Авто замын хөгжил нь улс орны эдийн засгийн өсөлтийн хурдыг нэмэгч, иргэдийн амьжиргааг сайжруулагч гэдэг. Ийм ч учраас Монгол Улсын авто замын сүлжээг хатуу хучилттай болгох олон улсын томоохон төслүүд хэрэгжиж байна. Засгийн газраас баримталж буй бодлого ч бүх аймгийн төв, хүн ам олноор төвлөрсөн томоохон суурингуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоход чиглэж буй юм. Энэ бодлогын хүрээнд “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”, “Монгол Улс, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан”, Азийн хөгжлийн банкны зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл” /Чойр-Сайншанд-Замын Үүд/ зэрэг авто зам барих төсөл хэрэгжиж буй юм.
“МОНГОЛ УЛС, АРАБЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН КУВЕЙТЫН САН”-ГИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ
Уг сангийн зээлээр манай улсын авто замын салбарт олон төсөл хэрэгжсэн. Тухайлбал, хамгийн эхэнд Дархан-Эрдэнэтийн хооронд 180 км хатуу хучилттай зам 1999-2003 онд тавьжээ. Дараа нь Эрдэнэт-Булган-Уньт чиглэлд 146 км хатуу хучилттай авто замын төсөл 2003-2010 онд хэрэгжсэн. 2012 оноос Уньт-Хөвсгөл аймгийн Тариалан сум хүртэл 88 км хатуу хучилттай авто зам барьж байгаа. Энэ зам 2014 оны наймдугаар сард бүрэн ашиглалтад орно. Уг авто замын төслийг хэрэгжүүлэхийн тулд “Кувейтын сан”-гаас жилийн хоёр хувийн хүүтэй 20320.8 мянган ам.доллар буюу зургаан сая кувейт динар зээлжээ. Энэ мөнгөө 36,5 жилийн хугацаанд төлнө. Тухайн авто зам баригдаж дуусааны дараа зээлсэн мөнгөө төлж эхлэх юм. Төслийн нийт өртөг нь 34.919.7 мянган ам.доллар. Иймд Манай улсын Засгийн газар 14.589.9 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж.
Уг авто замын төсөл хоёр хэсэгтэй. Эхний 48 км авто замыг “Baek Seok” construction компани барьж буй юм. Үлдсэн 40 км-ыг нь “HKB International Holding” компани барьж байна. Төслийн хүрээнд гурван ажил хийнэ. Нэгдүгээрт: Авто замаа бүрэн барина. Хоёрдугаарт: Авто замын төсөл хэрэгжих үед техникийн зураг төсөл, стандартын дагуу баригдаж байгаа эсэхийг хяналт тавих Зөвлөх үйлчилгээг “Soosung Engineering”, “TIB”, “F&M” компани үзүүлж байна. Гуравдугаарт: Тус сан манай улсын авто замын салбарын лаборатори, материалаг баазыг бэхжүүлэх, инженерүүд сургахад туслалцаа үзүүлэх ажээ. Энэ төсөл хэрэгжиж дууссанаар манай улсын хоймор нутаг Булган, Хөвсгөл аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлнэ. Үүнээс гадна Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэж аялал жуулчлал хөгжих учиртай.
УЛААНБААТАР ХОТЫН ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ БҮС НУТГИЙН ТЭЭВРИЙН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн үр дүнд ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Яам /BMZ/-ны санхүүжилтээр нийслэлийн хүнсний хангамжийг сайжруулах авто замын төслийг 2012-2016 он хүртэл хэрэгжүүлж байна.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хоттой ойр, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой суурингуудыг хатуу хучилттай авто замаар холбох юм. Ингэснээр нийслэлийн хэт төвлөрөл саарах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ бүс нутагтай болох, дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангах, импортын бүтээгдэхүүний хараат байдал буурна.
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон болон Төв аймгийн Жаргалант, Борнуур, Батсүмбэр сумын нутагт хатуу хучилттай авто зам барина. Барих замууд нь IV зэрэглэлийн, орон нутгийн чанартай хоёр урсгалтай зургаан метр өргөнтэй, зорчих хэсэг нь асфальт, бетон хучилттай, хоёр талдаа 1.5 метр хайрган хөвөөтэй байна. Тооцоот хурд нь 80 км цаг байх аж.
Зам барилгын ажлын хяналт тавих зөвлөх үйлчилгээг Энэтхэг Улсын “ICT” компани хариуцан ажиллаж буй юм.
Уг замыг барихын тулд гурван багц гэрээ хийжээ. Багц-1 буюу Төв аймгийн Партизан чиглэлийн 17 км авто замын барилгын ажил 2012 оны эхээр эхэлсэн. Нийт өртөг нь 5.462.596.26 ам.доллар бөгөөд “Төгс зам” ХХК болон “Баткубик” ХХК-ийн түншлэл хэрэгжүүлж байна. Уг замын гэрээний гүйцэтгэл 96.3 хувьд хүрчээ. Барилгын ажлуудаас дурьдвал таван цэгт дөрвөлжин, 22 цэгт дугуй ус зайлуулах төмөр бетон хоолой, 166.232.5 шоо метр газар шорооны ажил хийлээ. Гэрээт хугацаанаас таван сарын өмнө авто замын барилгын ажлыг дуусгаж 2013 оны долдугаар сарын 08-ны өдөр нээсэн.
Хоёрдугаар багц болох Партизан-Батсүмбэр чиглэлийн 29.36 км авто замын ажил 2013 оны 12 дугаар сараас эхэлсэн. 10.197.735.62 ам.доллар. Төслийн гүйцэтгэгчээр “China Railway First Group” компани болон “Очирням” ХХК-ийн түншлэл ажиллаж буй юм. Барилгын ажлыг 2014 оны гуравдугаар сараас эхлүүлнэ.
Гуравдугаар багц Жаргалант, Борнуурын 32.2 км авто замын шинэчлэлтийн ажил 2012 оны хоёрдугаар сард эхэлжээ. Нийт өртөг нь 7.015.327.95 ам.доллар юм. “КТК” ХХК болон “Анандын зам” ХХК-ийн түншлэл хэрэгжүүлж байна. Уг замын барилгын ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна. Барилгын ажлуудаас дурдвал гурван цэгт дөрвөлжин, 23 цэгт дугуй ус зайлуулах төмөр бетон хоолой, хоёр ширхэг гүүрийн засварын ажил, 136.726 шоо метр газар шорооны ажил хийгдсэн байна. Ингээд авто замын хөдөлгөөнийг 2013 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр нээсэн.
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “БҮС НУТГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” /ЧОЙР-САЙНШАНД-ЗАМЫН ҮҮД/ АВТО ЗАМ БАРИХ ТӨСӨЛ
Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 283.6 км хатуу хучилттай авто зам барих “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл” нь Азийн хөгжлийн банкны зээл, буцалтгүй тусламж болон улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй олон улсын авто замын төсөл.
Уг төслийн авто зам нь Монгол Улсын босоо тэнхлэгийн гол зам буюу Азийн авто замын сүлжээний Монгол дахь АН-3 чиглэлийн нэг хэсэг юм. Ингэснээр АН-3 чиглэлийн Монгол улс дахь хэсэг хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож байгаа ажээ.
Чойр-Сайншанд-Замын Үүд чиглэлийн авто зам ашиглалтад орсноор манай улсын босоо тэнхлэгийн гол зам хатуу хучилттай болно. Нөгөө талаар ОХУ-БНХАУ-ыг холбосон хатуу хучилттай авто замын сүлжээ үүсэх юм. Энэ нь олон улсын транзит тээвэр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх нөхцөлийг хангах, ачаа эргэлт нэмэгдүүлэх зэргээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.
Төслийн хүрээнд доор дурдсан ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
ЗАМ БАРИЛГЫН АЖИЛ
1. Чойр-Сайншанд-Замын -Үүд хүртлэх 249.8 км асфальт бетон хучилттай авто зам барих
2. Дорноговь аймгийн Эрдэнэ, Өргөн сумын төвийг төслийн гол замд холбох 33.7км туслах зам барих
3. Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 345 км замд хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах тэмдэг тэмдэглээ, тоноглолыг суурилуулах
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
4. Замын цагдаагийн иж бүрэн тоноглогдсон эргүүлийн машин, богино долгионы станц нийлүүлэх
5. Автомашины даац хэмжих пүү суурилуулах
Зөвлөх үйлчилгээ
6. Төслийн нарийвчилсан зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах
7. Зам барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээ
БУСАД
8. Орон нутгийн иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулах
9. ДОХ/ХДХВ-ийн тархалт, хүн наймаалахаас урьдчилан сэргийлэх хөтөлбөр
Азийн хөгжлийн банк энэ төслийн нийт зардлын 90.2 хувь буюу 67.9 сая ам.долларыг санхүүжилнэ. Харин Монгол Улсын Засгийн газар 7.34 сая ам.доллараар санхүүжүүлнэ. Ингээд төслийн нийт өртөг нь 75.24 сая ам.доллар болох юм. Барих зам нь 3 дугаар зэрэглэлийнх буюу долоон метр өргөн, зорчих хэсэг нь асфальт бетон хучилттай, 10 м өргөн далантай байна.
Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн гэрээний хаагдах хугацаа 2014 оны 7 дугаар сарын 30.
Азийн хөгжлийн банкны Техник туслалцааны төслийн хүрээнд АНУ-ын TERA Зөвлөх компани төслийн Техник эдийн засгийн судалгаа хийжээ. Төслийн нарийвчилсан зураг төслийг гүйцэтгэхээр Монгол Улсын “МСРС” ХХК болон БНЭУ-ын “International Consultant Technocrats Co.,Ltd” компани хамтран Чойр-Сайншанд-Замын Үүд болон Эрдэнэ, Өргөн сумд руу хүрэх салаа замын нарийвчилсан зураг төслийг 2004- 2005 онд боловсруулсан.
Зам барилгын ажлын хяналтын зөвлөхөөр Энэтхэг улсын “Intercontinental Consultants and Technocrats Pvt” ажиллаж буй юм.
Төслийн хүрээнд хэрэгжих авто зам барилгын ажил хугацаандаа дуусаагүй гол шалтгаан нь эдийн засгийн хямрал, барилгын материал, шатахууны үнийн өсөлт байв. Тухайлбал, 35 дугаар зөрлөг-18-ийн худаг чиглэлийн 133.5 км замыг барих тендерт 2006 онд БНХАУ-ын “China Geo-Engineering Corporation” компани шалгарсан байдаг. Тэгээд уг замыг барих 24.04 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Гэтэл 2007-2008 оны дунд үеэс гүйцэтгэгч компани санхүүгийн хямралаас үүдсэн материал, шатахууны үнийн өсөлтөөс хохирол амсч байгаа тул нөхөн олговор олгох хүсэлт удаа дараалан гаргасан байна. Иймд үнийн өсөлтийн асуудлаас шалтгаалж, зам барилгын ажил хугацаандаа хэрэгжих боломжгүй болсон аж. Үүнээс хойш 2010 оны дөрөвдүгээр сард гүйцэтгэгч компанитай гурван сая ам долларын үнийн өсөлтийн нөхөн төлбөр олгох нэмэлт гэрээ байгуулав. Уг нь зам барилгын ажил дуусах хугацаа нь 2008 оны 10 дугаар сарын 31 байжээ. Ийнхүү ажил хойшилсноор дээрх зам 2012 оны 8 сарын 17-ны өдөр ашиглалтад орсон байна.
Мөн 18-ийн худагийн 62.2 км замын гүйцэтгэгчээр ажилласан БНХАУ-ын “Shengli Engineering & Construction company”-тай 11.3 сая ам.долларын гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч 2009 онд үнийн өсөлтийн зөрүү болон нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Ингээд 2010 оны дөрөвдүгээр сард гүйцэтгэгч компанитай үнийн өсөлтийн нөхөн төлбөр 700 мянган ам.долларын нэмэлт гэрээ хийжээ. Гэвч гүйцэтгэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлаа гүйцэтгээгүй тул 2011 оны тавдугаар сард гэрээгээ цуцлахад хүрэв. Ингэснээр 2012 онд дахин олон улсын тендер зарласан билээ. Тендерт шалгарсан БНХАУ-ын “China Machinary Industry Construction Group” компанитай үлдсэн ажлыг нь дуусгахаар 10.7 сая ам.долларын гэрээ байгуулсан аж. Ингээд уг зам 2013 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр ашиглалтад оржээ. Үүнээс гадна Алтанбулаг-Улаанбаатар-Чойр чиглэлийн замд хийгдсэн аудитын тайлангийн зөвлөмжийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нэмэлт тоноглол суурилуулах, хамгаалалтын хашилт тавих зэрэг ажлыг гүйцэтгэх гэрээг “Сэцэд” ХХК-тай 2008 онд байгуулсан. Уг ажил 2009 онд дуусчээ.
Одоо Өргөн сум хүртлэх 18.25 км туслах замыг барих гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Шинэ Хөгжил Зам” ХХК-тай байгууллаа. Энэ замыг барих ажлыг 2014 онд багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
БАРУУН БҮСИЙН БОСОО ТЭНХЛЭГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ
Энэ төслийг Монгол Улсын Засгийн газар 68.9 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 37.6, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 50 сая ам.доллараар санхүүжүүлж байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас нэмж 45 сая ам.долларын зээл авч буй юм. Ингээд төслийн нийт санхүүжилтийн 45 хувийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, зээл, 27 хувийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл үлдсэн 18 хувийг Монгол Улсын Засгийн газар гаргах болжээ.
Төсөл хэрэгжсэнээр Монгол орны Баруун бүс нутгийн нийгэм, эдийн засгийн байдал сайжирч иргэдийн амьжиргаа дээшлэнэ. Бас бүсийн ачаа тээвэр, зорчигчийн урсгал нэмэгдэх, олон улсын транзит тээвэр хөгжих бололцоо бүрдэх юм. Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам ашиглалтад орсноор түүгээр зорчих авто машины дундаж хурд 70-80 км цаг байх бөгөөд аяллын хугацаа таван цагаар багасах тооцоо бий. Энэ замаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ жил тутам 15 хувиар өсөх судалгаа гарлаа. Тухайлбал, 2013-2302 он гэхэд энэ замаар өдөрт 3855-5015 авто машин зорчино хэмээн тооцжээ. Уг төсөл хэрэгжиж буй газар зүйн зарим онцлогоос дурдвал Алтайн нурууг давж буй юм. Тэгэхдээ 68 км урт Бодончийн хавцлаар дамжин өнгөрөх аж. Боданчийн хавцалд өнгөрсөн долдугаар сард хоёр удаа хүчтэй аадар орсон тул үер бууж нэлээд хохирол учруулжээ. Тухайлбал, 18 км замын ажлын далан сүйдсэн, 162 ширхэг бетон хоолой эвдэрсэн, барилгын талбайд хураасан байсан 75 тонн арматур, 115 тонн цемент урассан, техник хэрэгсэл ажиллагаагүй болжээ.
Зам барилгын ажлын 70 хувийг далайн төвшнөөс дээш 1500-2000 метрт хийнэ. Замын трассын дагуу эртний болон дундад зууны үеийн археологийн олдвор, хүн чулуу, булш хэрэгсүүр маш их таарсан байна. Жишээлбэл Багц-1 буюу Тэмээн Хүзүү-Бага Улаан давааны чиглэлийн 110.8 км замын трасст археологийн 40 булш хирэгсүүр илэрчээ. Мөн хүрлийн үеийн эд хэрэгсэл 28 хэсэг газраас олдсон байна. Энэ бүгдийг авран хамгаалах ажлыг Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу хийгээд байна. Үүнээс гадна хавцлын хадан нуранги, бул чулуу зайлуулах, өргөтгөх, тэсэлгээний ажил их хийх шаардлага тулгарчээ.
Уг төслийн хүрээнд Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлд 743.1 км хатуу хучилттай авто зам барина. Одоогоор 359.4 км хатуу хучилттай авто зам баригдаж байна.
Үүнд, Багц-1 Тэмээн хүзүү-Бага Улаан давааны 110.8 км авто зам АХБ-ны буцалтгүй тусламжаар баригдаж буй юм. Ажил нь 2010 оноос эхэлсэн. Төслийн Удирдах хороогоор гэрээт хугацааг 2014 оны аравдугаар сарын 30 өдөр хүртэл сунгах асуудлыг хэлэлцэж сунгах зөвлөмж гарчээ. Одоогоор гэрээнд өөрчлөлт оруулаагүй байна. Багц-2 буюу Бага Улаан даваа-Манхан чиглэлийн 103.3 км зам нь АХБ-ны зээлээр санхүүжиж байна. Замын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын байдлаар хөрс хуулалтаа бүрэн хийсэн, далангийн ажил 99 хувьд хүрсэн байна. Одоогоор нийт ажлын гүйцэтгэл 28.30 хувьтай байгаа юм.
Багц-3 буюу Манхан-Ховд чиглэлийн 85.3 км замыг БНХАУ-ын Экспорт-Импортын банкны зээлээр барьж байгаа. Одоогоор барилгын ажил 91.4 хувийн гүйцэтгэлтэй явна. Уг замын ажлын гүйцэтгэл 2012 онд 33.68 хувьтай байжээ.
Багц-5 буюу Өлгий-Хашаатын давааны 60 км замд мөн БНХАУ-ын Экспорт-Импортын банкны зээлээр хөрөнгө оруулж байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар ажлын бодит гүйцэтгэл 95.8 хувьтай байв. Энэ нь зам барилгын ажлын гүйцэтгэл 50 гаруй хувиар нэмэгдсэнийг илтгэнэ.