Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

К.И.Калыбек: Манайх зөвхөн өргөн царигтай төмөр зам тавьдаг


Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобладин Ибрагимович Калыбек хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзан хоёр орны хамтын ажиллагааны одоогийн байдал болон хэтийн төлөв, өөрийн улсын өнгөрсөн онд хүрсэн амжилтын талаар товч танилцуулан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Та бүхэнтэй Цагаан сарын өмнө уулзаж байгаадаа их баяртай байна. Би та бүхэнд эхлээд өөрийн улсын одоогийн байдлын талаар танилцуулъя. Манай Ерөнхийлөгч жил болгон ард түмэндээ хандан илгээлт гаргадаг. Өнгөрсөн жилийн илгээлтэд улсаа 2050 он хүртэл хөгжүүлэх стратегиэ танилцуулсан. Хоёр үе шаттай хэрэгжих энэ стратегийн хүрээнд бид ДНБ-ийг жил болгон дөрвөн хувиас багагүй өсгөх, эдийн засагт хийх хөрөнгө оруулалтыг 30 хувь хүртэл өсгөх, экспортыг 70 хувиар нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд хийх санхүүжилтийг ДНБ-ийн гурван хувиас багагүй байлгах зорилготой ажиллаж байна.
Ингэхдээ уул уурхайн салбар, геологи хайгуулын салбар, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, түүн дотроо эрчим хүчний салбар, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд голлон анхаарна. Үүнтэй зэрэгцэн чухал салбарын ажилтан, албан хаагчдын цалинг одоо байгаагаас 40 хувиар нэмэгдүүлэн 2050 он гэхэд ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээг 60 мянган ам.долларт хүргэн улмаар дэлхийн хөгжилтэй 30 орны тоонд багтах зорилготой.
Энэ бүхнийг хэрэгжүүлэх­дээ бид олон улсын, түүний дотор Монголтой тогтоогоод байгаа харилцаагаа цаашид улам хөгжүүлэхэд онцгой анхаарч буй юм. Манай хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 22-нд дипломамт харилцаа тогтоосон. 1997 онд манай улс Улаанбаатар хотноо дипломат төлөөлөгчийн газраа нээн, 2007 онд Элчин сайдын яам болгон өргөжүүлсэн.
Манай хоёр улсын хооронд эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан гээд янз бүрийн салбарт хамтран ажиллах 40 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсныг хэлэх хэрэгтэй. 2013 оны байдлаар манай хоёр орны худалдааны хэмжээ 32 сая ам.долларт хүрч нэмэгдсэн. Энэ тоо бол эдийн засгийн харилцааны бодит боломжийн хаана нь ч хүрэхгүй үзүүлэлт. Цаашид энэ харилцааг хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, ураны үйлдвэрлэл, мал ахуйн салбарт улам хөгжүүлэх ирээдүй байна” хэмээн яриагаа эхэллээ.

-2014 онд хоёр улсын хамтын ажиллагааг хөг­жүүлэх талаар ямар арга хэмжээ төлөвлөсөн бэ?
-Энэ жил манай хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын уулзалт болно. Мөн Монголын Гадаад харилцааны сайд Казахстанд айлчилна. Хоёр улсын хамтын ажиллагааны эдийн засгийн боломжийг судлах ажлын хэсгүүд гарч ажиллаад эхэлсэн. Энэ бүхэн манай хоёр улсын эдийн засгийг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгнө гэж би бодож байна.

-Манай улсын цөөнгүй иргэн гадаадад ажилладаг. Улмаар тэдний эрхийг зөрчих, албадан гаргах гэх мэт үзэгдэл байдаг. Казахстантай ажиллах хүч солилцох гэрээ хэлэлцээ байдаг уу. Цаашид албан ёсоор ажилчин илгээх тал дээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд юу хийгдэж байгаа вэ?
-Манай хоёр улсын хооронд иргэдээ 90 хүртэл хоног визгүй зорчуулах тохиролцоотой. Монголын иргэд, ялангуяа казах үндэстнүүд манай улсад олноор ажиллаж байгаа. Удахгүй иргэншлийн асуудлыг хялбаршуулсан байдлаар шийдэх гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болоод байгаа. Өөрөөр хэлбэл аль нэг орны иргэн болох, иргэншлээ солиулахад хялбар болгоно гэсэн үг.
Мөн Астана-Улаанбаатар, Баян-Өлгий-Алма-Ата чиг­лэлд шууд нислэг хийх талаар ярилцаж байна. Энэ жил тохиролцоонд хүрээд гарын үсэг зурах байх гэж найдаж байна.

-Тэгвэл хоёр орны иргэншилтэй байж болно гэсэн үг үү?
-Казахстанд ч тэр,  Монголд ч тэр давхар иргэншилтэй байх боломжгүй. Хуулиараа зөвшөөрдөггүй. Иргэншлийг солих, иргэншил авахыг хялбаршуулна гэдэгтэй холбоотой ярьж байгаа байх. Баян-Өлгийн иргэд маш олноор Казахстанд ирж ажиллахдаа Казахстаны иргэн болсон. Дараа нь Монголд буцаж ирсний дараа эргээд Монголын иргэн болоод байгаа. Энэ байдлыг л дээрх гэрээгээр хялбар шийддэг болох юм.

-Хоёр орны цаашдын хам­тын ажиллагааны зо­рилт?
-Ер нь, манай зорилт бол манай хоёр улсын хооронд соёл, хүмүүнлэг эдийн засаг гээд бүх салбарт харилцан ашигтай харилцааг улам хөгжүүлэн шинэ төвшинд гаргах. Тэр тусам Монгол Улсын иргэн 100 мянга гаруй казах үндэстэн байдаг. Цаашид энэ олон хүн манай хоёр улсыг холбосон алтан гүүр болно гэдэгт би итгэлтэй байна.

-Казахстан улс Ази, Европын холбосон транзит тээврээс маш их ашиг олдог. Тиймээс манай улсад ч ийм боломжийг бий болгоход хамтарч ажиллах талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Бид Монголын энэ чиглэлээр хийж байгаа бүх зүйлийг дэмжиж байна. Тэгээд ч Монгол нь манай улсын адил далайд гарах гарцгүй орон болохоор энэ талаар харилцан туршлага солилцох өргөн боломж бий. Энэ байдал биднийг улам ойртуулж байгаа тул транзит тээврийн тал дээр илүү дотно болгож байгаа юм.

-Хятадын тал танай улсаар дамжуулан Узбекстан хүртэл төмөр зам тавих тухай яригдаж байна. Танай улс Хятадтай төмөр замын царигийг өөрчлөх талаар тохиролцоо хийсэн үү?
-Манай улс Зөвлөлтийн үеэс л өргөн царигтай төмөр замтай. Одоо ч хэвээр. Энэ талаар манайх тохиролцоо хийгээгүй. Манай улсад зөвхөн өргөн царигтай төмөр зам байдаг. Өөр царигтай улсын хувьд өөрийн нутаг дээр ямар төмөр зам тавих нь тэдний хэрэг. Удахгүй бид Казахстаны баруун ба зүүн хязгаарыг холбох 1200 км үргэлжилсэн төмөр зам тавих гэж байгаа бөгөөд энэ төмөр зам мөн л өргөн царигтай байх юм.

-Казахстан нь манай улсаас тодорхой хэмжээний мах импортлон авдаг. Цаашид мал аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх вэ?
-Энэ асуудлыг дээр дурдсан Засгийн газар хоорондын комиссын уулзалтын үеэр авч хэлэлцэгдэх ёстой. Монгол малын мах амттай гэдгийг би өөрөө сайн мэдэж байгаа.

Казахстаны талаарх тодруулга

Казахстан 1991 онд тусгаар болсон, газар нутгийн хувьд Монголтой адил өргөн уудам бөгөөд хоёр сая 800 мянган ам.км талбайтай. ОХУ, Киргиз, Хятад, Узбек, Туркмен улстай хил залгадаг. 17 сая гаруй хүн амтай бөгөөд эдгээрээс 10 сая гаруй казах үндэстэн, дөрвөн сая орчим нь оросууд, мөн узбек, украйн гээд олон үндэстэн амьдардаг. Казахстанд нийт 140  гаруй үндэстэн ястан амьдардаг олон үндэстний улс. Засаглалын хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай, Сенат ба Мажлис  гэсэн хоёр танхимтай парламенттай.
Казахстан улс нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуй хөгжсөн, газрын баялгаар арвин орон. Газрын тосны олборлолт ихээхэн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил гэхэд л 81 сая тонн газрын тос олборлосон. Улмаар 2020 он гэхэд жилдээ 120 сая тонн түүхий газрын тос олборлох тооцоотой ажиллаж байна. Хөдөө аж ахуйн хувьд мөн л ахицтай яваа бөгөөд 2013 онд 19 сая тонн үр тариа хураан авсан. Нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээ нь өнгөрсөн жилийн байдлаар 13 мянган ам.доллар хүрээд байгаа юм. Цалингийн дундаж хэмжээ 700 ам.доллар давсан..
Казахстан нь тусгаар тогтнолоо олсноос хойш гадаадаас 165 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан гэсэн үзүүлэлттэй. Алт ба гадаад валютын нөөцийн хэмжээ 90 тэрбум гаруй ам.доллар.
Гадаад харилцааны хувьд дэлхийн бараг бүх оронтой найрсаг харилцаатайгаас, дэлхийн 80 гаруй оронд Элчин сайдын яамаа ажиллуулж байна. Боловсролын салбарт 130 гаруй их болон дээд сургуультай. Жил болгон “Ирээдүй” нэртэй хөтөлбөрийн хүрээнд 3000 оюутныг гадаадын их, дээд сургуульд суралцуулахаар явуулдаг. Төрөөс эдгээр оюутнуудын бүх зардлыг даадаг. Одоогоор улсад 1300 гаруй сонин, 500 гаруй сэтгүүл, 50 гаруй радио, 70 гаруй ТВ компани ажилладаг.
2050 онд хөгжилтэй орны тоонд орох дээр дурдагдсан төлөвлөгөөг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шат нь энэ жилээс 2030 он хүртэл, хоёр дахь шат нь 2030-аас 2050 он хүртэл. Эхний шатанд машин үйлдвэрлэлд голлон анхаарах бол хоёр дахь шатанд нано технологи, сансрын технологи, робот технолгийг хөгжүүлнэ. Мэдээж энэ бүх хөтөлбөр нь эдийн засгийн бодит үндэслэлтэй байх дээр онцгой анхаарч байгаа ажээ Энд дурдагдсан бүх өсөлт нь аажимдаа, хувьслын зарчмаар хэрэгжинэ гэдгийг ноён Элчин сайд онцолсон юм.

0 Сэтгэгдэл
Атаархчихлаа явах зам нь тодорхой улс сайхан юмаа манаых хэзээ ийм болох юм болдоо
Tusgaar togtnoson mongol uls baigaa uchir nariin orgon hoylangyn uyalduulan tavih heregtei. ireeduid bid delhiig hogjilooroo baildan daguulah bolno.
Казахстаныг Назарбаев атгадаггүй Оросууд атгадаг гэдгийг санах хэрэгтэй
талцаад олон юм хуцаад байлгүй энэ орны жишээнээс аваарайдаа
Mundag
Олон сонингуудаао энэ хасаг яриад л нэт дээр тавиад Х.Баттулга нөгөө л ажлаа хийгээд байна даа.
Хамгийн их уншсан