Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2013 он эдийн засаг өсөх боломж бүрдүүлсэн жил байлаа гэж дүгнэв

Монгол орны 2013 оны нийгэм, эдийн засгийн байдлыг тоон үзүүлэлтээр Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Нийгмийн харилцааны бүхий л хэлбэрийг хамруулж, нийслэл, орон нутаг бүхэлд нь оруулж, гадаад орчин нөхцлийг ч тодорхой хэмжээгээр тусгажээ. Бүтэн жилээр нь харвал “Эдийн засгийн гадаад орчинд зарим таагүй нөхцөл байсан ч дотоодын үйлдвэрлэлийг хангах, эдийн засаг өсөх боломж бүрдүүлсэн жил байлаа” гэж тус хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг дүгнэв. Нийгмийн үзүүлэлтээс Монголын хүн ам гурван саяд дөхсөн, сургуульд суралцагсдын тоо өссөн, зарим халдварын өвчлөл цөөрсөн, ажилд орох эрмэлзэлтэй хүн олширсон гээд олон сайн мэдээтэй.

Хамгийн олон хүүхэд мэндэлжээ

Монгол Улсын хүн ам 2931.4 мянга болжээ. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 2.3 хувийн өсөлт гарсан гэнэ. Энэ өсөлтөд 2013 онд мэндэлсэн 79780 нярай багагүй нөлөөлсөн нь дамжиггүй. Манай улсын түүхэнд хамгийн олон хүүхэд мэндэлсэн нь одоохондоо 2013 он болоод буй юм. Алтан гахай жил буюу 2007 онд 55.8 мянган хүүхэд мэндэлсэн гээд бодохоор өнгөрөгч онд Монголын үрс бүр ч олон болжээ. Дашрамд сонирхуулахад, 409 хүүхэд ихэрлэж төрсөн аж. Монголын хүн амын 107.2 мянга нь хилийн чанадад, бусад нь эх орондоо амьдран суугаа юм.
Энэ хичээлийн жилд бүх шатны сургуульд 907.6 мянган хүн суралцаж байгаа гэнэ. Харин өнгөрсөн хичээлийн жилд 149.6 мянган суралцагч төгсчээ. Тэдний дунд 89 мянга нь ЕБС, 23.4 мянга нь МСҮТ, 37.2 мянга нь их, дээд сургууль, коллеж дүүргэжээ. Улсын хэмжээнд нийт ажилгүй иргэний тоо 89 мянга буюу ажилгүйдлийн төвшин 7.6 хувь байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн 42.9 мянга хүрсэн нь өмнөх жилээсээ долоон мянгаар өссөн дүн. Өөрөөр хэлбэл, ажилд орохыг хүсч, эрмэлзэж буй хүн улам олон болжээ. Ажилгүй иргэдийн бүтцийг авч үзвэл 42 орчим хувь нь бүрэн дунд боловсролтой гэнэ. Үлдсэн 60 шахам хувийг 15-34 насны залуучууд, мөн 53 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буй. Улсын хэмжээнд байгууллагаар ангилж, дундаж цалингийн түүвэр судалгаа зохион байгуулсан. Эцсийн дүн гараагүй ч оны эхний гурван улирлаар тоймлоход 100-гаас олон ажилтантай байгууллагын дундаж цалин 825  мянган төгрөг, түүнээс цөөхөн ажилтантай бол 619 мянган төгрөг байна.

Халдварын өвчлөлийн тоон дүн 37320 болж багассаны дотор вируст хепатитаар 4319 хүн буюу 63.0 хувиар, гахайн хавдраар өвчлөгсөд 3792 буюу 41.9 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Гэхдээ сал­хин цэцгээр өвчлөгчдийн тоо 1863, тэмбүүгээр өвч­лөгсөд 1292 тохиолдлоор нэмэгдсэн аж. Мөн өнгөрсөн жил улсын хэмжээнд 25362 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өм­нөх оноос өссөн үзүүлэлт. Үүнд, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2095, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг 1001 хэрэг хамгийн өндөр дүн юм.

Монголын эдийн засгийн макро үнэлгээ

Үндэсний статистикийн хороо эдийн засгийн төлөв байдлын мэдээллийг макро болон салбар үзүүлэлтээр анги­лан боловсруулдаг. Мак­­ро төвшинд мөнгөний ний­лүү­лэлт, төлбөрийн тэнцэл, хэрэг­лээний үнийн индекс, га­даад худалдаа гэхчлэн то­моохон шалгуур тавьдаг. Харин бага төвшиндөө салбар тус бүрээр мэдээллийг нэгтгэдэг юм.

Хэрэглээний үнийн улсын индекс 2013 онд 12.5 хувиар өссөн дүнтэй гарсан бөгөөд жилийн дундаж инфляц 10.5 хувь байгаа юм. Үнийн индекс нэмэгдэхэд хүнс, ундаа, усны бүлэг 2.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын 2.2 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлэг 2.1 хувиар өссөн нь нөлөөлсөн аж. Харин мөнгөний нийлүүлэлт(M2)-ийн тухайд өнгөрсөн арванхоёрдугаар сарын эцэст 9451 тэрбум төгрөг хүрч, өмнөх сараасаа 342.3 тэрбум төгрөгөөр өсчээ. Мөн хадгаламж 30 орчим хувиар өсч 6.4 их наяд төгрөг, зээлийн үлдэгдэл 54.1 хувиар нэмэгдэж, 10.7 их наяд төгрөг болов. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө оны сүүлчээр 841.1 тэрбум төгрөгт хүрсэн ажээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл оны сүүлд 566 тэрбум төгрөг хүрсэн бол хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 118.2 тэрбум төгрөг болжээ. Үнэт цаасны зах зээлд жилийн хугацаанд 399.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж 66.1 сая үнэт цаас арилжаалсан.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 297.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан бол төсвийн урсгал орлого оны урьдчилсан гүйцэтгэлээр 1319.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Татварын нийт орлого өмнөх оноос 878 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Татварын бус орлого өмнөх оноос 173 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүний дотор хувьцааны ногдол ашгийн орлого 67.6 тэрбум, бусад нэр заагдаагүй орлого 9.6 тэрбумаар буурчээ. Гэвч хүү, торгуулийн орлого 106.3 тэрбум төгрөг буюу 2.3 дахин, газрын тосны орлого 79.3 тэрбум төгрөг буюу 73.1 хувь, төсөвт газрын өөрийн орлого 43 тэрбум, навигацын орлого 24.7 тэрбум төгрөг буюу 64 хувиар өссөн аж.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх онд 1267.2 тэрбум, зарлага 1054.2 тэрбум төгрөг болж. Нийгмийн халамжийн сангаас 198.6 мянган иргэнд 141.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгов. Энэ нь тэтгэвэр, тэтгэмж авдаг хүн урьд оноос 16.2 мянгаар, олгосон тэтгэвэр 30.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн дүн. “Хүний хөгжил” сангаас 960.3 мянган хүүхдэд 229 тэрбум, 264.8 мянган хүний хишиг хувьд 23.8 тэрбум, 5.5 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний сая төгрөгт 4.3 тэрбум төгрөг олгоод байна.

Монгол Улс өнгөрсөн жил дэлхийн 135 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт урьдчилсан дүнгээр 10.6 тэрбум ам.доллар болов. Тодруулбал, экспорт 4.27 тэрбум ам.доллар, импорт 6.35 сая ам.долларт хүрчээ. Гэвч 2012 онтой харьцуулахад импорт 5.7 хувь, экспорт 2.6 хувиар тус тус буурсан байна. Экспортын 96.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, үнэт металл эзэлж байна.

Дотоод нөхцөл байдал боломжийн

Гадаад орчин таагүй ч дотоодын эдийн засагт харьцангуй ээлтэй, боломж бүрдүүлсэн жил гэж статис­тик­чид дүгнэсэн. Үүний нотолгоо нь эдийн засгийн голлох салбар дахь үйлдвэрлэлийн өсөлт юм. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт манай улс 210 мянган малчин өрхийн 45.2 сая толгой мал тоолжээ. Малын тоо дөрвөн саяар өсөхөд юун түрүүн төлийн тоо толгой нэмэгдсэн нь чухлаар нөлөөлсөн. Нийт 15.2 сая буюу өмнөх оноос нэг саяар илүү төл бойжуулжээ. Тийм ч учраас мал аж ахуйн салбар эдийн засагт ээлээ өгч чадлаа. Түүнчлэн аж үйлдвэрийн салбар 14.8 хувиар ахисан үзүүлэлттэй. Үүний дотор уул уурхайн сектор 20 гаруй хувийн өсөлттэй. Ингэж өөдлөхөд салбарын голлох бүтээгдэхүүн алт, зэсийн баяжмал, газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээ 40-50 гаруй хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Өнгөрсөн онд маш ахицтай төсөл хэрэгжиж, хөрөнгө оруулалт төвлөрч, эрчимжсэн сектор бол барилгын салбар. Тодруулбал, 1.4 их наяд төгрөгийн барилга угсралтын ажил өрнөсөн нь өмнөх оноосоо 80 орчим хувийн давуу биелэлттэй дүн аж. Нийт барилга угсралтын 91.3  хувийг дотоодын, үлдсэн хэсгийг гадаадын барилгын компани гүйцэтгэж буй. Эдгээр нь нийлүүлэлт талаасаа эдийн засгийн өсөлттэй байх нөхцөл бүрдүүлсэн гэж болно. Үйлчилгээний салбарт маш эерэг дүнтэй нь төмөр замын тээвэр. Тэд түүхэндээ анх удаа жилийн дотор 21 сая тонн ачаа тээвэрлэж чадсан. Бүх төрлийн тээврээр жилийн дотор 49.8 сая тонн ачаа, давхардсан тоогоор 308.7 сая зорчигч зорчсон нь өмнөх оныхоос тээсэн ачаа 3.6 сая тонн буюу 6.7 хувь, зорчигчдын тоо 9.9 сая хүн буюу 3.1 хувиар буурсан дүн. Энэ мэтээр дотоодын салбар, үйлдвэрлэлээс хамаарч эдийн засгийн үзүүлэлт харьцангуй эерэг гарсныг онцоллоо.

Харин гадаад орчны тааламжгүй нөхцөлд дараахь асуудлыг дурдаж болно. Уул уурхайн зарим бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ өмнөх үеэсээ нэлээд доогуур тогтсон. Тухайлбал, нүүрсний экспортоос 600 гаруй сая ам.доллар алджээ гэж үзэж болох аж. Мөн гадаадын хөрөнгө оруулалт хоёр дахин буурсан. Төлбөрийн тэнцлийн дүнг эхний гурван сараар авч үзвэл манай улсад хоёр тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн гэнэ. Энэ нь 2012 оны эхний гурван сарын 50 хувьтай тэнцэх юм. Нийт гадаад валюттай харьцах төгрөгийн ханш өнгөрсөн оны сүүлийн хагаст нэлээд суларсан нь эдийн засагт нөлөөлсөн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ импортын үнийг дагаад өсч, хөөрөгдсөн зүйл бий. Энэ мэтээр гадаад хүчин зүйлээс хамаарч эдийн засагт нөлөөлсөн, хүндээр туссан зүйлс цөөнгүй. Гадаад валютын нөөц одоо 1.2 тэрбум ам.доллар болсон. Энэ нь 9.8 долоо хоногийн бараа бүтээгдэхүүнийг хангах нөөц гэсэн үг. Дашрамд дуулгахад валютын нөөц анх байснаасаа гурав дахин багасчээ. Өөрөөр хэлбэл, нийт 3.6 тэрбум ам.доллар байснаа одоо 2.4 тэрбум ам.доллараар буурсан. Валютын нөөц ийнхүү буурахын хэрээр төгрөгийн ханш суларч, валют чангардаг билээ. Улаан буудайн хувьд 380 гаруй мянган тонн үр тариа хураасан. Энэ нь ул­сын хэрэгцээнд хүрээгүй, тэр бүү хэл төмс ч дотоодын хэрэгцээгээ хангахгүй гэнэ. Үр тарианы ургац хураалтын эцсийн дүн өмнөх оныхоос 90 гаруй мянган тонн буюу бараг 100 мянган тонноор буурсан байгаа аж. Аюулт үзэгдэл, осол 4467 удаа гарч 201 хүн амь насаа алдаж, 235.6 мянган толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ. Объектын түймэр 3819 удаа, ой, хээрийн түймэр 198 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 120 удаа тохиосон. Мөн мал, амьтны халдварт галзуу өвчин 61 удаа, аадар бороо, үерийн аюулт үзэгдэл 52 удаа, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 49 удаа болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан