Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлийг дэмжсэн нь орон сууцны үнийг 32 хувиар өсгөжээ


Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Фитч Рэйтингс” компани оны өмнө Монгол Улсыг үнэлэхдээ “B+” гэсэн дүн тавьж өмнөх үнэлгээгээ бууруулаагүй. Гэвч  урт хугацаанд манай улсын гадаад болон дотоод валютын үнэт цаас гаргагчийн дампуурлын эрсдлийн зэрэглэл тогтвортой байсныг өөрчилж сөрөг байхаар үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл эрсдэл бий хэмээн үзсэн аж. Монгол Улсын дээд хязгаарыг “B+” хэмээн бататгаж, богино хугацаанд  гадаад валютын үнэт цаас гаргагчийн дампуурлын эрсдлийг “B” гэж үнэлжээ. Хоёрдогч зах зээл дээр гадаад болон дотоод валютаар нээлттэй гаргасан Монгол Улсын бондыг мөн “B+” гэж бататгав.

Монгол Улс  төсөв, мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлж буй нь эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдалд сөрөг үр дагавар үзүүлж байна гэж дээрх судалгааны байгууллагаас дүгнэжээ.  Мөн төсвөөс гадуурх зарцуулалтыг хамруулан тооцвол  2013 онд Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 12 хувьтай тэнцэж буй нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн гэжээ.
Манайхтай ижил зэрэг­лэлтэй орнуудын Засгийн газрын өр ДНБ-ий 40 хувьтайгаа тэнцэж буй ажээ. Гэтэл манай өр 49.7 хувьтай гарсан нь хамгийн өндөр нь болжээ. “Фитч Рэйтингс” компаниас “Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлээс удахгүй 300 сая ам.долларын санхүүжилт нэмж босгоно. Одоогоор 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, 2018 онд 500 сая болон 2022 онд 1 тэрбум ам.долларын бондыг төлж барагдуулах ёстой” гэж үзсэн байна.  
Үүнээс гадна манай улсын нийт  гадаад өр 13.5 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 119 хувьтай тэнцүү байна гэсэн тооцоо хийв. Уг өрийн  10.2 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийн компани хоорондын өр, зээл юм.   
Манай улсад гадаадаас орж ирэх санхүүжилт өнгөрсөн онд эрс буурсан. Тухайлбал урсгал дансны тэнцэл дээр болон гадаадын шууд хөрөнгө оруулалт  2012 онд 9.7 хувиар ашигтай гарч байв. Гэтэл энэ нь өнгөрсөн онд  11 хувийн алдагдалтай байсан гэсэн тооцоог дээрх судалгааны байгууллага хийлээ.  
Үүнээс болж гадаад төлбөр түргэн гүйцэтгэх чадвар суларч цаашид муудах хандлагатай гэв. Гадаад валютын нөөц өнгөрсөн оны төгсгөлд  2.5 тэрбум ам.доллар буюу 3.1 сарын төлбөр хийж чадах хэмжээнд буй юм.  2015 он гэхэд Монгол Улсын гадаад валютын нөөц хоёр сарын төлбөрийн чадамжтай болж буурна гэж “Фитч Рэйтингс” компаниас тооцсон байна. Гэтэл “B” болон “BB” зэрэглэлтэй орнуудын гадаад валютын нөөц  4.4 сарын төлбөрийн чадамжтай байгаа аж.

Монголбанкны мөнгөний зөөлөн бодлого нь зээлийг 53 хувиар өсгөсөн,  мөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг” хэрэгжүүлсэний нөлөөгөөр инфляц аравдугаар сард нэг оронтой тоонд буюу есөн хувьтай гарсан байна.
Энэ онд Засгийн газраас ипотекийн  зээлийг дэмжиж хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл нь эргээд орон сууцны үнийг өнгөрсөн оны гуравдугаар улиралд 32 хувиар нэмэгдэх шалтгаан болсон хэмээн тус үнэлгээний байгууллага дүгнэв.
Мөн төгрөгийн ханш 24 ху­виар буурсан судалгаа бий. Иймд  гадаад валютаар зээл авсан хүмүүст томоохон цо­хилт болох төлөв бий. Нийт зээлдэгчдийн 30 хувь нь гадаад валютын зээл авсан аж.  Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хамгийн их хөрөнгө оруулалт татаж эдийн засгийн гол тулгуур болоод буй. Иймд манай улсын ДНБ жил бүр өсч ирсэн. Тухайлбал сүүлийн таван жилийн ДНБ-ий дундаж өсөлт 9.3 хувьтай гарч байгаа юм. Харин манайхтай ижил зэрэглэлтэй орнуудынх  4.1 хувьтай байна.

Нүүрс, зэс, алт болон газрын ховор элемент зэ­рэг ашигт малтмалын нөөц ихтэй тул  манай улсын эдийн засгийн төлөв урт хугацаанд гэгээлэг өөдрөгөөр төсөөлөгдөж байна. Хөрөн­гө оруулалтын хууль эрх зүйн шинэ орчин ч Монголыг чиглэх мөнгөний урсгалыг сэргээнэ гэж дүгнэжээ. Тухайлбал, Оюу толгойн асуудлыг  харилцан ашигтай шийдвэрлэж, ашигт малтмалаа зүй зохистой ашиглаж  чадвал энэ онд хоёр тэрбум ам.долларын  гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх тооцоо гарчээ.

Манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулж мэдэх хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал  улсын гадаад валютын нөөц, хөрөнгө оруулалт багасах, гадаад өр нэмэгдэх, инфляц, гадаад худалдааны алдагдал өсөх, банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх, экспортын гол түүхий эд зэс, нүүрс, алт зэрэг ашигт малтмалын үнэ унах зэрэг  шалтгаан үүнд нөлөөлөх юм. “Фитч Рэйтингс” компаниас “Энэ онд  Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш Хятадын эдийн засгийн өсөлтөд ямар нэгэн онцы-н өөрчлөлт орохгүй” хэмээн дүгнэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан