Сургуульд байх үед гэрийн даалгавар гэж хамгийн төвөгтэй эд байдаг сан. Гэтэл эцэг эх болсон хойно хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийх үе гардаг байх нь. Нуулгүй хэлэхэд сургуулийн насны хүүхэдтэй эцэг эх болгон л хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд их бага оролцдог нь үнэн. Харин хэр их оролцдог болохыг Англид явуулсан нэгэн судалгаагаар жишээ болгон үзвэл эцэг эхчүүдийн гуравны хоёр нь буюу дийлэнх нь хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд тусладаг гэнэ. Тэгвэл бүр зургаан эцэг эх тутмын нэг нь туслаад зогсохгүй бүр бүхлээр нь хийж өгдөг гэнэ. Тэд судалгааны асуултад хариулахдаа хүүхдийнхээ даалгаварыг хийж байх үед "хэргийн эзэд" өөрсдөө хойшоо суугаад амарч байдаг, эсвэл бүр ширээнээсээ босоод явчихдаг гэж үнэнээ хүлээжээ. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхэддээ туслая гэж хичээгээд ч үнэхээр дийлэхгүй гэрийн даалгавар зөндөө гардаг хэмээн ярьсан байна. Ер нь, хичээл хийх дургүй хүүхдээ даалгаврыг нь хийлгэх гээд суулгах тийм ч амар хэрэг биш. Иймэрхүү асуудлаас болж ямар ч гэр бүл сард гурваас доошгүй удаа ам мурийдаг хэмээн уг судалгаанаас дүгнэсэн байна.