Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаг цагаар нэг хямарна цагаан сараар нэг мөр хямарна

Цагаан сар бол өнө эртнээс өдийг хүртэл уламжлагдан ирсэн өвөг дээдсээс улбаатай үндэсний баяр, үнэлж баршгүй өв соёл билээ. Эрт үеэс монголчууд эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг таалан болгоож таван хошуу малаа адгуулан амьдарч ирсэн нүүдэлчин ард түмэн. “Цагаан сар” хэмээх баяраараа эдийн дээдийг эдлэн идээний дээдийг хүртэж, өнгөний сайныг шилж, өмсч зүүхээ ч шинэчилж, ханш нээгдэх хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд сайхан бүхнийг бэлгэшээн саар муухайг цээрлэж, цаг налгар цагаан идээ элбэг дэлбэг намрын улиралд “Цагаан идээний баяр”-ыг тэмдэглэдэг байжээ. Хожмоо 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг эмхэтгэн нэгтгээд Цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ ундаа элбэг дэлбэг, өвс ногоо дэлгэрч байхад тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгасан гэдэг. Тэр цагаас хойш ханш нээгдэх хаврын эхэн сард цагаан сарын баярыг тэмдэглэсээр өдий хүрчээ. Гэвч...

Бэлэг гэдэг сэтгэлийн илэрхийлэл бэл бэнчингээр хэмжигдэх албагүй

Гээндээ ч тэр үү гоондоо ч тэр үү, өнөөх үндэсний баяр маань өв уламжлал гэхээс илүүтэй өмсч зүүх, өгч авалцахын нэр болсон мэт нэг л “хүнд” санагдах боллоо. Цаг цагаар нэг цадна цагаан сараар нэг цадна гэдэг ч орчин үед, одоо цагт цаг цагаар нэг хямарч цагаан сараар нэг мөр хямардаг боллоо. Ядуу, ядарсан зүдэрсэнээ гайхаад байдаг ч яг цаг нь ирэхээр монголчуудаас баян хүн алга. Баяр бүхнээр баярхан гайхуулах мэт архидан согтуурч ууж идэхийн шуналд ухаан санаагаа өгсөн юм шиг гашуун бор дарсанд гар татах нь ховор. Гэтэл манай улсын эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Өнгөрсөн онд уул уурхайн салбарын гадаад худалдаа зогсонги байдалд орж, дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ унасныг дагаад гадны хөрөнгө оруулалт ч буурсан. Товчхондоо, эдийн засгийн байдал хүндэрч багагүй ганхахад хүрсэн. Энэ нь мөнөөх цаг цагаар нэг хямарсан хэрэг.
Хамгийн сүүлийн судалгаагаар хөдөлмөрийн насны нийт иргэдийн сарын дундаж цалин 578 мянган төгрөг хэмээн тогтоогдсон. Гэтэл нийт хөдөлмөрийн насныхны 30 орчим хувь нь эрхэлсэн ажилгүй.

Цагаан сараар 578 мянган төгрөгөөр юу авч болох вэ. Таван үеэр таваг засах бол 100 орчим мянган төгрөгөөр нь ул боовоо авна. Дөмөгхөн ууц 400 орчим мянгаар үнэлэгдэж байгаа бол үхрийн өвчүү 140-250 мянга. Дунджаар бодвол 300 мянгыг нь мах шүүсэнд зарцуулна. Үлдсэн 178 мянган төгрөг нь үнэтэй мах, өрөм ааруул, чихэр жимсний алинд ч хүртэхгүй. Дээр нь, орсон гарсан олны гарыг цайлгах ганц нэг бэлэг сэлт бэлтгэх болно. Бид ч их цамаан улс даа. “Батынх ямар бэлэг өгөхийг харав уу. Үгүй мөн нүнжигтэй загнаж байна билээ” гээд л өнөөх Батынхаас дутахгүй бэлэг базаах гэж байдаг бүхнээ барж дуусна. Энэ л цагаан сараар нэг мөр хямрахын шалтгаан болоод байгаа хэрэг. Монголчууд бид модоо барьсан гуйлгачин мэт байхгүйн түмэн зовлон тоочдог ч баяр бүхнийг алгасахгүй.

Цагаан сараар хоёр их наяд төгрөгийг зөвхөн бэлэг сэлтэд зарцуулдаг ба энэ их хөрөнгөний 70 орчим хувь нь урд хөршийн Эрээн хотын хөгжил дэвшилд хөрөнгө оруулалт болно. Сар шинэ дөхөхөөр Эрээний зээлийн /зах/ лангуунууд эзгүй хоосон оргиж бараа таваар нь барагдаж дуусдгийг өөрийн нүдээр харж л байлаа. Заавал, өнгөтэй өөдтэй үнэтэй зүйлээр бэлэг барих хэрэгтэй гэж үү. Бэлэг гэдэг сэтгэлийн илэрхийлэл, бэл бэнчингээр хэмжигдэх албагүй. Таван зуун төгрөг өгсөн чиг л гар цайлгаж буй хэрэг. Өгч байгаа нь өнөөх Батынхаас дутуу гэж ичиж зовохгүй, авч байгаа нь ч алга дэлгэн голж шилэхгүй байх нь чухал. Ерөөс бэлэг гэдэг овор хэмжээгээр бус олны жишгээр ч биш өгч буй хүний сэтгэлийн илэрхийлэл авч буй хүний алга хүндрүүлэх бэлгэдлийн шинжтэй зүйл. Миний мэдэхээр дээхэн үед Цагаан сараар орсон айл учран золгосон ерөөлөө бэлгэдэн дуулж хуурдаж дундуурыг дүүргэж дутуугаа нөхөхийн бэлгэдлээр ам торго, ул боов, ууцны махтай бэлэг болгон барьдаг байсансан.

Хоосон алгаа дэлгэлгүй хадаг барьдаг Монгол

Монголчууд сүүг эх хүний эрхэм цагаан сэтгэлээр дээдлэн тэнгэр хангай, байгаль эхдээ сүүн цацлаа өргөдөг ард түмэн. Сүү цагаа гэж нэрлэдгээс үүдэн сүү шиг ариун цагаан амьдралыг бэлэгшээн “Цагаан сар” хэмээн үндэсний баяраа нэрлэсэн гэдэг. Марко Пологийн зохиолд өгүүлснээр, “Монголчууд цагаан сараараа бүгд цагаан дээл хувцсаар гоёж, цагаан зүсмийн морь унаж, ахмад буурайдаа цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй, хоёргүй сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байдаг. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ” хэмээн товч тодорхой сийрүүлсэн байдаг. Энд ихэс дээдэс, эцэг өвгөдтэйгөө золгохдоо мөнгө төгрөг барьдаг гэсэн нэг ч утга санаа үгүй байгаа биз. Хэнд ч алт мөнгөтэй золгодоггүй байсан хэрэг. Харин өнөө цагт хэн хүнгүй л хөгшид буурай нарт мөнгө барьдаг муйхар ёс түгжээ. Хоосон алгаа дэлгэлгүй хадаг барьдаг монголчууд хорин мянгатын дэвсгэрт, хоргой торго, ам.доллар “атгуулж” ахмад буурлуудаа хүндэтгэдэг нь хэтэрхий цамаан, материалист шинжтэй.

Хямралыг хямдрал болгоё

Гадаад улс орнуудад үндэсний хэмжээний томоо­хон баяруудаар өргөн дэл­гэр хямдрал зарладаг. Хоол хүнснээс аваад бү­хий л төрлийн бараа бүтээг­дэхүүнээ багцын үнээр бор­луулж үйлчлүүлэгч худалдан авагчдаа урин дууддаг. Энэ нь нэг талын “зад” хямдрал мэт боловч нөгөөтэйгүүр хамгийн энгийн хэр нь ашигтай арга. Өндөр хувийн хямдралын сургаар үнэтэй барааг тал үнээр нь авах гэж яарсан худалдан авагчид дэлгүүр хоослох нь цөөнгүй. Тухайн худалдааны албан байгууллага худалдан авагч­дынхаа тоог өсгөх, бү­тээг­дэхүүн үйчилгээгээ сур­талч­лах, нөөц, агуулахаа сэлгэж сэл­бэх гээд л, борлуулалт муутай бараагаа баярын далимд худалдаалах гэхчлэн нэг сумаар нэлээд хэдэн туу­лай зэрэг “намнана”. Гэтэл манай­хан баярын сургаар ба­рааны үнээ тэнгэрт тул­тал хөөргөж үнийн хөөрөгд­лөөр хямралыг хавтгайруулж орхидог. Энэ он гарсаар 43 сая толгой мал тоолуулсан ч махны үнэд “дээрэлхүүлж” мацаг барьж байгаа нь ч цөөнгүй. Цаг цагаар хямдар­даггүй юм гэхэд Цагаан сараараа хямдарч яагаад болохгүй гэж. Хямралыг хямд­рал болгох зөв бодлого төлөв­лөлт хийж давхар үндэс­ний үйлдвэрлэлээ ч дэмжих боломжтой. Эцэст нь дахин хэлэхэд бэлэг бол сэтгэлийн илэрхийлэл. Бэл бэнчингээр хэмжигдэх албагүй. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан