх мэргэжлүүд нь хямд ажиллах хүч, чанар муутай хэрэглэгдэхүүн зэрэг өртөг багатай сургалтын системд харьяалагддаг. Тиймээс зөв­хөн оюутны сургалтын төл­бөрт түшиглэн үйл ажиллагаа явуулдаг дотоодын их, дээд сургуулиуд нь өртөг багатай сургалтад оюутан хамруулахыг илүүд үздэг буюу боловсролын бус бизнес тал нь давамгайлсан байдаг. Тиймдээ ч өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн тоо 197-д хүрээд байна. Гэтэл 60 орчим сая хүн амтай Их Британи улсад 89, 4.3 сая хүн амтай Сингапур улсад 19 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Манай дотоодын их, дээд сургуулиудын 10 нь төрийн өмчийн, 13 нь хөдөө орон нутгийн, 152 нь хувийн, тав нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын их, дээд сургуулиуд зэргээс бүрддэг. Хувийн дээд сургуулийн 55 хувь нь магадлан итгэмжлэгдсэн бай­даг аж. Түүнчлэн төр бод­логын хэмжээнд төрийн өмчийн сургуулиудын сургалтын төлбөрийг хамгийн доод хэмжээнд барьж, сургалтын чанарыг дээд хэм­жээнд барихыг хүсдэг нь сургалтын программд хямд өртөгтэй сургалт давамгайлах хөшүүрэг болдог аж. Нөгөөтэйгүүр, магадлан итгэмжлэгдэх нь олон улсын шалгуу­раас доогуур байдаг нь оюутан чанартай боловсрол эзэмшихэд хангалттай үнэлгээ болж чаддаггүй аж.

Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нь дипломтой гэхээс илүүтэй мэргэжилтэй боловсон хүчинд чиглэгдэж байна. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн 29.3 хувийг дээд боловсролтой иргэд, ердөө 6.5 хувийг техникийн болон мэргэжлийн боловсрол эзэмшиж буй иргэд эзэлж байсан юм. Энэ нь 25-34 насныхны хөдөлмөр эрхлэлт хамгийн сул байгаа гэсэн үг юм. Мөн их, дээд сургуулийн сургалтын чанараас үүдэн өндөр төлбөр төлөх бүрэн боломжтой оюутан, залуусыг манай улсын боловсролын байгууллага алдаж байна. Тод­руулбал, 40 орчим мянган оюутан гадаад улсад суралцдаг бөгөөд тэдгээрийн 70 хувь нь БНХАУ, ОХУ, БНСУ, Япон болон АНУ-д суралцдаг. Харин нэг оюутны жилийн дундаж сургалтын төлбөр ямар улсад суралцахаас шууд хамаарч жилд дунджаар 1.1-21.7 мянган ам.доллар зарцуулдаг. Энэ нь манай улсын сургалтын төлбөрөөс хэд дахин давсан үзүүлэлт бөгөөд нөгөө талаараа сургалтын систем хооронд асар их зөрүүтэйг илтгэнэ. Тий­мээс үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн сургалтын чанарыг нэгтгэн харьцуулж, олон улсын жиш­гээр жил бүр жагсаавал сайн, муу нь ялгарах чухал ач холбогдолтой. Адаглаад, хө­дөлмөрийн зах зээлд чад­варгүй боловсон хүчин бэлт­гэхэд түлхэц үзүүлдэг хувийн хэвшлийн сургуулиуд цөөн тооны элсэлт авч, зах зээлээс жамаараа шахагдана хэмээн мэргэжилтнүүд үздэг аж.

0 Сэтгэгдэл
zob
Монгол улсын их дээд сургуулийн тоог мэдэхгvй маанаг амьтан vvнийг сараачсан байна. Тэнэг байж болно л доо. Гэхдээ энгийн тоо уншдаг болол доо, cараачигч гуай минь
Хамгийн их уншсан