Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Баярцэнгэл: “Дампуурлын тухай” хууль нь үйлчилдэггүй орнуудын нэг нь манайх


МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын тэргүүлэх мэргэжилтэн Д.Баярцэнгэлтэй үндэсний үйлдвэрлэлийн тухай ярилцлаа.

-Нэг үеэ бодвол Монгол Улсад үндэсний үйлдвэрлэл сэргэж байгаа ч, санасан хэмжээнд хурдтай хөгжиж чадахгүй байна гэж эдийн засагчид ярьдаг. Өнөөх сүртэйхэн нээлтээ хийсэн аж үйлдвэрийг сэргээх, хөгжүүлэх бодлогын үр дүн гараагүй гэсэн үг үү?
-1990 оноос өмнө Монгол Улсын аж үйлдвэр үндэсний нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлэхийн зэрэгцээ ажлын байр бий болгогч томоохон салбарын нэг байсан. Хуучин ЗХУ-ын аж үйлдвэрийн салбарын загварыг үндэслэсэн манай аж үйлдвэрийн салбар 100 хувь төрийн өмчид байсан төдийгүй ЭЗТХАЗ-ын орнуудын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ борлуулдаг байсныг та бүхэн санаж байгаа байх. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих үйл явцад аж үйлдвэрийн салбарын хувь хэмжээ 1990 онд ДНБ-ий 36 хувьтай тэнцэж байсан бол 2000 он гэхэд 20 хувь хүртэл буурсан. Үнэндээ, ашигт малтмалын үйлдвэрлэлээс (зэс болон алт олборлолтоос) бусад ихэнх боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ ихээхэн буурсан л даа. Тиймээс 1998 онд Засгийн газрын тогтоолоор “Аж үйлдвэрийг сэргээх, хөгжүүлэх бодлого”, “Монгол Улсыг үйлдвэржүүлэх 2009-2016 хөтөлбөр” гэдгийг ч 2009 оны есдүгээр сард баталсан. Гэвч хэрэгжсэн зүйл алга гэж хэлэхэд болохоор байна.

-Яагаад үр дүн гараагүй юм бол. Энэ юутай холбоотой вэ?
-Манайд нэг буруу зуршил бий л дээ.  Шинээр Засгийн газар байгуулмагцаа өмнөх Засгийн газрын хийх гэж байсан зүйл, бүтээн байгуулалтыг хаяж, бүх зүйлийг цоо шинээр эхлүүлдэгтэй холбоотой болов уу даа. Өнөөгийн Засгийн газар үйлдвэржилтийн талаар их ярьж байна. Олборлох үйлдвэрээ боловсруулах болгоно, аж үйлдвэрийн парк байгуулна гээд л. Гэхдээ хоёр, гуравхан том боловсруулах үйлдвэр бариад, нэг хоёр аж үйлдвэрийн парк байгуулчихаар аж үйлдвэржсэн орон болно гэвэл худлаа. Аж үйлдвэр дэд бүтэц, хөрөнгө оруулалт, маш том  бүтээн байгуулалтыг шаарддаг салбар. Ийм учраас боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн парк байгуулахаасаа гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг түлхүү дэмжих ёстой юм. Мөн боловсон хүчнийг нь ч...

-Гэхдээ өнөөгийн аж үйлдвэрийн хөгжил хөдөө аж ахуй, олборлох үйлдвэрт суурилсан. Эдийн засгийн хоцрогдсон гэх ийм бүтцэд суурилснаас манайд үйлдвэрлэл эрчтэй хөгжиж чаддаггүй юм биш үү?
-Ямар нэгэн ангилалд багтдагаас үйлдвэрлэл эрчимтэй хөгжихгүй байна гэвэл худлаа. Монгол Улсын аж үйлдвэрийн салбар сэргэн босголтын адармаатай үе шатандаа яваа. Хэдийгээр хувийн хэвшлийн салбарын нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээ 85 хувь хүртэл өссөн ч бэрхшээлүүд байсаар...Хувийн хэвшлийнхний хөгжлийн орчинг сайжруулах зорилгоор багц хууль баталсан ч хуулийн тунхаглал болон хэрэгжилт нь ихээхэн зөрүүтэй. Тухайлбал, өнөөдөр зээлийн хүү өндөр, олгох хугацаа нь богино байгаагаас томоохон зээлдэгчдийн хөрөнгө оруулалт хийхийг нь хязгаарладаг төдийгүй зээл авах этгээдийн хүрээг ихээхэн хумиж байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихөд саад болж байна. Хэдийгээр шилжилтийн өмнөх үетэй харьцуулахад өнөөгийн аж үйлдвэрийн салбарын чиглэл цөөн бөгөөд технологийн хөгжлийн хувьд хоцрогдсон ч эдийн засгийн хөгжлийг урагшлуулахын тулд Засгийн газар болон хувийн хэвшлийн салбар хамтран ажиллах ёстой юм.

-Ер нь, манай улс хэр үйлдвэрлэгч орон юм бэ. Бид ярьдаг шигээ үйлдлээрээ харуулж чаддаг уу. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөдрийн байдлаар аж үйлдвэрийн талаарх нэгдсэн судалгаа алга. Одоо болтол бид үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж чадахгүй байгаа шүү дээ. Тэр байтугай үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих нэгдсэн бодлого ч алга. Засгийн газар болгон дэмжинэ гэж бодлого боловсруулдаг ч, түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Яг үнэндээ, үйлдвэржилт ямар ч бодлогогүй, замбараагүй явж ирлээ. Тэргүүлэх чиглэл гэж алга.  Цаасан дээр бодлого байхаас хэрэгжүүлдэг газар нь алга. Үнэндээ, хувийн хэвшлийнхэн л авч яваа шүү дээ. Сая Засгийн газар үйлдвэржилтийн шинэ эрин үе эхлүүлснээ зарлаж, импортыг орлох үйлдвэрлэлийг энэ онд нэг их наяд төгрөгөөр дэмжих түүхэн шийдвэр гаргалаа. Тэгэхээр бараг дөнгөж сая хөдөлж эхэлж байна гэх үү дээ.

-Тэгвэл сая л үйлдвэржилтийг хөгжүүлэхэд анхаарч байгаа бол ямар үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна вэ. Нөгөө л хөдөө аж ахуй дурдагдах байх л даа?
-Манай улс хөдөө аж ахуйн орон болохоор аргагүй. Өнөөдөр сүү болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мах, арьс ширний боловсруулах, савхин гутал, савхин бүтээгдэхүүн, үслэг эдлэлийн үйлдвэрлэл, ноолуур тэмээний ноос боловсруулалт, хивс, ноосон хөнжил, эсгий гутал гэх мэт үйлдвэрлэл илүү эрчимтэй хөгжиж байна. Хүнс болон ундааны үйлдвэрлэлийн салбар Монгол Улсын тэргүүлэх үйлдвэрлэлийн салбар болох нь маргаангүй. 2001 онд энэ салбар нийт ҮНӨ-ийн 46 хувийг бий болгож, нийт аж үйлдвэрийн салбарын хөдөлмөр эрхлэлтийн 24 хувийг бүрдүүлж байв. Нэг үгээр хэлбэл, импортоос бага хамааралтай, өрсөлдөөн ихтэй салбар. Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон салбар арьс шир, савхин эдлэл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Энэ салбарт томоохон бүтцийн өөрчлөлт явснаар ихэнх арьс шир анхан шатны боловсруулалт хийгдсэн вэт блю (wet blue) хэлбэрээр Хятадын зах зээл рүү экспортлогдож байгаа. Харин савхин хүрэм, ширэн гутал болон арьс ширэн бусад бүтээгдэхүүний талаарх дотоодын эрэлт хэрэгцээг Солонгос, Турк улсаас импортолсон бүтээгдэхүүнээр хангах болсон юм.

-Бид зах зээлээ хэр мэдэрч, үйлдвэрлэлээ эрхэлж байгаа бол. Нэг үе жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл талх, нарийн боовны мэргэжилтнүүдэд очдог байсан шүү дээ. Одоо байдал өөрчлөгдсөн байх?
-Энэ онд жижиг, дунд үйлдвэрт 46,184.1 сая төгрөгийн зээл олгосноос 870 сая төгрөгийг нь чиний саяын хэлдэг газарт олгосон байна. Энэ нь байдал өөрчлөгдсөнийг харуулна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлж цемент, төмөр хийц, шил, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого баримтлах” гэж заасан байгаа учраас 18,920 сая төгрөгийг барилгын материал үйлдвэрлэхэд зориулж олгосон. Тэгэхээр бид зах зээлээ мэдэрдэг болжээ гэсэн үг.

-Гэхдээ шударгаар өрсөлддөг болов уу?
-Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газрынхан мэдэх байх даа.

-Үнэндээ дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг урд хөршийн дууриамал бараа бүтээгдэхүүнээс эзэдж байна л даа?
-Хятад улс хамгийн хямд ажиллах хүчнийг хямд зардалтай, дэлхийн шилдэг технологитой оновчтой хослуулан олон төрлийн өргөн хэрэглээний аж үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртгөөр, асар олон тоогоор үйлдвэрлэдэг. Энэ том хөршийн хажууд орших манай улсын хувьд дотоодын бараа, үйлдвэрлэлээ хамгаалах механизм л ажиллуулах ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж бид ярьдаг ч одоохондоо зах зээлээ хамгаалах сайн механизм бий болоогүй байна. 

-Механизм гэж хууль эрх зүйн орчныг хэлж байгаа байх. Эрх зүйн орчноороо дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг хэр хамгаалж чадаж байна?
-Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсон. Энэ байгууллагад элсэн ороход гаалийн албан татварын хувь хэмжээг тодорхой интервалд барих амлалт өгсөн юм. Өөрөөр хэлбэл, ихэнх бараа бүтээгдэхүүн дээд тал нь 20 хувь байлгах амлалт. Тэрнээс биш “Ийм импортын бараа тэдэн ширхэг байх ёстой. Үүнээс ихийг оруулахгүй” гэж хэлэх эрх байхгүй л дээ. Харин зах зээлд орсноос хойш олон жилийн дараа ШӨХТГ байгуулагдсан. Гэсэн ч зах зээлээс гарах гол зохицуулалт болох “Дампуурлын тухай” хууль нь бараг үйлчилдэггүй улс орон дэлхийд цөөн байдгийн нэг нь манайх байх.  Өрсөлдөөний тухай хуульд учир дутагдалтай зүйлс их бий. Жишээ нь, “Ийм, ийм зүйлийг хийсэн бол зөрчсөн гэж үзнэ”  гээд үр дагаварт нь эрхийг түдгэлзүүлнэ, борлуулалтын тодорхой хувиар торгууль ногдуулна, аль эсвэл компанийг нь хуваана гэх мэт зохицуулалтыг заасан ч, яг хуваадаг дээрээ  тулахаар эрхээ яаж хэрэгжүүлэх механизм нь тодорхой биш болчихдог. Учир нь, заалтууд нь ойлгомжгүйгээс хэрэгждэггүй.

-Хууль эрх зүйн орчин нь бүрхэг бол бид дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг яаж хамгаалбал тэднийг цаашлаад эдийн засгаа аврах вэ?
-Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих, зах зээлээ хамгаалах төрийн бодлого хэрэгтэй. Манай танхимын хувьд үндэснийхээ томхон компаниудыг дэмжих бодлого боловсруулан, удахгүй өргөн барих гэж байна. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр, БНСУ-д долоон том компани байдаг бөгөөд тэднийгээ огт хөнддөггүй байж. 1970-1980-аад онд эдгээр компани онцгой дархан, халдашгүй эрхтэй байж, заримд нь Засгийн газраас тусгайлан хуулиуд гаргаж өгч байсан гэдэг. Японд ч гэсэн ялгаагүй. 1960-1970 оны үед дотоодын бүх компаниа ийм жишгээр дэмжсэн. Бидэнд ойр гэвэл, Хятад улс байна. “Rio Tinto” компанийн арван хувийг эзэмшлээ. Энэ хувийг авахын тулд Засгийн газар нь тэр компанид маш их мөнгө зарцуулж, бүх боломжоор нь хангаж, тэр байтугай хүүгүй зээл хүртэл олгож байна шүү дээ. Ингээд бодохоор үндэсний зах зээлийг хамгаалах заалт хуульд зайлшгүй байх ёстой.  Гэхдээ хэт либерал байж болохгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан