"Asia Model Festival Awards" загварын наадам энэ сарын 16, 17-нд Солонгосын Сөүл хотноо болж өндөрлөлөө. Энэ жил ес дэх удаагаа зохиогдсон тус наадамд 15 орны загвар өмсөгчид оролцжээ. Наадмыг SBS, Arirang гээд гурван том телевизийн сувгаар дэлхийн 140 гаруй оронд шууд дамжуулсан байна. "Asia Model Festival Awards" наадам нь Ази тивийн хамгийн алдартай загварын наадам бөгөөд олон улсын загварын хоёр номинацитай. Эхний номинаци нь загварын тайзнаа шинээр төрөн гарч буй загвар өмсөгчид өрсөлддөг “Asia new star model” шагнал юм. Энэ номинацид нийт 50 гаруй загвар өмсөгч оролцжээ.
Хоёр дахь номинаци нь Азийн орнуудаас эрэгтэй, эмэгтэй шилдэг загвар өмсөгч тодруулдаг “Asia Model Star” шагнал юм. Уг шагналыг өөрийн орондоо олон жил загвар өмссөн мөн "Asia Model Festival Awards" наадмын болзлыг хангасан загвар өмсөгчдөд олгодог журамтай юм байна. Энэхүү шагналыг 14 орны загвар өмсөгчид хүртжээ. Манай улсыг төлөөлж тус наадамд оролцсон “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Дамдинцэрэн, С.Сарнай нар “Asia Model Star” боллоо.