Зам, Тээврийн Яамны харъяа Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн захирал Р.Отгонбаатартай Авто замын салбарт нэвтрүүлж буй шинэ техник, технологийн талаар ярилцлаа.
-Та байгууллагынхаа үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар товч танилцуулна уу?
-Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаар тогтоолоор манай төв нь зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар арчлалтын ажилд техник, технологийн хяналт тавих, авто замын сүлжээг хөгжүүлэх бодлогын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, салбарын үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, стандарт, норм норматив боловсруулах үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулагдан ажиллаж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар татан буугдаж ихэнх чиг үүрэг манай төвд шилжин ирсэн.
-Зам, тээврийн салбарын хөгжилд танай байгууллагын үүрэг оролцоо чухам юу байх вэ?
-Салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бие даасан байгууллагатай болох асуудал олон жил яригдсаны үр дүнд тус төвийг байгуулсан. Иймд бид авто замын сүлжээг өргөжүүлэх, эрчимтэй бүтээн байгуулалт хийгдэж байгаа энэ үед салбарын хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, авто замын салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх уураг тархи, түүчээ нь болж ажиллах ёстой юм. Шинэчлэгдсэн бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа манай төвийн хувьд туршилт шинжилгээ судалгааны материаллаг баазаа бэхжүүлэх, хүний нөөц бүрдүүлэх, үйл ажиллагааны санхүүжилтийн зохистой орчин бүрдүүлэх гээд шийдэх асуудал маш их байна. Монгол Улсад хамгийн эрэлттэй мэргэжлээр Авто замын инженер нэрлэгдээд олон жил болж байна. Үйлдвэрлэл дээр ажиллагсдын цалин хангамж ч оффист ажиллагсдаас 3-5 дахин өндөр болсон. Ийм нөхцөлд манай хамт олон өөрсдийн нөөц бололцоо, боломжоор ажиллаж байгаа.
-Танай төвд хийгдээд үйлдвэрлэлд үр дүн нь гарсан ямар технологи байна вэ? Ер нь 2013 онд хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны гол ажлаасаа дурдаач?
-Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв энэ онд улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа нэр бүхий 39 зам, гүүрийн барилгын ажилд техник, технологийн хяналт хийсэн. Хяналтын үйл ажиллагаа хүн хүчний болон цаг хугацаа ихээхэн зарцуулдаг чухал хариуцлагатай ажил юм. Эрдэм шинжилгээ, судалгааны хувьд нэр бүхий есөн сэдэвт ажлыг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Судалгааны ажлыг олон улсын жишгээр онолын суурь судалгаа, лабораторын сорил туршилт, талбайн ажиглалт, судалгаатай хослуулан хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй үр дүн гарган авах ёстой. Дээр дурдсан есөн ажлын олонх нь авто замын өртөг өндөртэй хийц болох хучилтын дэвшилтэт хийц, технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэгдэж байгаа. Эдгээр судалгааны ажлыг хэрэгжүүлэх хугацаа 1-3 жил үргэлжилнэ. Авто замын салбарт шинэ технологи, шинэ мэдлэг бий болгох асуудалд цаг хугацаа шаардлагатай. Бидний хийж байгаа ажлаас үр дүнгээ тодорхой түвшинд өгч байгаа нь бий. Тухайлбал, авто замын суурь үеийг төрөл бүрийн барьцалдуулагчаар бэхжүүлэн газар дээр нь хүйтнээр дахин боловсруулах замаар хучилтыг эдийн засгийн үр өгөөж өндөртэй, байгальд ээлтэй хэлбэрээр шинэчлэх технологийг нутагшуулах ажил үндсэндээ хэрэгжлээ.
-Дэвшилтэт техник технологийг авто замын үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр хийсэн шинэлэг ажлын талаар?
-Дэвшилтэт техник, технологийг авто замын барилгын ажилд нэвтрүүлэх нь нэн тэргүүний асуудал юм. Сүүлийн жилүүдэд авто замын барилгын ажлыг гүйцэтгэгч үндэсний компаниудын чадавхи сайжирч байгаа ч хийж буй ажлынх нь чанарыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Зам, тээврийн яам болон манай төв дэвшилтэт техник, технологийг авто замын барилгын ажилд нэвтрүүлэх замаар авто замын барилгын ажлын гүйцэтгэлийн үр дүн, чанарыг сайжруулах, авто замаар зорчигчдын аюулгүй тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарал тавин ажиллаж байна.
Авто замын чанар сууриас хамаардаг. Авто замын хучилтыг хичнээн сайн чанартай хийлээ гэхэд суурь муу байвал амархан эвдрэл гэмтэл, хэв гажилтад ордог. Иймд авто замын засвар шинэчлэлтийн ажилд авто замын суурийг хүйтнээр дахин боловсруулах дэлхийд тэргүүлэгч Ресайклерийн техник, технологийг цаашид авто замын их засвар, шинэчлэлтийн ажилд тууштай хэрэглэх шаардлагатай.
Манай төвийн мэргэжилтнүүдийн судалж туршсан хөрс бэхжүүлэгч бодисын судалгааны үр дүнг авто замын суурийг Герман улсын Виртген группийн WR 2500S маркийн хүйтнээр дахин боловсруулах техник (Ресайклер)-ийг ашиглах технологитой уялдуулан Налайх-Агуйтын Хөтөл чиглэлийн 24.1 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэгч “Замын битум” ХХК-тай, мөн АНУ-ын Катерпиллер компанийн CAT RM500 техник (Ресайклер)-ийг ашиглан Элсэн тасархай – Арвайхээр чиглэлийн 40 км авто замын засвар шинэчлэлтийн суурийн ажлыг “Үйлсийн зам” ХХК-тай,Улаанбаатар хотод Гудамж төслийн хүрээнд ДЦС III-аас Яармагийн гүүр хүртэлх 1.1 км авто замын засвар шинэчлэлтийн суурийг хөрс бэхжүүлэгч технологи хэрэглэн АНУ-ын Катерпиллер компанийн CAT RM500 техник (Ресайклер)-ийг ашиглан “Монроуд” ХХК-тай хамтран тус тус гүйцэтгэсэн.
-Энэ технологийн давуу тал нь юу вэ?
-Авто замын суурийг уламжлалт арга хэрэглэн барихад их хэмжээний материалыг олборлох шаардлагатай болдог. Үүнээс үүдээд хөрс, чулуу олборлох орд газар нээн ашигласнаар байгаль орчныг бохирдуулж гэмтээх, олон тооны хүнд даацын тээврийн хэрэгсэл болон хүний нөөц ашигласнаар зардал их гарах, барилгын ажлын хугацаа удаан үргэлжилснээр эдийн засгийн өгөөж буурах зэрэг дутагдалтай талтай. Харин энэхүү технологийг хэрэглэснээр заавал хөрс, чулууны орд газар нээн ашиглах шаардлагагүй болдог, өөрөөр хэлбэл, тухайн зам барьж буй орчинд байгаа хөрс шороо бусад материалд цемент болон нэмэлт бодис хэрэглэн Ресайклер хүйтнээр дахин боловсруулах техникээр бутлан хольж бэхжүүлэх замаар авто замын суурийг богино хугацаанд шуурхай, чанартай хийж гүйцэтгэдэг. Ийм учраас олон тооны хүнд даацын тээврийн хэрэгсэл, хүний нөөц шаардагдахгүй, хугацаа хэмнэдэг, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талуудтай.
-Шинэ техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр ирэх жилд хийж бүтээхээр төлөвлөж буй ажлынхаа талаар ярина уу?
-Бидэнд хийхээр бодож төлөвлөж буй ажил ирэх жилийн хувьд үнэхээр их байна. Жишээ нь, дээр өгүүлсэн авто замын суурийг хүйтнээр дахин боловсруулагч Ресайклер техник ашиглан барих ажлыг гүйцэтгэхдээ шаардлагатай төрөл бүрийн бодис ашиглан суурийг бэхжүүлэх туршилт хийсэн авто замуудад ажиглалт, судалгааг хийх, цаашид авто замын суурийг нэмэлт бодисоор бэхжүүлэх болон хучилтын технологийн оновчтой шийдлийг гаргах чиглэлээр ажиллана.
Мөн авто замын чухал хийцийн нэг болох асфальт бетонон хучилтын чанарыг сайжруулах асуудлыг шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ чиглэлийн судалгааны ажлыг бид эхлүүлсэн. Тухайлбал, АНУ-д хэрэглэгддэг асфальт бетонон хучилтын тэргүүлэх технологи болох суперпейвийг нэвтрүүлэх, авто замын ажилд хэрэглэх сайжруулсан битумын судалгааг хийж үндэсний стандарт болгон хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана.
Энэхүү технологийг хэрэглэх, туршилт шинжилгээний стандартуудыг Монгол хэл рүү хөрвүүлэн боловсруулж, үндэсний стандарт болгон батлуулах ажлыг 2013 онд эхлүүлсэн. Эдгээр стандартыг одоо хэлэлцэн батлагдах шатандаа явж байна. Мөн дэлхийн улс орнуудад авто замын чанарыг хянаж үнэлэлт дүгнэлт гаргахад ашигладаг олон үйлдлийн систем бүхий лазерын багаж хэрэгслээр тоноглогдсон машинаар авто замын чанар байдлыг богино хугацаанд шуурхай хянаж үнэлэлт, дүгнэлт гаргадаг болсон. Иймд бид авто замын чанар байдлыг түргэн шуурхай хянаж, үнэлэлт дүгнэлт өгөх хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэдэг авто машиныг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Ажлын бүтээмж өндөртэй явуулын хэмжилт туршилтын лаборатори бүхий технологийн авто машиныг Монгол Улсын авто замын салбарт нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийнэ.
Энэ технологийн машиныг авч ашигласнаар авто зам, замын байгууламжийн чанар байдал, эвдэрлийн шалтгааныг хурдан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөх гэх мэт чухал судалгааны ажлыг хийж, мэдээллийн сан бүрдүүлэх, улмаар засварын ажлын төлөвлөлтийг оновчтой болгох зэрэг олон давуу талтай.
Бид цаашид 2013 онд хийж гүйцэтгэсэн туршилт судалгааныхаа ажлуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, нутагшуулах, ажлаа эрчимжүүлнэ. Мөн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнд тулгуурлан боловсруулах норматив баримт бичиг, стандартад илүү ач холбогдол өгнө. Өөрөөр хэлбэл олон улсын дэвшилтэт стандарт нормуудыг шууд авч орчуулан, баталж мөрдүүлж ирсэн практикаа өөрчилж, өөрийн оронд тохирсон “Үндэсний” норм стандартуудыг гаргаж эхэлнэ гэсэн үг юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай байгууллагын цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.