Шинэчлэлийн Засгийн газар Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд 2013-2014 оны хичээлийн жилд багш бэлтгэдэг их сургуульд өндөр оноотой элсч буй оюутнуудад 70-100 хувийн тэтгэлэг олгосон. Үүний үр дүнд 2012-2013 оны хичээлийн жилд нийт элсэгчдийн ЭЕШ-ын онооны дундаж 568 байсан бол энэ жилд 608 болж өссөн байна. Түүнчлэн бага анги, математик, байгалийн ухааны багшийн мэргэжлээр элсэгчдийн ЭЕШ-ын оноо эрс өссөн бөгөөд математик, байгалийн ухааны багшийн мэргэжлээр элсэгчдийн дунд эрэгтэй оюутны эзлэх хувь нэмэгджээ. Энэ хичээлийн жилд гэхэд МУБИС-д өндөр оноотой элсч тэтгэлэг авсан 923 оюутан суралцаж буй. Тэгвэл эдгээр оюутны төлөөлөлтэй БШУ-ны сайд Л.Гантөмөр амралтын өдөр уулзлаа.
Уулзалтын үеэр оюутнуудын төлөөлөл "Багш болохыг мөрөөдөж, хүсч энэ сургуульд элссэн" гэдгээ илэрхийлээд сурч боловсрох орчин нөхцөлийг илүү сайн бүрдүүлж өгөхийг сайдаас хүссэн юм. Тухайлбал, МУБИС-ийн салбар сургуулиуд биеийн тамирын заал дутмаг байгааг шийдэх, англи, орос хэлний эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа, мөн номын сангийн үйлчилгээг сайжруулахад анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ үеэр нэгдүгээр дамжааны оюутан н.Энх-Учрал "Дөрөвдүгээр ангид байхаасаа л багш болохыг мөрөөдсөн. Өнөөдөр энэ сургуульд сурч байгаадаа баяртай байна" гээд өөрийн боловсруулсан сургалтын хөтөлбөртэй танилцахыг сайдаас хүссэн юм. Тэрбээр Электрон жаал гэгддэг Энхпүрэвийн шавь бөгөөд багшийнхаа замналаар одоо хичээлийнхээ хажуугаар ЕБС-ийн хоёр хүүхдэд гэрээр хичээл заадаг аж. Ингэх явцдаа сургалтын шинэ хөтөлбөрийн санаа олжээ.
Л.Гантөмөр сайд оюутнуудын хүсэлтийг сонссоны дараа тэдэнтэй зөвхөн хичээл сурлагын талаар бус өөрийн амьдралын туршлага, залуу хүнд тохиолдож болох бэрхшээл түүнийг хэрхэн даван туулах тухай сонирхолтой лекц уншсан юм. Хамгийн гол нь "Хүн өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодол, өнгө төрхтэй, шийдвэр гаргаж чаддаг иргэн болоход суралцах хэрэгтэй" гэдгийг онцлоод "Цаашдаа их сургуульд худлаа дүн тавихгүй, сурлага сайтай оюутан л төгсдөг болно. Та бүхний хувьд багш болох чин хүсэлтэй өндөр оноотойгоор энэ сургуульд орж ирсэн учраас ихэнх нь багшийнхаа ажлыг тууштай хийгээрэй. Та нарыг сайн багш болж гарахад танай сургууль болоод Боловсрол, шинжлэх ухааны яам бүрэн анхаарч ажиллана. Харин сайн багш болж төгсчихөөд битгий урваарай. Та нар бол бидний илгээсэн ирээдүйн элчин сайдууд юм шүү" хэмээлээ.