“Apple” компани өнгөрсөн оны хамгийн сүүлчийн улиралд 51 сая iPhone, 26 сая iPad, 4.8 сая Мас компьютер худалдаалж бүх цаг үеийнхээ рекордыг тогтоолоо. Гэвч энэ их тоо Уолл Стритийн хөрөнгө оруулагч, шинжээчдийн сэтгэлийг хөдөлгөж дөнгөсөнгүй. Учир нь, тэд Apple-ийг үүнээс ч илүүг борлуулна хэмээн хүлээж байсан юм. Зах зээлийн шинжээчид Apple-ийг 2013 оны дөрөвдүгээр улиралд 55 сая iPhone худалдаалах байх гэсэн төсөөлөл гаргачихаад байсан ч түүнээс нь даруй дөрвөн саяар бодит тоо зөрсөн нь тус компанийн хувьцаа 7,5 хувиар буюу 41,62 ам.доллараар унахад хүргэв. Үүгээр Apple-ийн нэг хувьцаа 508 ам.доллараар арилжаалагдаж байна.
Уг нь, Apple-ийн хоёр гол бүтээгдэхүүн болох iPhone, iPad-ын борлуулалт жилийн өмнөх дүнтэй харьцуулбал 7-14 хувиар өссөн дүнтэй байгаа юм. Гэхдээ тус компанийн хувьцааны ногдол ашигт төдий л өөрчлөлт гараагүй бөгөөд 2012 оны төгсгөлд 13,81 ам.доллар ногдож байсан бол 2013 онд 14,50 ам.доллар болсон байна. Тус компани өнгөрсөн онд 57,6 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаас олсон ашиг нь 13 тэрбум ам.доллар болжээ.