Хүйсээ солиулахаар бэлтгэж буй трансжендер залуу дэлхийн мисс болохыг хүсч байна. Одоохондоо тэрээр хүйс солиулах мэс засалд ороогүй байгаа боловч силикон дааврын эмчилгээ хийлгэж, хөх суулгуулж, биеийн үсээ лазераар авахуулах гэх мэтээр бэлтгэлээ аль хэдийнэ хийжээ. Түүнийг Амелиа гэдэг бөгөөд 23 настай, Канадад сурдаг, Бангладеш гаралтай гэнэ. Тэрээр Бангладешийн Дака хотод лалын хатуу шүтлэгтэй гэр бүлд хүү болон мэндэлсэн боловч чөлөөт ертөнц Канадад дээд боловсрол эзэмшихээр ирснийхээ дараа хүүхэд байхаас өөрийг нь зовоож ирсэн эмэгтэй хүн болох хүслээ гүйцэлдүүлж болох юм гэдэг бодол төржээ.
Сургуульд байхдаа охин шиг хэмээн гоочлуулж, гэртээ ээжийнхээ хувцсыг нууцаар өмсч үзэх дуртай байсан тэрээр эх орондоо бол санахын ч хэрэггүй хүйс солих шийдвэрийг Канадад ирээд гэр бүлийнхнээсээ нууцаар ганцаараа гаргажээ. Ингэж явахдаа одоогийн найз залуутайгаа ч учирч, түүний сэтгэлийн тус дэмээр эмэгтэй хүн болж хувирах явцыг амжилттай давж яваа гэнэ. Тэрээр хиймэл үс зүүдэг байсан эхэн үедээ найз залуу Чарльзтайгаа танилцжээ. Чарльз түүнийг эмэгтэй хүн гэж бодоод дурласныхаа дараа трансжендер гэдгийг олж мэдсэн байна. Гэсэн ч хайртай бүсгүй нь өмнө нь ямар хүн байсан нь түүнд огтхон ч хамаагүй гэж үзээд хамтдаа байхаар шийджээ.
Амелиа одоо зөвхөн бүрэн төгс эмэгтэй хүн болоод зогсохгүй дэлхийн хамгийн сайхан бүсгүйгээр өргөмжлөгдөхийг хүсч байна. Тэрээр өөрийнхөө гоо сайханд сэтгэл тун хангалуун байдаг учир "Miss World" тэмцээнд орох хүсэлтэй байгаа аж. Гэвч түүний хүсэл ойрын хугацаанд биелэх эсэх нь эргэлзээтэй юм. Түүний амьдарч буй Канад улсад өнгөрсөн онд нэгэн трансжендер модель миссийн тэмцээнд оролцох гэж бүртгүүлсэн ч татгалзсан хариу авсныхаа дараа шүүхэд хандаж, ялалт байгуулсан удаатай билээ.