Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Эрдэнэ-Очир: Нарийн тооцож үзээгүй ч 800 мянган км зам туулсан байх


“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ахмад ажилтан Цоодолын Эрдэнэ-Очиртой эрхэлж байсан ажлынх нь талаар  дурсан ярилцлаа.

-Та эрчим хүчний салбарт хэдэн жил ямар мэргэжлээр ажиллаж байна вэ?
-Би 1973 онд цэргээс халагдаад Улаанбаатарын шугам сүлжээнд ажилд орсон. 43 дах жил жолоочоор ажиллаж байна. Энэ хооронд краны курст сууж давхар мэргэжил эзэмшсэн. Тэгээд кранистаар 16 жил ажиллалаа.
Мөн диспетчерийн албаны жижүүрийн машин, автобус жолоодож байсан. Дээр үед манай байгууллагын салбарууд одоогийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт байсан. Тэгээд бүх дуудлаганд нь явж шугам, сүлжээний засвар үйлчилгээ хийдэг байлаа.  Гэр хорооллын цахилгаан дамжуулах шугам сүлжээг шинэчлэх, эрчим хүчээр найдвартай хангах ажилд олон жил зүтгэлээ.

-Өнөөгийн Улаанбаатар цахилгаан түгээх компанийн үйл ажиллагаа нэлээд өргөн хүрээтэй. Тухайн үед нийслэлийн ойр орчмын цахилгаан дамжуулах шугам сүлжээг барьж байгуулах ажилд оролцож байв уу?
-Төв аймгийн төв, Борнуур, Батсүмбэрийн сангийн аж ахуйд 35, 110-ын шугам татсан. Намайг анх ажилд орж байхад  Улаанбаатарын шугам сүлжээ гэж байснаа өнөөдөр байгууллага болсон. Нэг нь Улаанбаатарын цахилгаан дамжуулах нөгөө нь түгээх сүлжээ гэж хуваагдаад өрх тусгаарласан. Өөрөөр хэлбэл Дамжуулах сүлжээ нь 220, 112 гээд өндөр хүчдэлээ хариуцдаг. Түгээх сүлжээ нь эцсийн хэрэглэгчдэд хүрдэг 10, 35-ын шугамаа мэддэг юм.

-Та Монгол орныг цахилгаанжуулахаар хаана хаана очиж ажиллаж байв?
-Сүүлийн найман жил өндөр хүчдэл дамжуулах ажилд зүтгэж байна. Гэхдээ Улаанбаатартаа  ажилласан. Ер нь гэрээс холдоогүй, гэдэс алдаагүй гэдэг шиг л. /Инээв/.

-Одоо таны ид ажиллаж байх үед  ашиглаж байсан техникүүд ер нь байна уу?
-Одоо ч цаг сайхан болж. Хуучин техникээ дор дор нь шинэчлээд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайн хангах болсон. Хуучны орос техникүүд жагсаалтаас гарч байна. Тухайлбал, 100, 25  тонн ачаа өргөх крантай болж. Түгээхэд хэдхэн “Зил-130” кран ашиглаж байгаа. Одоо Солонгос, Японд үйлдвэрлэсэн өөртөө өргөгчтэй бага, дунд оврын машин ашигладаг. Засвар хийх сэлбэг хэрэгслээ өөрөө ачаад явах тэвштэй юм билээ.

-Таны энгэрт байгаа “Онц тээвэрчин”, “Эрчим хүчний тэргүүний ажилтан” гэдэг медаль  анхаарал татаж байна. Үүний түүхийг яриач?
-Олон жил машин техникээ аюулгүй жолоодсон, хөдөлмөрийн амжилт гаргасан жолооч нарт өгдөг юм. Намайг “Онц тээвэрчин” медалиар 2005 онд шагнасан. “Эрчим хүчний тэргүүний ажилтан” медиалиар  салбартаа 15 жилээс дээш ажилласан бол шагнадаг. Энэ бол манай яамны хамгийн том шагнал. Залуу ид ажиллаж, хөдөлмөрлөж явахдаа 5, 6 жилийн гавшгайч тэмдгээр шагнуулж байсан. Залуу хүн ажилч хичээнгүй, шударга хүнлэг сэтгэлгээтэй байх ёстой. Ах нь өнөөдрийн хүмүүсийн хэлдэг шиг шинэ, хуучин хоёр нийгэмд амьдарч байна. Хүн байх гэдэг нийгмээсээ бус хувь хүн бүрээс хамаардаг зүйл шүү дээ.

-Та жолооч болоод хэдэн км зам туулсан бэ?
-Жолооч гэдэг сайхан, бас хариуцлагатай  мэргэжил. Яагаад гэвэл хүмүүсийг хүссэн газар нь аюул осолгүй хүргэх нь чухал. Багцаагаар 800 орчим мянган км зам туулсан байх гэж бодож байна. Үүнийг яг нарийн тооцоод явсангүй.  Тооцох ч аргагүй. Яагаад гэвэл миний ажил учраас явах л ёстой.

-Танай эхнэр ямар ажил хөдөлмөр эрхэлж байв. Гэр бүлийнхээ тухай хуучлаач?
-Манай эхнэр залуудаа нийгэм өөрчлөгдөхөөс өмнө Шевроны үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд манай компанид ажиллаж  байгаад тэтгэвэртээ  суусан юм. Манайх ам бүл тавуулаа. Хоёр охин тусдаа гарсан. Бага хүүтэйгээ гурвуулаа амьдарч байна. Олон жил жаргал зовлонгоо хуваалцсан хамт олондоо танай сониноор дамжуулж ажлын амжилт, аз жаргал хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан