Холливудын хамгийн хүндтэй жүжигчдийн нэг Мерил Стрип 18 дахь удаагаа Оскарын шагналд нэр дэвшиж, рекорд тогтоолоо. Тэрээр "August:Osage Country" киноны дүрээрээ шилдэг эмэгтэй гол дүрийн номинацад нэр дэвшсэн юм. 64 настай алдарт жүжигчин өмнө нь 17 удаа Оскарт нэр дэвшиж байснаас гурван удаад нь Алтан хүний шагналыг гардаж байсан билээ. 1979 онд "Крамер, Крамерын эсрэг" киноны туслах дүрээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал хүртэж байсан бол 1982 онд "Софигийн сонголт", 2011 онд "Төмөр хатагтай" киногоор шилдэг эмэгтэй дүрийн шагнал гардсан юм. Холливудынхан дунд түүн шиг ийм олон удаа Оскарт нэр дэвшсэн тохиолдол байхгүй. Жүжигчин Жэк Никольсон, Катерин Хебпюрн нар тус бүр 12 удаа нэр дэвшсэнээрээ түүний дараа гишгэж байна.
Мерил Стрип Оскарт нэр дэвшсэнээ дуулаад "Жулия бид хоёрыг Академиас нэр дэвшүүлж, манай киног улс орон даяар улам олон хүний анхааралд хүргэж байгаад баяртай байна" хэмээн мэдэгджээ. Тэрээр дээрх кинонд жүжигчин Жулия Робертстой хамтран тоглосон юм.
Хэдийгээр М.Стрип гайхалтай жүжигчин ч гэлээ энэ удаа Оскар авахгүй байх гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь, кино шүүмжлэгчид энэ жилийн Оскарт "Blue Jasmine" киноны Кейт Бланшет, "Gravity" киноны Сандра Буллок нарт илүү найдлага тавьж байгаа юм. Тэдэнтэй хамт "American Hustle" киноны Эми Адамс, "Philomena" киноны Жүди Денч нарын туршлагатай жүжигчид ч энэ номинацад нэр дэвшиж буй.
Эми Адамс
Жүди Денч
Сандра Буллок
Кейт Бланшет