-Шинэ мөнгийг нэрлэсэн үнээс нь дамлаж соливол цалингийн доод хэмжээг 5-25 дахин нэмэгдүүлж торгодог-
Сүүлийн үед онлайнаар Монгол төгрөг худалдах зар түгсэн явдал гарсан. Мөн баяр ёслолын үеэр монголчууд өөрсдөө шинэ мөнгө зарах явдал гардаг. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.
-Олон улсын арилжааны вэб сайтаар Монгол төгрөгийг дэвсгэрт дэвсгэртээр нь багцлаад худалдаж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авсан бэ?
-Сүүлийн үед хятадын зарим сайтуудаар төгрөгийг багцалж үнэ тогтоогоод зарах гэж нийтэд зарласан явдал гарлаа. Нэг хавиргыг нь ес, 10-ыг нь 99 ам.доллар гэсэн үнээр тавьсан байсан. Үүнийг Монголбанкнаас судалж үзлээ. Олон улсын мөнгө цуглуулагч, сонирхогчдын холбоо гэж байдаг.
Тэд орон орны мөнгийг аваад зарах эрх бий. Төгрөг зарна гэж зар тавьсан хүмүүс нь тэрхүү мөнгө цуглуулагчдын холбооны гишүүн юм билээ. Тэд манайд хүсэлт тавибал бага хэмжээгээр багцаар нь өгдөг. Тэгээд авсан мөнгөө өөр орныхоор солих болон зарж болно. Өөрөөр хэлбэл өөрийн цуглуулгын илүүдлээ зарж, сольж байна гэсэн үг юм. Биднийг судалж үзэхэд энэ журмаар явж байсан.
-Төгрөгийг онлайн худалдаагаар зарах зар түгээсэн хүмүүс Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл авсан юм уу. Хавирга гэдгийг тайлбарлахгүй юу?
-Хавирга гэдэг нь 100 ширхэг дэвсгэрт. Нэг багц нь 1000 ширхэг болно.Манайхаас зөвшөөрөл авахгүй л дээ. Мөнгө цуглуулагч, сонирхогчдын холбооноос Монголбанкны шинэ ерөнхийлөгчийн гарын үсэгтэй мөнгө гарах болгонд дэвсгэрт тус бүрээс нь авах хүсэлт тавьдаг. Тэгээд бид нэрлэсэн үнээр нь өгдөг юм. Үүнийг авсан хүн бусадтайгаа солилцох, арилжах эрхтэй гэсэн үг. Гэхдээ тэгж их хэмжээгээр нь арав, хорь, зуун багцаар нь өгөхгүй л дээ. Хязгаартай байдаг.
-Мөнгө сонирхогч, цуглуулагчдын олон улсын холбоо хаана төвтэй, хэчнээн гишүүнтэй байгууллага байдаг юм бэ?
-Яг тогтсон төв гэж байдаггүй. Улс улсын мөнгө цуглуулагчид өөрсдийн сонирхлоороо л нэгддэг. Жишээ нь, онлайнаар ороод харвал 1920-иод оны ам.доллар худалдана гэсэн зар байж л байдаг юм. Манайд ч ингэж сонирхлоороо нэгдсэн хүмүүс бий. Одоо Урт цагаан хавьд амралтын өдрүүдээр уулзаж хоорондоо солилцох, наймаалцах явдал байдаг.
-Тэгэхээр жилд хэдий хэмжээний мөнгөн дэвсгэрт сонирхогч, цуглуулагчдын гар дээр очдог вэ?
-Энэ ховорхон. Маш бага хэмжээтэй байдаг. Гадаадаас жилд ганц хоёр хүн л танай мөнгөн тэмдэгтийг сонирхож байна төдийг өгөөч гэсэн хүсэлт тавьдаг юм.
-Оны өмнө төгрөгийн 100-аас дооших дэвсгэртүүдийг их хэмжээгээр хилээр гаргах гэж байгаад баригдсан хэрэг гарч байсан. Энэ хэргийг хэрхэн шийдэж байна вэ?
-Өнгөрсөн оны сүүлчийн улиралд хоёр удаа ийм хэрэг гарсан. Дандаа жижиг дэвсгэртүүдийг хилээр их хэмжээгээр авч гарахыг завдаад манай улсын тав зургаан иргэн баригдсан юм. Тэднийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тул тодорхой шийдвэр гараагүй байна. Авч явсан мөнгийг нь хилээр гаргаагүй. Мөнгө авч гарахыг завдсан иргэд “Хүн захисан юм. Энэ мөнгийг хил гаргаад зарах байсан” гэдэг тайлбар хийсэн юм билээ.
-Хятадууд төгрөгийн цаасыг нь ашиглаж хууль бус зүйлд хэрэглэдэг гэсэн яриа бий. Энэ үнэн үү?
-Хятадууд төгрөгийн цаасыг нь ашиглаж үнэт цаас хийдэг гэж байгаа. Үүнийг тогтоогоогүй, хараагүй учраас сайн мэдэхгүй юм. Хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийнхэн дахин боловсруулаад үнэт цаасанд ашиглаж байгаа гэсэн таамаглал дэвшүүлсэн.
-Цагаан сараар төгрөгийн шинэ дэвсгэртийг томоохон зах худалдааны төвүүдээр хувь хүмүүс үнэ нэмж зардаг нь хуульд хэр нийцтэй вэ?
-Энэ бол хууль бус арилжаа. Манайхан авахгүй байх хэрэгтэй. Монголбанкнаас арилжааны банкуудыг шинэ мөнгөөр бүрэн хангасан. Тэгэхээр аль ч банкны салбарт очсон шинэ мөнгөний нөөц хангалттай бий. Одоо хуучин мөнгийг нь шинээр солиод эхэлсэн. Тэгэхээр манайхан залхуурдаг юм шиг санагдсан. Өөрсдөө сонголт хийгээд 1000 төгрөгийг 1500-аар авлаа гэсэн сураг байдаг. Энэ жил ийм үйлдэл гараагүй байна.
-Төгрөгийг ингэж хууль бусаар арилжсан хүмүүст ямар шийтгэл ногдуулдаг вэ?
-Эрүүгийн хуульд үндэсний мөнгөн тэмдэгтийг улсын хилээр их хэмжээгээр гаргах, худалдаж байгаад баригдвал хариуцлага хүлээлгэх заалт бий. Тухайлбал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу цалингийн доод хэмжээг 5-25 дахин нэмэгдүүлж торгох арга хэмжээ авах хуультай. Үндэсний мөнгөн тэмдэгтийг нэрлэсэн үнээр нь л өгөх ёстой. Үүнийг нэрлэсэн үнээс нь өндөрөөр зарвал хууль зөрчиж байна гэсэн үг.