Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЧУУД ЦАГААН САРЫН БУУЗАА ДОЛООН МЯНГАН ТОНН ГУРИЛААР ХИЙНЭ

Монголд эдийн засгийн алуурчид байна хэмээн сүүлийн үед их бичиж, ярьдаг болсон. Тэднийг хайж цаг заваа барах шаардлага байхгүй.  Бид өөрсдөө л эдийн засгаа сульдаатай, тогтворгүй, өсөлтөө хадгалж чадахгүй байдалд хүргэж байна. Энэ нь хүн бүрийн нүдэнд ил зүйл юм. Тухайлбал Хүний хөгжил сангаас 2010 оноос хойш иргэдэд бэлэн мөнгө тарааж сонгуулийн популист амлалтаа хэрэгжүүлж ирсэн. Ингээд таван янзын амлалтад 2010-2012 онд 1.9 их наяд төгрөг тарааж өгсөн билээ. Үүний үр дүнд ядуурал өссөн судалгаа бий. 2008 онд Монгол Улсын хүн амын 36 хувь нь  амьжиргааны доод түвшинд амьдарч байв. Өөрөөр хэлбэл ядуу амьдарч байсан гэсэн үг. Гэтэл бэлэн мөнгө тарааж эхэлсэн он жилүүдэд 38 хувь болж өсчээ. Ядуурал ийнхүү өсөхөд өнөөх инфляцын өндөр түвшин гол үүрэг гүйцэтгэв. Учир нь  өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж иргэдийн олсон хэдэн төгрөг зүгээр цааснаас ялгаагүй хэмжээнд хүрч байсантай холбоотой.  Өнгөрсөн онд Монголбанк мөнгөний зөөлөн бодлого явуулж эдийн засгаа тэтгэсний хүчинд 15 хувиас буухаа байсан инфляцыг номхруулж нэг оронтой тоонд буюу есөн хувьд оруулж ирсэн. Гэвч эргээд өсч одоогоор 12.5 хувьтай болов. Монголбанк энэ оны эцэст есөн хувьд оруулах зорилт  тавиад байгаа. Гэхдээ янз бүрийн популист амлалт болон эдийн засгийн тогтвортой байдал алдагдуулах, өөрийн эрх ашгаа бодсон буруу ташаа мэдээлэл сөрөг хүчин болох МАН-аас баруун солгойгүй түгээхгүй бол тэр шүү дээ.
Манай эдийн засгийн гол тулгуурын нэг хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбарт тогтсон бас нэг гаж тогтолцоо бий.
Засгийн газраас 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарлав. Ингээд газар тариалангийн салбарыг хөгжүүлэх зорилогоор “Атрын-3” аян өрнүүлсэн. Энэ бол мэдээж зөв бодлого, алхам байлаа. Гэвч хэрэгжихдээ буруу замаар явжээ. Тухайлбал тооны хойноос хэт хөөцөлдсөн тул чанаргүй буудай  хурааж авах болсон. Нөгөө талаар тариаланчид их ургац авч улсад тушааж ахиухан мөнгө авахыг хүссэн тул олдсон үрээ холиод л тарьдаг болжээ. Өөрөөр хэлбэл нэг талбайд хэдэн янзын сортын үр суулгах явдал газар авсан байна. Үүний нөлөөгөөр үрийн чанар муудах, бодлого алдагдах хэмжээнд хүрснийг туршлагатай тариаланчид хэлдэг. Гэтэл чанартай нэг сортын үр гаргаж авахын тулд 40-50 жил зарцуулдаг ажээ.
Урамшуулал өгч, өндөр үнээр худалдаж авах зах зээл бэлэн байхад тухайн бизнес цэцэглэх нь мэдээж. Ийм ч учраас “Атрын-3” аянаас хойш газар тариалан эрхлэх аж ахуй, иргэний тоо, тариалангийн талбайн хэмжээ огцом өсчээ. Нэг талаас нь харвал энэ нь сайн. Нөгөө талаасаа мэргэжлийн бус хүмүүс газар тариалангийн салбар руу хошуурснаас бүтээгдэхүүн нь чанаргүйжихэд хүргэсэн юм. Хэдийгээр жилд хурааж авах буудайн хэмжээ өссөн ч дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангаж чадаагүй. Үүнийг статистик мэдээллээс харж болно. Тухайлбал 2008 онд 150 мянган га талбайд буудай тариалж 200 мянган тонныг хурааж авчээ. Үүнээс үрийн нөөцөд 69.1, тэжээлд 7.1, спитрын үйлдвэрт 5.1 мянган тонн буудай ногдож буй юм. Тэгэхээр гурил үйлдвэрлэхэд 139.5 мянган тонн буудай үлдсэн. Ийм хэмжээний буудайгаар гурил үйлдвэрлэхэд 94.2 мянган тонн болно. Гэтэл тухайн үед манай улсын гурилын жилийн хэрэглээ 243.4 мянган тонн байжээ. Тэгэхээр үлдсэн хэрэгцээгээ хангахын тулд гадаадаас гурил импортлохоос өөр аргагүйд хүрэв. Харин дотоодын гурилын үйлдвэрлэл 105.3 мянган тонн байлаа. Энэ гурилыг үйлдвэрлэхэд 154.4 мянган тонн улаан буудай шаардагдасан статистик мэдээлэл бий. Ингээд нэгэнт гурилын хэрэгцээгээ хангаж чадаагүй тул гадаадаас 105.7 мянган тонн гурил, дээр нь 114.7 мянган тонн улаан буудай  импортолсон байна.
Тухайн үед бид ОХУ-аас “Алейка”, Казахстанаас “Цесна”, Хятадаас “Тогоочтой дээд” гэсэн нэртэй гурил авч байв. Одоо ч эдгээр гурил хүнсний зах, дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй л харагддаг.
“Атрын-3” аян хэрэгжиж дууссаны дараа буюу хамгийн их ургац авсан 2012-2013 онд 295.9 мянган га талбайд улаан буудай тариалж 461.6 мянган тонн ургац хурааж авчээ.  Үүнээс улсын үрийн нөөц, малын тэжээл, спиртийн үйлдвэрлэлд ашигласныг нь хасч тооцвол гурил үйлдвэрлэхэд 278.2 мянган тонн улаан буудай үлдэв. Энэ улаан буудайгаар 187.8 мянган тонн гурил үйлдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл жилийн нийт  хэрэгцээнийхээ 71.4 хувийг дотоодоос хангажээ. Гэтэл манай улсын гурилын хэрэгцээ 263.3 мянган тонн болсон юм.
Үүнийг тооцохдоо насанд хүрсэн хүн дунджаар хоногт 254 гр жилд 92.7 кг гурил  иднэ гэж үзжээ. Учир нь насанд хүрсэн хоногт 2550 ккал илчлэг хоол хүнснээс авах ёстой. Тэгж байж эрүүл чийрэг урт удаан амьдрах үндэс болно. Хүн энэ илчилгээ мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо зэргээс голлон авдаг. Ингээд нэгэнт гурилын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа тул 24 мянган тонн гурил  импортолсон байна. Энэ нь гурилын импорт буурч 9.1 хувь болсоныг илтгэсэн явдал.
Манай улс өнгөрсөн онд 275 мянган га талбайд улаан буудай тариалж 370 мянган тонн ургац хураасан. Үүний 248.8 мянган тонноор нь 167.9 мянган тонн гурил үйлдвэрлэх тооцоо бий. Гэтэл энэ жилийн гурилын хэрэгцээ 270 мянган тонн байгаа юм. Тэгэхээр хэрэгцээгээ хангахын тулд 103 мянган тонн гурил, эсвэл ийм хэмжээний гурил үйлдвэрлэх улаан буудай  импортолж таарах нь.  Тэр дундаа цагаан сар дөхөж буй энэ өдрүүдэд монголчуудын гурилын хэрэгцээ дээд цэгтээ хүрдэг гэхэд хилсдэхгүй. Учир нь тавгийн идээ засах хэвийн боов, бууз, банш хийх гээд сайн чанарын улаан буудайгаар хийсэн ус даадаг, урсдаггүй гурилын эрэлд морддог. Энд нэг тоо бодож үзье. Манай улс 700 гаруй мянган өрхтэй гэдэг. Нэг өрх дунджаар 500 бууз хийлээ гэж тооцвол дунджаар 10 орчим кг гурил орно. Монголчууд цагаан сарын хэдхэн хоногт нийт  350 сая бууз зооглох тооцоо гарч буй юм. Ингээд бодвол бүх өрхийн буузны гурилын хэрэгцээ долоон мянган тонн болох юм.  Өөрөөр хэлбэл манай улсын нийт өрх зөвхөн нэг төрлийн хоол хийхэд л гурилын хэрэгцээ ийм байна гэсэн үг. Үүн дээр хэвийн боовны гурилын хэрэгцээг нэмбэл бүр талийж өгнө. Мөн гурилын орцтой өөр төрлийн хоол хийхэд ч хэрэгцээ огцом нэмэгдэх нь дамжиггүй.
Энэ бүгдээс үзэхэд “Атар-3” аяныг хэрэгжүүлэхдээ тариаланчдаас авах улаан буудайд стандарт тогтоож  түүнд нийцээгүйг нь худалдаж авахгүй байх байж. Тэгвэл өнөөдөр манай газар тариалангийн хөгжил шинэ шатанд гарч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй ч хэнээс ч дутахгүй  улаан буудайтай, сайн чанарын олон төрлийн сортын  үртэй болох байлаа. Нөгөө талаар манай эдийн засаг тогтвортой иргэдийн халаасан дахь хэдэн төгрөгийн  худалдан авах чадвар муудахгүй байх нэг үндсийг бүрдүүлэх учиртай юм. Тэгэхээр эдийн засгийн хамгийн аюултай “алуурчин” нь элдэв зүйл амласан, ард түмнийг  өнгөн талдаа эвийлж, ачир дээрээ тохуурахсан популистууд гэдэг нь тодорхой юм.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
шинийн 1 2 3 гурван өдөр монголчууд 7мянган тонн гурил хэдэн арван тонн мах иднээ
Хамгийн их уншсан