Хүн төрөлхтөний хамтдаа бүтээж буй хамгийн том онлайн нэвтэрхий толь Wikipedia өнөөдөх 12 нас хүрч байна. Ашгийн бус Wikimedia хэмээх сангийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг энэхүү интернэт нэвтэрхий толь 2001 оны нэгдүгээр сарын 15-наас хэрэглэгчдэд хүрч эхэлсэн юм. Wiki буюу хурдан хэмээх хавай үгийг encyclopedia буюу нэвтэрхий толь гэсэн үгтэй нийлүүлэн нэрлэсэн энэхүү цахим толлийг Жимми Уэльс, Ларри Сангер нар үүсгэн байгуулжээ. Тэд анхандаа зөвхөн англи хэлээр Nupedia хэмээх нэвтэрхий толь хийхээр төслөө эхлүүлсэн ч жилийн дотор Wikipedia болон өргөжсөн түүхтэй.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Wikipedia дээр 287 хэлээр 30 сая гаруй өгүүлэл хадгалагдсан байгаагаас англи хэлнийх нь өгүүллүүд 4,4 саяд хүрчээ. Энэ олон сая өгүүллийг Wikipedia-д холбогдсон хэн ч болов засах, редакторлох боломжтой байдаг нь уг цахим нэвтэрхий толины хамгийн гол онцлог юм. Гэхдээ энэ нь нөгөө талаар Wikipedia-гийн мэдээлэл үнэн зөв эсэхэд эргэлзэхэд хүргэдэг ч угаас энэ нэвтэрхий толь өөрөө шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдсон баримт судалгаатай эрдэмтдийн өгүүлэл гэхээс илүүтэй академик бус агуулгатай контент давамгайлдгаараа хүмүүсийн сонирхлыг их татдаг. Түүхэн, нэр алдартай хүмүүсийн намтраас эхлээд янз бүрийн амьтан, ургамал, түүхэн үйл явдал гээд байхгүй юм байхгүй цахим нэвтэрхий толийг тогтмол хэрэглэдэг 365 сая уншигч бий гэдэг.
Wikipedia нь цахим хуудаснуудын рейтинг тогтоодог Alexa-гийн үнэлгээгээр дэлхийд зургаад бичигддэг. Ийнхүү дэлхийн хамгийн олон уншигчтай цахим хуудас болоход нь Google-ийн оруулсан хувь нэмэр ч их бий. Учир нь, Google-ээр ямар нэг зүйл хайлаа гэхэд Wikipedia дээрх тэр тухай өгүүлэл хайлтын илэрцийн хамгийн эхэнд гарч ирдэг. Тийм ч учраас Google-ээр дамжуулан тус сайт руу нэвтрэх нь маш түгээмэл байдаг юм.
Ер нь, Wikipedia-д хэн ч ямар нэгэн сэдэв үүсгээд бичиж болох бөгөөд хамгийн гол нь тухайн хүний бичсэн зүйл толь бичиг төдий тайлбар биш харин нэвтэрхий толийн хэмжээнд мэдээлэл өгөх ёстой гэсэн ерөнхий зарчим бий. Түүнчлэн зөвхөн олон нийтээр мэддэг, хүлээн зөвшөөрдөг, мөн хоёр дахь эх сурвалжаар баталгаатай хамгаалагдах тийм сэдвээр бичих ёстой гэдэг. Гэхдээ Wikipedia-гийн мэдээллийг найдвартай эх сурвалжид тооцдоггүй, ялангуяа их сургууль, коллеж, эрдэм шинжилгээний газруудад. Ихэнх их сургуулийн багш нар оюутнуудаа судалгаа шинжилгээний ажилдаа Wikipedia-гаас иш татахыг хориглодог. Америкийн номын сангуудын холбооны ерөнхийлөгч нэгэнтээ Wikipedia-г хүмүүсийн эрүүл мэндийг хордуулдаг түргэн хоолтой зүйрлэж хэлсэн байдаг. Энэ нэвтэрхий толь түргэн хоол шиг маш хурдан мэдээлэл олж авах боломжийг олгодог ч эрүүл мэндэд хортой байдаг шиг оюуны эрэл хайгуул хийж байгаа хүмүүст муугаар нөлөөлдөг гэжээ.
Wikipedia 287 хэлээр уншигчдад хүрч байгаагаас Англи, Нидерланд, Герман, Франц, Итали, Польш, Испани, Орос, Швед хэл дээр нэг саяас дээш өгүүлэл хадгалагдаж байдаг ажээ. Энэ лавлах толины өгүүллүүдийн 15 хувь нь нэр алдартай хүмүүсийн намтар, түүх, 14 хувь нь газар зүй, алдартай газрын тухай мэдээлэл, 12 хувь нь нийгэм, нийгмийн шинжлэх ухаан, 11 хувь нь түүх, түүхэн үйл явдал, 9 хувь нь байгаль, физикийн шинжлэх ухаан, дөрвөн хувь нь технологи, хоёр хувь нь шашин шүтлэг, итгэл бишрэлийн талаар байдаг бол хоёр хувь нь эрүүл мэнд, нэг хувь нь математик, логикийн ухаан, мөн нэг хувь нь гүн ухааны тухай байдаг аж.
Энэ их мэдээллийг агуулж байхын тулд анх ердөө нэг сервертэй байсан Wikipedia өдгөө АНУ-ын Флоридад 300, Амстердамд 44 сервер ашиглаж байна.