Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХУУЛИА САХИДАГ КОМПАНИ ГААЛЬ ДЭЭР Ч САЙНААР ҮНЭЛЭГДДЭГ

Бараа, бүтээгдэхүүн им­порт­логч бизнесийн байгуул­лагууд Гаалийн ажилтнуудтай зөвлөлдөх уулзалт хийлээ. Шинэчлэлийн Засгийн газ­рын мөрийн хөтөлбөрийн хүрээнд эрхзүйн болоод үйл ажиллагааны шинэтгэл хийж буй гаалийн байгууллага уулзалтад оролцогсдоос санал авч, шинэ хуулиа аль болох төгс хийхийг зорьж буй аж. Хагас өдөр үргэлжилсэн зөвлөгөөнд бизнес эрхлэгчид асуудал сөхөн давшиж, гаалийн алба, хэлтсийн дарга, байцаагч нар амжилттай тайлбар хийж хамгаалсаар өндөрлөсөн юм. Тухайлбал, “BSB” компанийн төлөөлөл “Гаальчид ногоон төлөвтэй барааг шалгахгүй, улаан төлөвтэйг биечлэн шалгадаг. Гэтэл заримдаа ногоон карттай ачааг ч шалгана гэх болсон. Үнэхээр бүгдийг нь шалгах ёстой юм бол өнгөөр ялгах хэрэг бий юү, сүүлдээ итгэл алдарлаа” хэмээсэн. Түүний хариуд “Иргэд, байгууллагууд энэ ногоон, улаан, улбар өнгийг замын гэрэлтэй адилхан бодоод байгаа. Гэвч энэ нь эрсдэлээс сэргийлэх аргачлал юм. Урьд нь, байгууллагаар нь төлвийг тодорхойлоод шалгалт хийдэг байсан бол одоо ачаа, бараагаар нь төлөв тогтоож байна” гэсэн юм. Харин нэг хэсэг ногоон төлвийг ч шалгасан тухайд ГЕГ-ын дарга О.Ганбат “Тэр миний тушаалаар хийсэн нэг сарын ажил байсан. Бид нэг удаа шалгаад, ер нь ямар байна вэ гэдэг багцаа, тоймоо харах гэж тийм ажил зохион байгуулсан. Гэхдээ одоо бол ногоон төлөвтэй ачааг шалгахгүй, хуучин журмаараа ажиллаж байна” хэмээв.  Өнгөрсөн онд гаалийн байгууллага 170 аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулахад 33 нь хэвийн, бусад нь ямар нэг зөрчилтэй гарчээ. Тэдэнд нийт 20.5 тэрбум мөнгөн дүнтэй тэнцэх 141 акт гаргасан байна. Хуулийн дагуу 4.1 сая төгрөгийн торгууль оноосон, 41 аж ахуйн нэгж нөхөн бүрдүүлэлт хийсэн аж. Дээрх байгууллагуудын дотор хүнсний бүтээгдэхүүний 28, барилгын материалын 20, уул уурхай, хүнд машин механизмын 20, бүх төрлийн сэлбэг хэрэгслийн 14, цахил­гаан барааны найман ком­пани зонхилж байсан гэнэ.
Бүрдүүлэлтийн дараахь шалгалтад зөвхөн импортын барааны компани ордоггүй, экспортлогч компаниуд ч хамрагддаг. Дээрх хяналт шалгалтаар уул уурхайнхан зонхилсон 10 экспортлогчийг хамруулсан аж. Бүрдүүлэлтийн дараахь шалгалтаар илэрдэг хамгийн нийтлэг зөрчил нь татвараас зайлсхийх явдал гэнэ. Тодруулбал, дутуу мэдүүлсэн нь 75 хувь, огт татварын дүнг мэдүүлээгүй нь 25 хувийг эзэлж байгаа юм. Түүнчлэн барааг өөр бараагаар мэдүүлэх, роялти, тээврийн зардал, даатгал гэх мэт бусад зардлыг багаар мэдүүлэх, горимын шаардлага зөрчих, зуучлагчийн талаас алдаа гарах зөрчил хамгийн түгээ­мэл байдаг гэнэ. Бизнесийн байгууллагууд алдаатай, дутуу мэдүүлсэн ч түүнийгээ сайн дураараа гаалийн бүрдүүлэлтийн шалгал­тад оруулснаар илүү төлбөр тө­лөхгүй байх боломжтой. Харин дутуу мэдүүлэх, огт мэдүүлэхгүй байснаар хууль ёсоор төлөх төлбөрөөс зургаа дахин илүү торгуульд орох эрсдэлтэй. Үүнээс гадна бүрдүүлэлтийн дараахь шал­галтыг бизнесийн байгуул­лага энгийн үед, сайн ду­раар хийлгэх нь ашигтай. Хэрэв тухайн байгууллага асуудалгүй, аюулгүй бол ачаа барааг ногоон төлөвт оруулахад дөхөм болдог аж. Зөвхөн гаалийн байгууллагад сайхан харагдахын төлөө хичээх бус улс, үндэсний хэмжээнд хуулиа мөрддөг шилдэг компани байхыг уриаллаа.
Гаалийн байгууллага эрс­дэлийн удирдлага хэрэг­жүүлж, түүндээ суралцах түвшинд явааг удирдлагууд нь нуусангүй. Тийм ч учраас аж ахуйн нэгжүүдийн сайн, муу гэдгийг бүрэн ялгаж чадаагүй байгааг хэлэх хүн байлаа. Цаашид хуулиа баримталж, бичиг баримтаа бүрэн төвлөрүүлж, татвараа төлдөг байгууллагыг тодорхойлж, цөөхөн муу байгууллага тодорхой болно гэсэн юм.

О.ГАНБАТ: ДАВХАР ТАТВАР МЭТ ТӨЛБӨРИЙГ ЗОГСООНО

Зөвлөгөөний үеэр Гаалийн ерөнхий газрын даргаас цөөн асуултад тодруулга авлаа.

-Гаалийн байгууллагын агуулахад их хэмжээний бараа хадгалагдаж, саатсан гэж ярьдаг. Түүний бичиг баримт бүрдүүлэлтийг хөнгөвчилж, түргэн шуур­хай зах зээлд оруулах боломж бий юү? Эдийн засгийн бараа эргэлтэд тэр нь хэр нөлөөлдөг вэ?
-Энэ онд макро эдийн засгийн үзүүлэлт багассан байсан. Тодруулбал, оны дүнгээр нийт бараа эргэлт дунджаар 7.6 хувь буурсан. Гаалийн байгууллага хилээр гарч буй ачаа бараанд хяналт, шалгалт хийж ажилладаг. Үүнээс шалтгаалж нийт эдийн засгийн бараа эргэлт гацсан, удсан гэж хэлэх үндэслэлгүй юм. Нөгөө талаас зах зээл дэх бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх эсэх нь бидэнтэй хамааралгүй асуудал. Гаалийн агуулахад ямар нэг бараа, ачаа саатдаг гэдэг нь худал яриа. Тодруулбал, тээвэрлэлттэй холбоотойгоор саатах асуудал гарах нь бий. Манай улс руу ачуулсан ачаа дунджаар 30-45 хоног Тянженьд саатдаг юм. Тиймээс үүнийг шийдвэрлэж, үйл ажиллагааг түргэсгэх зо­рилгоор санаачилга гар­гаж, Хятадын гаалийн бай­гууллагуудтай гэрээ хэлэл­цээр хийхээр ажиллаж бай­на. Үүний тулд Тянженьд эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор гэдэг аж ахуйн нэгж байгуулахаар төлөвлөсөн.
-Хоосон чингэлэг, ваго­ныг буцаахдаа лацад­даг асуудал бий. Үүнтэй холбогдуулж хэл ам их дагуулдаг шүү дээ?
-Энэ бол гаалийн байгуул­лагад тулгамдаад буй, маргаантай асуудлын нэг. Хоосон вагоныг лацдаад, доторт нь хууль бус бараа нэвтрүүлсэн явдал гарсан. Тодруулбал, саяхан хоосон хана хийгээд хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн хэрэг зөрчил илрээд байна. Бид үүнийг лацдах ёсгүй гэж үздэг. Урьд нь, хаалгыг хоёр тийш харуулж дэлгээд, хил дээр шалгаад гаргадаг байсан юм. Сүүлийн жилүүдэд лацадсан бараа, чингэлэг хил дээр шалгагдахгүй явах ёстой гэж үзэх болсон, улмаар худалдааны луйвар гарах эх үүсвэр тавигдсан гэж болно. Гэхдээ Гаалийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж, шийдвэрлүүлэхийг эрмэлзэж байгаа.
-Хуулийн шинэчлэлийн хүрээнд гаалийн татварын тарифын асуудал хэрхэн хөндөгдсөн бэ?
-Гаалийн тухай хууль өөрчлөгдсөнөөр гаалийн татвар шинэчлэгдэж, буурна гэсэн ойлголт байхгүй. Үүнийг бид Тарифын тухай хуулиар зохицуулдаг юм. Гэхдээ манай улс дэлхийн орнуудаас хамгийн бага гаалийн татвартай улсуудын тоонд багтдаг. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт гаалийн татварыг 20 хувьд хүргэх тарифын өөрчлөлтийг тусгасан байдаг. Гэвч одоохондоо тарифаа оролдохгүй, өөрчлөхгүй.
-Өнөөдөр бизнесийн бай­гуул­лагуудтай зөвлө­гөөн хийж байгаагийн зо­рил­го, ач холбогдол юу вэ?
-Гаалийн болон бизне­сийн байгууллага бол нэг зоосны хоёр тал гэдэг шиг бие биетэйгээ салшгүй уялдаатай, харилцан дэмждэг нэгжүүд. Бидний нэг гол том зорилт бол бизнесийн таатай орчин бүрдүүлэх, худалдааг хөнгөвчлөх замаар Монгол Улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэх явдал. Энэ нь, гаалийн хяналт шалгалтыг багасгаж, биет үзлэгийг аль болох багасгаж, худалдааны эргэлтийг түргэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл, эрсдэлийн удирдлагаар ажиллах шаардлага үүссэн. Эрсдэлийн удирдлагын хүрээнд барааг ногоон, улбар шар, улаан төлвөөр нэвтрүүлж байгаа. Ногоон төлөвт барааны юуг ч шалгахгүй оруулна. Улбар төлөвт бичиг баримтын шалгалт хийгээд, улаан төлөвт барааны биет үзлэг хийх ёстой. Үндсэн зарчимд аль болох ногоон төлөвтэй байж, барааг нэвтрүүлж байх. Гэтэл харамсалтай нь, манай бизнесийн салбарт ажиллаж байгаа зарим аж ахуйн нэгж, байгууллага Монгол Улсын Гаалийн болон бусад хууль тогтоомжийг мөрддөггүй. Улмаар татвар төлөхгүй байхыг хичээж, энэ буруу хандлагаасаа ангижирч чадахгүй байна. Өнгөрсөн онд бүрдүүлэлтийн дараахь шалгалтаар 170 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгахад 137 нь ямар нэг байдлаар Гаалийн тухай хууль зөрчсөн нь илэрсэн. Үүнээс дүгнэж үзэхэд худалдааг хөнгөвчлөхөд зөвхөн Гаалийн байгууллага санаачилгатай ажиллахаас гадна, бизнес эрхлэгчид маань хуулиа чанд баримталж ажиллах хэрэгтэй.
-Нүүрсний тонн тутамд 1500 төгрөгийн хураамж авч байгаа нь бухимдал төрүүлж байх шиг, та тайлбар өгөхгүй юү?
-Үүнийг хураамж гэж нэрлэж байгаа ч татвар байна гэж харах хүн олон байгаа. Асуудлыг шинжлээд, тооцоо гаргахаар гаалийн байгууллагаас энэ хураамжийн дайтай үйлчилгээ хийхгүй байна. Сүүлийн жилүүдэд экспортолж буй эрдэс баялгаас мөнгөн төлбөр авч ирснийг бид арилгахын төлөө ажиллаж байгаа юм. Давхар татварын шинж агуулж байгаа болохоор зогсоох нь зүйтэй.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан