Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автомашины борлуулалт буурчээ


Автомашины зах зээл нь хоёрдогч улсаас бүрэн хараат манай улсын хувьд тээврийн хэрэгслийн үнэ өсөх хэд, хэдэн шалтгаан бий.


Тэдгээрээс үнийн өсөлтөд голлох байр эзэлж байгаа нь ам.долларын ханшийн хөөрөгдөл болоод импортын татвар нэрлэгдэж байна. Тухайлбал, сүүлийн гурван жилийн дотор автомашины үнэ хоёр удаа огцом өссөн бөгөөд тэдгээрийн суурь шинж нь дээрх шалтгаануудтай холбогдож байгаа юм. Тодруулбал, 2011 онд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар автомашины гаалийн онцгой албан татварыг, үйлдвэрлэсэн он болоод хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч 2-3 дахин нэмдэг. Улмаар нэмүү татвартай орж ирсэн импортын автомашин зах зээлд нэвтрэхээс өмнө ченжүүдийн дунд хөөрөгдөл үүсч, автомашины үнэ дунджаар 1.5 сая төгрөгөөр нэмэгдсэн байдаг.
Үүний дараагаар автомашины үнэ тогтмол байсан ч өнгөрсөн оны долдугаар сараас эхэлсэн ам.долларын ханшийн өсөлт хүчээ авсан. Оны сүүлчээр төгрөгтэй харьцах ам.долларын ханш 1800 орчим төгрөгт хүрэх аюултай болсон нь импортын автомашины үнэ дахин өсөх шалтгаан болсон. Тиймээс гадаад улсаас автомашин худалдан авах болоод гаалийн татвараа төлөх хүртлээ “ноён ногоонтой” харьцдаг ченжүүдийн хувьд автомашины үнээ хагас сая хүртэлх төгрөгөөр өсгөх шахаанд орсон байдаг. Ингэснээр сүүлийн гурван жилийн дотор автомашины үнэ дунджаар 1.5 сая төгрөгөөр өссөн судалгаа гарчээ.
Өнөөдөр Япон, Солонгос улсад үйлдвэрлэсэн автомашин манай зах зээлийг эзэлсэн  хэвээр байна. Өнгөрсөн оны байдлаар  Улаанбаатар хотод зорчиж буй 230 мянга орчим автомашины 80 хувь нь Япон, 15 орчим хувь нь Солонгос тээврийн хэрэгслээс бүрдэж байгаа гэсэн үг юм. Харин үлдсэн таван хувийг европын улсууд хуваан эзэлдэг бөгөөд ихэвчлэн албан ёсны дистрибьютор компаниар дамжин Монголд борлуулагддаг учраас иргэдийн худалдан авах чадварт нийцэхгүй байна. Тиймээс бид өнгөрөгч амралтын өдрүүдэд автомашины бодит ханш ямар байгааг сурвалжлахаар Монголдоо автомашины худалдаагаар тэргүүлэгч “Да хүрээ” захад худалдаалж буй  тээврийн хэрэгслийн үнэ, ханшийг судаллаа.

Тэмдэглэлт баяр автомашины үнэ өсөх үндсэн шалтгаан биш

Иргэдийн худалдан авах чадвар баяр наадмын үеэр өсдөг учраас үүнийг дагаад “Да хүрээ” захын борлуулалт ч өсдөг байна. Харин VI, XII саруудад автомашины борлуулалт огцом буурдаг талаар худалдаа эрхлэгчид ам нэгтэй байв. Энэ нь, иргэдийн худалдан авах чадвар гэхээс илүүтэй уламжлалт баяр, наадамтай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, иргэдийн худалдан авах чадвар жилийн энэ үед буюу Сар шинийн баярын үеэр хамгийн өндөр байдаг нь статистик судалгаагаар батлагдсан байна. Сонирхолтой нь, үүнд голлох нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь иргэдийн хэтэвч бус үндэсний уламжлалт ёс, заншил гэгдэж байна. Товчхондоо, сар шинийг хэрхэн угтсан нь тухайн оныхоо өнгийг илэрхийлдэг учраас иргэд энэ үеэр бүхий л нөөц боломжоо шавхан худалдан авалт хийдэг байна. “Да хүрээ” захаар автомашин сонирхож байгаа иргэдийн дийлэнх нь ч дээрх шалтгаанаар сонирхогсод байв. Гэсэн ч өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал, автомашины худалдаа буурсан нь “Сүүлийн дөрвөн жилийн байдлаар борлуулалтын хамгийн муу үзүүлэлт” хэмээн ченжүүд хэлэв.

Харин тэдний хэлснийг сийрүүлэн хүргэвэл, жолооны хүрд нь буруу талдаа импортын автомашины татварын үнэ нэмэгдсэнтэй дахин холбогдож байгаа юм. Тухайлбал, “Нийт авто ослын 60 гаруй хувь нь буруу талдаа хүрдтэй автомашинаас шалтгаалдаг” гэсэн судалгаа нь шийдвэр гаргах төвшинд ажил хэрэг болж, импортын татварыг нэмэх хүртэлх арга хэмжээнд хүрсэн юм. Энэ нь буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын хилээр оруулахгүй байх эдийн засгийн томоохон хориг тавих алхмын эхлэл хэмээн иргэдэд ойлгогдсон нь зах зээлийн 95 орчим хувийг эзэлдэг Япон, Солонгос автомашины худалдааг тэг хувь хүртэл зогсооход хүргээд байсан юм. Байдал долдугаар сарын дараа гэхэд тогтворжсон. Гэвч бүтэн жил өнгөрсөн байхад энэ сарын 10-ны байдлаар автомашины худалдаа өнгөрсөн үетэй харьцуулбал дээрдээгүй байна. Харин өнгөрсөн жилийн амьжиргааны түвшин төвийн бүсээр 117 мянга 500, Улаанбаатар хотод 126 мянга 500 байсан юм. Энэ жилийн хувьд төвийн бүсээр 132 мянга 400, Улаанбаатарт 149 мянга 900 болсон ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 6.2 хувиар өссөн нь иргэдэд үнийн дарамт учруулсан юм. Тиймээс энэ жилийн хувьд цалингаасаа илүүчилж, хурааж, хуримтлуулах боломж гараагүй нь автомашины худалдаа гэлтгүй бусад бараа бүтээгдэхүүний худалдааг бууруулжээ. Харин “Да хүрээ” захаар худалдаа хийж байгаа дийлэнх иргэд “Автомашины үнэ харьцангуй тогтвортой байгаа” гэж үзсэн бөгөөд тэмдэглэлт баяр нь автомашины үнэ өсгөх бус харин ч буурах шалтгаан гэдэгтэй санал нийлж байсан юм. Ингээд тус захаар эрэлт ихтэй борлуулагддаг автомашины үнийг өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулан хүргэе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан