Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.БААСАНСҮРЭН: ЗАЛУУС ЗАНШЛАА ДАГАЖ, ХӨӨРӨГ СОНИРХОХ БОЛЛОО

Хөөрөг урлал, чулуун сийлбэрт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нэгэнтэй уулзахаар товлов. Гэр хорооллын банзан хашаанууд дундаас ялгарах хоёр давхар байшинтай цементэн хашааны үүдэнд ирлээ. Зорьж ирсэн хүн Б.Баасансүрэн хүлээн зогсоно. Тэр бол 30 ч хүрээгүй залуухан уран бүтээлч, Өвөрхангай аймгийн уугуул.

-Хөөрөг урлалд гар бие оролцоод хэчнээн жил болж байгаагаас хоёулаа яриагаа эхэлье?

-Үндсэндээ, сүүлийн хоёр жилийн хугацаанд хөөрөг урлаж байна. Багадаа гоё гоё чулуугаар тоглож өссөн болоод ч тэр үү их чамин, сонин санагддаг байсан. Тэгээд хотод ирж СУИС-ийг зураач мэргэжлээр төгссөн юм. Манай удмынхан ерөнхийдөө уран гартай, сийлбэрийн дүйтэй хүмүүс болохоор дөхөм байсан хэрэг. Сургуулиа төгсөөд ерөнхийдөө чулуун урлал, хөөрөгний чиглэлээр ажиллаж эхэлсэн дээ.
-Чулуу гэдэг хатуу биет болохоор уран бүтээл хийнэ гэдэг хүнд хэцүү нь байх?
-Тийм. Уран зураг бол засаад, дараад будчихна. Модон сийлбэр гэхэд эвийг нь олоод эсвэл наагаад явчихад гэмгүй. Гэтэл чулууг боломжгүй. Ялангуяа, хөөргөнд алдаа гаргаж болохгүй шүү дээ. Анхнаасаа сайн харж, нарийн тооцох хэрэгтэй байдаг. Хэлбэр, хэмжээ, ерөнхий пропорцыг тааруулахын тулд алхам тутамдаа харна. Одоохондоо хөөрөгний төхөөрөмжөөр бус гараар хийдэг болохоор нүдний хараа, гарын мэдрэмж л хамгийн чухал болж таарна.
-Та хоёр жил гаруй хугацаанд хэчнээн уран бүтээл гаргаж тавьсан бол. Нэг хөөрөг гараас гарахад хэдий хугацаа шаардагддаг вэ?
-Одоогоор 50 шахам хөөрөг хийчихсэн байх шүү. Анхандаа тоолж, тэмдэглэж явдаггүй байсан бол сүүл рүүгээ зургийг нь авч, баримтжуулах болсон. Бодоод үзэхээр 50 орчим хөөрөгний тойм гардаг. Хийж дуусгахад чулууныхаа шинж чанараас л шалтгаалж хугацаа өөр байна. Хатуулаг ихтэй байвал ойролцоогоор 7-8 хоногт дуусгачихна. Гайгүй дундаж чулуун хөөргөнд эсвэл зөвхөн нэг хөөргөндөө төвлөрч ажиллабал 4-5 хоногт гаргаад өгчихнө дөө. Цагаан шүр, номин чулуу зөөлөндөө орно.
-Хөөрөг хийдэг түмэн янзын чулууг та хаанаас, яаж олдог юм бэ?
-Дээхэн үед урлаачид өөрсдөө чулуугаа авчирдаг байсан бол одоо чулуу сонирхдог хүн олшроод, чулууны бизнесмэн, ченж гарчихсан. Тэд гадаадаас ч авчирдаг, Монголдоо олсныг ч авчирч өгдөг юм. Өөрөө олж авъя гэвэл гадаадад байгаа найзууддаа захиж, зургийг нь өгөөд л явуулчихна. Хөөрөг захиалж байгаа хүний заримд нь чулуугаа бариад ирдэг юм. Хээрийн чулуу гаднаасаа танигдахад хэцүү л дээ. Үнэт чулуу мөн бишийг нь мэдье гэвэл булангаас нь эмтлээд норгож үзэх хэрэгтэй. Нойтон болчихоороо өөрийнх нь өнгө тодроод гарч ирдэг юм.
-Сийлбэр, чимгүүд ямар бэлгэдэлтэй байдаг вэ. Луу, морь, хангарьд гээд тоймтой хэдэн сийлбэр харагддаг?
-Бэлгэдэл гэх зүйл бараг үгүй дээ. Хүмүүс төрсөн жилийнхээ амьтныг хийлгэнэ, төрсөн нутаг, газар усныхаа төрхийг шингээхийг хичээдэг юм. Тухайн хүнд л өөрийн бодсон бэлгэдэл байхаас нэгдэж, тогтсон зүйл бараг үгүй байх. Өмнө зүгийн хийц гэхээр ихэнхдээ ханз үсэг харагддаг. Тэр нь тодорхой нэр эсвэл овог л байдаг болов уу. Монголчуудын хөөрөг тодорхой сийлбэргүй, ихэнхдээ хоёр талдаа мөртэй байдаг. Мөр гэдэг нь дээр үед сүм, хийдийн хаалганд хадсан амандаа гархи зуусан эсвэл амаа ангайсан арслангийн толгой дүрстэй тогшуур юм.
-Чулуун хөөрөгний амсар нь нарийхан хэрнээ доторхийг их том ухдаг. Үүнийг яаж ухдаг. Өнөөгийн аргачлал, хуучин цагийн технологийн ялгаа юу бол?
-Одоо хөөргөнд ашиглаж байгаа чулууны хөрөө, өрөм, точиль гээд бүх багаж алмазтай. Өрөмдөх маягаар доторх нүхийг гаргадаг. Эхлээд шулуун өрөмдөж, доод хязгаар хүртэл нь нүхлээд, дотор нь мөлгөр үзүүртэй өрмөө шургуулан хазайлгах байдлаар хөндийг гаргана. Бүх ажиллагаа устай явагддаг. Хэт их халаавал хагарчихна, доргилтыг нь ихдүүлж болохгүй. Бас нүхний хэмжээ, хананы зузааныг жигд гаргахын тулд гараараа сайн мэдэрч ажиллах ёстой. Гэхдээ гадуур хүнийг хуурахдаа ёроолыг нь хөндлөн зүсч хөндийг нь ухаад, буцаагаад наачихаж байна.
Дээр үед алмаз байдаггүй үед хороор ухдаг, салхиар үлээлгэдэг байсан юм билээ. Чулуу иддэг хорыг дотор нь хөдөлгөж, жигд нүхэлдэг. Ер нь, хуучны хөөрөгний хана маш нимгэн хийсэн байдаг. Хороо хийчихээд нарны гэрэлд тавьж идүүлж байсан болов уу. Таамаг л даа. Яг баталчихсан юмгүй.

ЗАГАСЧНЫ МОРЬ УСГҮЙ ГЭДЭГ ДЭЭ

Б.Баасансүрэн зураачийн ажлаа хааяа хийдэг ч наадам, Цагаан сар дөхөхөд хөөрөгний захиалганд дарагддаг гэнэ. Удахгүй болох Сар шинийн баяраас өмнө долоон хөөрөг дуусгах үүрэгтэй. Түүнийг хөөрөг урлалд хөтөлж оруулсан багш нь Баасандорж гэдэг үеэл нь аж. Энэ багшийнхаа талаар мундаг уран гартай, сайхан хийцтэй хэмээн шагшиж байв. Сайхан хийцтэй хөөрөг анхнаасаа л арилжаа наймаанд жин дарж ирсэн нь одоо ч хэвээр. Нэгэнт амьжиргаагаа залгуулдаг ажил нь учраас үүндээ сэтгэл хангалуун. Тэгээд ч “Дээшээ харсан сав болохоор бэлгэ дэмбэрэлтэй, төдий хэрээр амьдрал хангалуун сайхан байна” гэж ярилаа. Хөөрөг урлаачдынхаа дунд тэрээр харьцангуй менежменттэй нэгэн шиг санагдлаа. Фэйсбүүкээр зар түгээж, цөөнгүй хүн түүний мөрөөр ханддаг гэнэ. Гэвч одоо найзынх нь тоо 5000 хүрчихээд илүү олон хүнд мэдэгдэхгүй өнгөрч байгаа хэмээв. Тиймээс вэб сайттай болох санаа төржээ.

-Хэр их захиалганд дарагдаж байна?
-Ерөнхийдөө хийц, урлалаасаа шалтгаалж бай­гаа. Гадуур хөөрөг урладаг хүн их болчихсон, би тэдний нэг шүү дээ. Тэгэхээр хийц их нарийн, уран байх тусам захиалагчид өөрсдөө л ирэх юм. Хөөрөгний наймаа тодорхой зах зээлгүй дам дамандаа, ам дамжсан байдлаар л явдаг. Ийм сайхан хөөрөг хаана хийлгэв, би очъё гэх байдлаар үргэл­жилдэг болохоор хий­цээрээ л өрсөлдөнө дөө.
-Хөөрөгний үнэ ханшийг тогтоох хамгийн хэцүү зүйл байдаг болов уу. Үйлдвэрийн барааны орц, найрлага дээр ашгаа нэмээд үнэ гаргадаг бол хөөрөг тийм биш шүү дээ?
-Урлаачдад тулгардаг хамгийн хэцүү асуудлын нэг. Манай улсад газрын наймаа, хөөрөгний бизнесийн явц нь ижил. Эзэн нь үнэ дуугарч байхад авах хүн бас саналаа хэлнэ. Тэгээд хоорондоо тохирч чадвал наймаа амжилттай болдог. Мэдээж, хөөргөнд чулуунаас гадна ур хийцийн үнэ цэнэ зайлшгүй нэмэгдэнэ. Ховор нандин гоё чулуугаар их чамин сайхан хийц урлачихвал чамгүй үнэ хүрнэ дээ. Бас зөвхөн өөрийнхөөрөө үнэлж болохгүй гадуур наймаанд хэдий багцааны үнэ хүрч байгааг мэдэх хэрэгтэй болдог.
-Таны гараас хамгийн үнэтэй гарсан хөөрөг гэвэл?
-Миний хийж байсан хамгийн үнэтэй цагаан шүрэн хөөрөг. Бараг хоёр жилийн өмнө урласан бүтээл. Харин одоо хөөрөгний бизнест хамгийн үнэтэй нь улаан шүрэн хөөрөг л болоод байна даа. Цагаан хаш, халтар манан хөөрөг бас үнэтэй. Яагаад гэхээр, халтар мана чулуу олдохоо байчихаар ханш нь нэмэгдчихдэг. Гадуур зарж байгаа халтар мана бол өмнө үед урласан, хуучны л эд байгаа даа.
-Хөөрөг захиалдаг хүмүүсийн дунд залуучууд хэр байна. Ихэнхдээ л нас тогтсон эсвэл бийлэгжүү хүмүүсийн гарт л хөөрөг харагддаг?
-Сүүлийн үед залуучууд уламжлал заншлаа сэргээе, баримталъя гэдэг үзэл дэлгэрч, тэр хэрээр хөөрөг их сонирхдог болсон шүү. Гэхдээ тийм том биш бага гарын эсвэл дунд гарын хөөрөг захиалдаг. Залуучууд хөөрөг захиалах нь ихсээд ирэхээр гаднах чимэг, сийлбэр нь уламжлалт байдлаас өөрчлөгдөх хандлага бий. Харьцангуй авангард загвартай болох шинжтэй, надад ч өөрийн гэсэн бодсон зүйл байгаа.
-Яг одоо өөрийн чинь санд хэчнээн хөөрөг байдаг вэ?
-Их гоё тогтоцтой чулуугаар сайхан хийсэн хөөргийг хүмүүс орж ирээд, үзээд л аваад явчихдаг. Эсвэл хүнд битгий үзүүлээрэй гээд нүдэлчихдэг юм. Яг одоо надад дууссан, дуусаагүй долоон хөөрөг байна. Гэхдээ эд бараг үлдэхгүй л болов уу, захиалга өгч байгаа эсвэл хөөрөг хайсан хүмүүс шууд авчихдаг болохоор загасчны морь усгүй гэдэг шиг өөртөө хөөрөггүй хоцрох нь бий.

ХӨӨРӨГ УРЛАЛ ХЯТАД ХИЙЦ РҮҮ ОРЧИХ ВИЙ

Хэдийгээр хөөрөг урлал нь Б.Баасансүрэнгийн бизнес боловч нөгөө талаас уран хийц, сийлбэрийн уламжлалыг хадгалж яваа хэрэг. Тийм ч учраас тэр хуучны сайхан хөөрөгний хийц, загварыг дэлгэрүүлэхийг хичээдэг гэнэ. Уг нь хүрээгээ тэлж, нэмээд ажилтан авъя гэхээр хүний үнэтэй чулуу хагалчихдаг эсвэл ур дүй муу байх нь бий. Сонирхуулахад, хөөрөгний их бие нь 400-500 мянгаар үнэлэгдэж байхад түүний шүрэн толгой нь 7.5 сая байх нь бий. Өөрөөр хэлбэл, хуруун чинээ шүрэн толгой хөөрөгнөөсөө 15 дахин үнэтэй гэсэн үг.

-Монголчууд хөөргийг Сар шинийн баяраар л барьж, мэндчилдэг. Үүсэл, агуулга, учир бэлгэдэл нь юу байсан юм бол?
-Хуучин цагт хөөргөнд эм тан хийдэг байсан юм билээ. Тэгээд сүүлдээ хам­рын тамхи гэгч бий болж түүнийг хадгалах сав хэрэгтэй болно шүү дээ.
Тэгэхээр нь хөөргөнд хийдэг болсон гэдэг юм. Агуулгын тухайд одоог хүртэл мэндийн зөрөөнд зориулж солилцдог. Ингэхдээ толгойг нь өргөж, бага зэрэг нээгээд өгдөг. Энэ нь, битүү саванд ямар ч хар хор, муу санаа байхгүй шүү гэдгийг илэрхийлж буй хэрэг. Хөөрөгний түүх, үүсэл анхнаасаа л Монгол, Түвд, Манж буюу хятад гаралтай. Тэгэхээр энэ гурав нь өөр өөрийн хийц онцлог, ялгаа уртай байдаг. Манай оронд мэдээж халх, монгол хийцийг л голлон барина, би ч халх хийцээ л дэлгэрүүлж яваа. Гэхдээ зарим хөөрөг урлаач хэлбэр хөөж, хэтэрхий хятад өнгө аястай болгоод байгаа. Монголын уламжлалт урлал, ухааныг хадгалж яваа болохоороо өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун, бахархаж л явдаг юм.
-Таны хэлсэн гурван газарт л хөөрөг хэрэглэж байна уу?
-Анхны үүсэл нь гурван газар л даа. Орчин үеийн хэрэглээ Японд бий, Америкт ч байгаа. Хамрын тамхи гэдэг зүйл 17 дугаар зууны үеэс үүсэхээр түүнийг ямар нэг зүйлд хадгалах, сав хэрэгтэй болно шүү дээ. Тэр нь заавал чулуун хөөрөг байх албагүй төмөр, шил, мод, хуванцараар хийсэн байдаг юм билээ. Хятадууд ялангуяа хув, шил гээд янз бүрийн зүйлээр хийж байхад монголчууд зөвхөн чулуун хөөрөг ашигладаг.
-Хятадууд техник, төхөөрөмжөөр хийчихэж байна уу эсвэл манайхан шиг гар урлал уу?
-Ерөнхийдөө, техник ашиглаж байгаа. Гэхдээ хөөргөнд зайлшгүй гараар хийх ёстой зүйл бий. Түүнийг хийхдээ маш олон хүний гар дамжих байдлаар бүтээдэг юм билээ. Нэг нь зөвхөн дотрыг нь ухаж байхад нөгөө нь өнгөлгөө эсвэл сийлбэр хийх жишээтэй. Харин сүүлийн үед сийлбэрийн багаж гээд гурван хэмжээст /3D/ төхөөрөмж бий болсон.
-Чулуун урлал болохоор хөөрөгний нас, хэрэглээ хэдэн ч үе дамжин явчихдаг байх?
-Хуучны сайхан хөөрөгнүүд өнөөдрийг хүртэл уламжлаад ирсэн. Ямар үүх түүх агуулсан гэдгээсээ шалтгаалж үнэ нь улам өснө. Гэхдээ хэдий үеийн хөөрөг байсан харшаад, унагаад хагалчихгүй л бол байсаар байна. Хүний гар тодорхой хэмжээний тослогтой байдаг учраас барих тусам өнгө ордог. Мөн гартаа удаан барьж чулууны энергийг биедээ авдаг юм.
-Чулуун хөөргөнд хэ­дий хэмжээний тамхи багт­даг бол гэдэг нь их со­нирхолтой санагддаг. Ха­рахад их жижигхэн сав шүү дээ?
-Алганд багтдаг жижигхэн чулуу хэрнээ дотроо их хэмжээний тамхи багтаадаг. Тодруулбал, дунд гарын хөөргөнд 5-6 цайны халбага хамрын тамхи орчихдог. Үүний тулд дотор хөндийг төдий чинээ нарийн гаргаж, ханыг хамгийн эцэст нь хүртэл нимгэлэх хэрэгтэй. Нимгэн ханатай байх тусам хөөрөгний чансаа сайжирдаг. Товчхондоо, шилэн аяганаас ч нимгэн болтол нь урласан хөөрөг хамгийн сайн гэдэг юм.

Б.Ганбилэг

1 Сэтгэгдэл
Сайн байна уу. Баасансүрэн гуайтай холбоо барих утас хэлж өгч болох уу
Хамгийн их уншсан