Монголд эдийн засгийн алуурчид байна хэмээн сүүлийн үед их бичиж, ярьдаг болсон. Тэднийг хайж цаг заваа барах шаардлага байхгүй. Бид өөрсдөө л эдийн засгаа сульдаатай, тогтворгүй, өсөлтөө хадгалж чадахгүй байдалд хүргэж байна. Энэ нь хүн бүрийн нүдэнд ил зүйл юм. Тухайлбал, Хүний хөгжил сангаас 2010 оноос хойш иргэдэд бэлэн мөнгө тарааж эхлээд сонгуулийн популист амлалтаа хэрэгжүүлж ирсэн. Ингээд таван янзын амлалтад 2010-2012 онд 1.9 их наяд төгрөг тарааж өгсөн билээ. Үүний үр дүнд ядуурал өссөн судалгаа бий.
2008 онд Монгол Улсын хүн амын 36 хувь нь амьжиргааны доод төвшинд амьдарч байв. Өөрөөр хэлбэл ядуу амьдарч байсан гэсэн үг. Гэтэл бэлэн мөнгө тарааж эхэлсэн он жилүүдэд 38 хувь болж өсчээ.
Ядуурал ийнхүү өсөхөд өнөөх инфляцын өндөр түвшин гол үүрэг гүйцэтгэв. Учир нь, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж иргэдийн олсон хэдэн төгрөг зүгээр цааснаас ялгаагүй хэмжээнд хүрч байсантай холбоотой. Өнгөрсөн онд Монголбанк мөнгөний зөөлөн бодлого явуулж эдийн засгаа тэтгэсний хүчинд 15 хувиас буухаа байсан инфляцыг номхруулж долдугаар сард нэг оронтой тоонд буюу есөн хувьд оруулж ирсэн. Гэвч эргээд өсч сүүлийн сард 12.5 хувьтай болов. Эдүүгээ, Монголбанк энэ оны эцэст есөн хувьд оруулах зорилт тавиад байгаа. Гэхдээ янз бүрийн популист амлалт болон эдийн засгийн тогтвортой байдал алдагдуулах, өөрийн эрх ашгаа бодсон буруу ташаа мэдээлэл сөрөг хүчин болох МАН-аас баруун солгойгүй түгээхгүй бол тэр шүү дээ.
Манай эдийн засгийн гол тулгуурын нэг хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбарт тогтсон бас нэг гаж тогтолцоо бий.
Засгийн газраас 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарлав. Ингээд газар тариалангийн салбарыг хөгжүүлэх зорилгоор “Атрын-III” аян өрнүүлсэн. Энэ бол мэдээж зөв бодлого, алхам байлаа. Гэвч хэрэгжихдээ буруу замаар явжээ. Тухайлбал тооны хойноос хэт хөөцөлдсөн тул чанаргүй буудай хурааж авах болсон. Нөгөө талаартариаланчид их ургац авч улсад тушааж ахиухан мөнгө авахыг хүссэн тул олдсон үрээ холиод л тарьдаг болжээ. Өөрөөр хэлбэл, нэг талбайд хэдэн янзын сортын үр суулгах явдал газар авсан байна. Үүний нөлөөгөөр үрийн чанар муудах, бодлого алдагдах хэмжээнд хүрснийг туршлагатай тариаланчид хэлдэг. Гэтэл чанартай нэг сортын үр гаргаж авахын тулд 40-50 жил зарцуулдаг ажээ.
Урамшуулал өгч, өндөр үнээр худалдаж авах зах зээл бэлэн байхад тухайн бизнес цэцэглэх нь мэдээж. Ийм ч учраас “Атрын-III” аянаас хойш газар тариалан эрхлэх аж ахуй, иргэний тоо, тариалангийн талбайн хэмжээ огцом өсчээ. Нэг талаас нь харвал энэ нь сайн. Нөгөө талаасаа мэргэжлийн бус хүмүүс газар тариалангийн салбар руу хошуурснаас бүтээгдэхүүн нь чанаргүйжихэд хүргэсэн юм. Хэдийгээр жилд хурааж авах буудайн хэмжээ өссөн ч дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангаж чадаагүй. Үүнийг статистик мэдээллээс харж болно. Тухайлбал 2008 онд 150 мянган га талбайд буудай тариалж 200 мянган тонныг хурааж авчээ. Үүнээс үрийн нөөцөд 69.1, малын тэжээлд 7.1, спитрын үйлдвэрт 5.1 мянган тонн буудай ногдож буй юм. Тэгэхээр гурил үйлдвэрлэхэд 139.5 мянган тонн буудай үлдсэн. Ийм хэмжээний буудайгаар гурил үйлдвэрлэхэд 94.2 мянган тонн болно. Гэтэл тухайн үед манай улсын гурилын жилийн хэрэглээ 243.4 мянган тонн байжээ. Тэгэхээр үлдсэн хэрэгцээгээ хангахын тулд гадаадаас гурил импортлохоос өөр аргагүйд хүрэв. Харин дотоодын гурилын үйлдвэрлэл 105.3 мянган тонн байлаа. Энэ гурилыг үйлдвэрлэхэд 154.4 мянган тонн улаан буудай шаардагдсан статистик мэдээлэл бий. Ингээд нэгэнт гурилын хэрэгцээгээ хангаж чадаагүй тул гадаадаас 105.7 мянган тонн гурил, дээр нь 114.7 мянган тонн улаан буудай импортолсон байна.
Тухайн үед бид ОХУ-аас “Алейка”, Казахстанаас “Цесна”, Хятадаас “Тогоочтой дээд” гэсэн нэртэй гурил авч байв. Одоо ч эдгээр гурил хүнсний зах, дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй л харагддаг. “Атрын-III” аян хэрэгжиж дууссаны дараа буюу хамгийн их ургац авсан 2012-2013 онд 295.9 мянган га талбайд улаан буудай тариалж 461.6 мянган тонн ургац хурааж авчээ. Үүнээс улсын үрийн нөөц, малын тэжээл, спиртийн үйлдвэрлэлд ашигласныг нь хасч тооцвол гурил үйлдвэрлэхэд 278.2 мянган тонн улаан буудай үлдэв. Энэ улаан буудайгаар 187.8 мянган тонн гурил үйлдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, жилийн нийт хэрэгцээнийхээ 71.4 хувийг дотоодоос хангажээ. Гэтэл манай улсын гурилын хэрэгцээ 263.3 мянган тонн болсон юм.
Үүнийг тооцохдоо насанд хүрсэн хүн дунджаар хоногт 254 гр жилд 92.7 кг гурил иднэ гэж үзжээ. Учир нь насан дхүрсэн хоногт 2550 ккал илчлэг хоол хүнснээсавах ёстой. Тэгж байж эрүүл чийрэг урт удаан амьдрах үндэс болно. Хүн энэ илчилгээ мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо зэргээс голлон авдаг. Ингээд нэгэнт гурилын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа тул 24 мянган тонн гурил импортолсон байна. Энэ нь гурилын импорт буурч 9.1 хувь болсныг илтгэсэн явдал.
Манай улс өнгөрсөн онд 275 мянган га талбайд улаан буудай тариалж 370 мянган тонн ургац хураасан. Үүний 248.8 мянган тонноор нь 167.9 мянган тонн гурил үйлдвэрлэх тооцоо бий. Гэтэл энэ жилийн гурилын хэрэгцээ 270 мянган тонн байгаа юм. Тэгэхээр хэрэгцээгээ хангахын тулд 103 мянган тонн гурил, эсвэл ийм хэмжээний гурил үйлдвэрлэх улаан буудай импортолж таарах нь.
Энэ бүгдээс үзэхэд “Атрын-III” аяныг хэрэгжүүлэхдээ тариаланчдаас авах улаан буудайд стандарт тогтоож түүнд нийцээгүйг нь худалдаж авахгүй байх байж. Тэгвэл өнөөдөр манай газар тариалангийн хөгжил шинэ шатанд гарч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй ч бусдаас ч дутахгүй улаан буудайтай, сайн чанарын олон төрлийн сортын үртэй болох байлаа. Нөгөө талаар манай эдийн засаг тогтвортой иргэдийн халаасан дахь хэдэн төгрөгийн худалдан авах чадвар муудахгүй байх нэг үндсийг бүрдүүлэх учиртай юм. Тэгэхээр эдийн засгийн хамгийн аюултай “алуурчин” нь элдэв зүйл амласан, ард түмнийг өнгөн талдаа эвийлж, ачир дээрээ тохуурхсан популистууд гэдэг нь тодорхой юм.
Х.Баттулга: Татваруудаас чөлөөлснөөр үр, буудай хямд үнээр орж ирж, өртөг нь буурна
УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өчигдөр 100 мянган тонн улаан буудайг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы хуралдаанд оруулахаар болов.
Дээрх асуудлын талаар ҮХАА-н сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-100 мянган тонн улаан буудайг татвараас чөлөөлөхтэй холбоотой тогтоолын төсөлд хэлэлцүүлгийн явцад өөрчлөлтүүд орж байна. Үрийн буудай нэмж авах талаар өөрчлөлт орсон уу?
-Ер нь 100 мянган тонн хүртэлх улаан буудайг тодорхой хугацаатайгаар нөөцлөх асуудал яригдсан. Үүний тулд НӨАТ, Гаалийн татварыг чөлөөлөхөөр анх хуулийн төсөл оруулж ирсэн. Татваруудаас чөлөөлөхөөр гурилын нөөц хомсдох үед гурилын үнийг барих гэсэн арга юм. Шатахууны үнэ өсөхөд гааль, НӨАТ-аас чөлөөлдөг зарчимтай адилхан. Төслийг хэлэлцэх явцад сайн чанарын үрийн шинэчлэл дээр анхаарч, 20 мянган тонн хүртэлх сайн чанарын үр оруулж ирээч гэсэн санал гарсан. Үүнийг бас НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх санал гарсан. Татваруудаас чөлөөлснөөр үр, буудай хямд үнээр орж ирээд, өртөг нь буурна гэсэн үг. 100 мянган тонн хүртэл гэдэг нь сард 80 мянга эсвэл 70, 90 мянган тонн болохоор буцаагаад болиулчих юм.
-Энэ тогтоол батлагдаж, хэрэгжсэнээр гурилын үнэ тогтвортой байна гэсэн баталгаа болж чадах уу?
-Гурил, махны үнийг тогтвортой байлгах хөтөлбөрүүд хэрэгжүүлээд байгаа. Монголчуудын хүнсний гол хэрэглээ нь мах, гурил. Мах, гурилын үнийн өсөлт инфляцад маш их нөлөө үзүүлдэг. Тэгэхээр Засгийн газраас энэ тал дээр явуулж байгаа бодлого юм. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийн үр дүнд гурилын үнийг барьж ирж байсан. Махны үнэ өсөх үед нь нийлүүлэлтийг анхаардаг.
-Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийн гол агуулга гэвэл?
-Өнгөрсөн хугацаанд газар тариалангийн бодлого гаргаж, энэ чиглэлээ сэргээсэн. Сэргээсний дараа яах вэ гэхээр тогтворжуулах бодлого баримтлах шаардлагатай. 2014-2024 он хүртэлх 10 жилийн хугацаатай бодлогыг хөтөлбөрийн дагуу оруулж ирж байгаа юм.
Өчигдөр Байнгын хороонд бодлого хөтөлбөрөө танилцуулсан. Өнөөдөр Байнгын хороонд бодлого хөтөлбөрөө чиглүүлээд УИХ-д оруулж ирэх үүргээ авчихлаа. Эндээс ажлын хэсэг байгуулаад намрын чуулганаар батлуулчих санал байгаа.
-Импортын буудай оруулж ирэх тогтоол батлагдлаа гэхэд буудайгаа хэзээнээс оруулж ирэх боломжтой вэ?
-Одоохондоо буудайн үнэ хямд байгаа учир бид яараад байгаа юм. Гуравдугаар сараас хойш бол буудайны үнэ өсөөд явчихна. Хямд байгаа үед нь гэрээ хийчих юм бол хэмжээгээрээ хямдралтай оруулаад ирэх гэж яараад байгаа.
Үүнээс гадна тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг 1000 тонн улаан буудайнаас гарах хивгийг экспортод гаргалгүйгээр дотоодын сүүний фермүүдэд өгөх шаардлагатай гэсэн санал хэлэв.
Салбарын сайд нь хивэгний экспортыг дэмжих ёстой гээд дотоодын хэрэгцээ 1000 тоннд хүрэхгүй харин 500-600 тонныг авч үлдэх боломжтой гэсэн хариулт өгсөн юм. Ингээд 500 тонн хивгийг дотоодын хэрэгцээнд авч үлдэх асуудлыг Байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг болгон хүргүүлэхээр тогтов.