Японд сургуулийн өмнөх болон бага сургуулийн багш нар хамгийн өндөр цалинтай. Учир нь, тэд хичээл заах бус хүүхдүүдийг япон хүн болгон төлөвшүүлэхэд анхаардаг байна. Гэтэл манайд их, дээд сургууль болон ахлах ангийн багш нар өндөр цалинтай хэдий ч энэ талаар анхаарлаа хандуулдаг бил үү.
Үнэндээ, бид хүүхдээ ямар хүн болгох вэ гэхээсээ илүү хэн болгох вэ гэдэгт түрүүлж сэтгэдэг байсан учраас алдаж байж. Хүүхдийг багад нь зөв хүн болгоё гэхээсээ урьдаж, “Хүүгээ бөх л болгоно доо”, “Охиноо эмч болгоё” гэх зэргээр ханддаг нь бидний хамгийн том алдаа. Ээж, аавынх нь энэ үгс “Би бөх л болох юм чинь надад математик, англи хэл, физик хэрэггүй” гэсэн бодлыг хүүхдүүдийн оюун санаандаа суулгачихдаг аж. Гэсэн ч өөрөө шийдвэр гаргах, мэргэжлээ сонгох ахлах ангидаа орохоороо “Би инженер болох ёстой” гэдгээ ойлгосон ч цаг хугацаа нэгэнт өнгөрч, сурах зүйлээ аль хэдийнэ хогийн сав руу шидчихсэн байдаг гэдгийг бодит амьдрал харуулдаг.
Тэгвэл үүнийг шинэчлэхээр “Хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг өнгөрсөн оноос боловсруулж 40 лаборатор сургууль дээр туршилт явуулж, 12 цэцэрлэг дээр ажиллаж эхэлсэн юм. Дор хаяж нэг ангид 40-50 хүүхэд хичээллэж байгаа өнөө үед энэ ажлыг эхлүүлэхэд олон хүн эргэлзэж буйгаа хэлж байв. Дэлхийн боловсролын стандартыг хуулахдаа бус монгол хүүхдэд таарсан үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар ханцуй шамласан нөхөд маань ч хоосонгүй.
Өнөөдөр цэцэрлэг ачаалал ихтэйгээс багш нар хүүхэд бүртэй харилцах боломжгүй, сургалтын орчин ч муу гэсэн хандлагаар хүүхэд саатуулах газар төдий ойлголт гараад буй. Тийм ч учраас салбарын яамнаас нь түшиц цэцэрлэг байгуулах санаачилгыг гаргаснаар үр дүнгээ ч үзжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг нийслэлийн 42, 101, 115, 120 гэсэн цэцэрлэгүүдэд ажиллажээ. Хамгийн эхний өөрчлөлт бол хүүхэд хүлээн авах цагийг нь уян хатан болгосон явдал. 7:30-10:30 цагийн хооронд хүлээн авдаг болсон нь хүүхдүүд нойрмог үедээ аав ээжтэйгээ чаргууцалдан уйлах нь багассан байна. Мөн хүүхэд бүрийн чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн нэгэн ажил нь хүүхдүүдэд ханан дээр зураг зурах эрх “бэлэглэжээ”. Мөн товч товчлох, цахилгаан татах зэрэг дадлыг нь хөгжүүлэх үүднээс багш нар өөрсдийн гараар тоглоом хийж өгсөн нь хүүхдүүдийн тоглох хамгийн дуртай тоглоом болж. Энэ мэтээр жижиг гэлтгүй байдлаар сургалтын орчинг сайжруулсанд хүүхдүүдийн сурах дадал нэмэгдэж, уйлах, үймүүлэх дадал буурсан тул багш нар ч ажилдаа шамдах болсон байна. Энэ мэт байгаа бааз сууриа ашиглан, хүүхэд бүрийн төрөлх авьяасыг хөгжүүлэхэд болохгүй зүйлгүй мэт.
Багш бүр өөрт ногдсон цагтаа сургалтын программд тусгасан зүйлсийг сурагчиддаа заах гэж хичээлийн хөтөлбөр зэрэгтэйгээ зууралдсаар 40 минутаа өнгөрөөдөг. Тэр нь ч аргагүй. Учир нь, цалингаараа амьдарч байгаа багш хэдэн төгрөгөө гүйцэт авах гэж зүтгэнэ үү гэхээс хичээлээ бүх хүүхдэд ойлгуулах гэж хичээх нь үгүй. Гэтэл өнгөрсөн онд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үүднээс сурагчийн сургалтын чанараар багшийн чадварыг үнэлэх тогтолцоог бий болгосон. Ингэхдээ багш өөртөө дүн тавина. Анх бас л эсэргүүцэлтэй тулгарсан ч, бүтэн жилийн хугацаанд үр дүн өгч. Өнөөдөр багш нар хичээлийн хөтөлбөрөө бүрэн заах бус, хүүхэд бүрийг хөгжүүлэхэд анхаарч эхэлжээ.
Би бага ангиасаа л дүрслэх урлагийн хичээлд дургүй байв. Зураг зурах авьяасгүй учраас тэр л дээ. Аз таарч ах маань сургуулийн зургийн аварга байсан тулдаа арай ч нэг муу дүн авчихдаггүй байлаа.
Гэтэл миний тэр үйлдэл багшийгаа ч, өөрийгөө ч хуурдаг байсан үе өнгөрч. Учир нь, үнэхээр хүүхэд зураг зурах дургүй бол энэ хичээлд суух шаардлагагүй. Оронд нь шүрээр гар урлал хийх, оёдол хатгамал сурах, шигтгээгээр дуртай зургаа урлах зэрэг хичээл хийж болно. Хүүхэд алийг нь ч сонгосон ч дүрслэх урлагийн тухай авах ёстой мэдлэгээ авах учраас тэр шүү дээ.
Мөн бага ангийн сурагчдыг зөв хүн болгохын тулд зургадугаар цагийг тэнд зориулах нь хамгийн үр дүнтэй арга аж. Энэ цагт юу заах нь багш хүний мэдрэмж. Лаборатор сургуульд хэрэгжиж эхэлсэн зургадугаар цагийн хичээлээр юу хийдэг нь сургууль бүрт өөр ч, онцлогтой.
Дархан-Уул аймгийн нэгдүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагчдад багш нь зургадугаар цагийн хичээлээр нь “Хотын даргад бичсэн захидал” нэртэй сургамжит өгүүллэг уншиж өгчээ. Харин хүүхдүүддээ Дархан-Уул аймгийн Засаг даргад хандаж захиа бичүүлсэн байна. Үүнийгээ ч эзэнд нь хүргэж. Харин үр дүн нь дараагийн зургадугаар цагийн хичээлийн багш нь Дархан-Уул аймгийн Засаг дарга байв. Хүүхдүүд хотоо цэвэрхэн байлгахын тулд юу хийх болон Засаг дарга юу хийж чадах талаар чөлөөтэй яриа өрнүүлсэн нь маш үр дүнтэй болжээ.
Мөн 33 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн зургадугаар цагийн нэгэн хичээлийн сэдэв нь “Тусч үйл бүтээх” байв. Ангийн охин удаан бодсон ч үгүй ээжээрээ заалгасан нэхмэлээ нэгэн найздаа зааж өгч. Хоёр найз өөрсдийн гараар хийсэн бугуйвч, бээлий зэргээрээ гоёх болсонд хүүхдүүд сонирхож, ангиараа нэхмэл сурсан байна. Төд удалгүй зэргэлдээ ангийн хүүхдүүдэд ч зааж өгч. Нэг охиноос сургуулийн хэмжээнд 210 хүүхэд нэхмэл сурснаар тэд “Улаан чулуут”-ын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдэд олон төрлийн 500 гаруй ширхэг нэхмэл хийж бэлэглэсэн байна.
Энэ бол монгол хүн болж төлөвших хамгийн үнэт чанар юм. Нэгэндээ тусалж, эх орноо хайрлах нь хүмүүний эрхэм чанар билээ.