Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭЦЭГ, ЭХ, СУРАГЧДААС “D”-ЭЭС ДЭЭШ ОНОО АВЧ ЧАДВАЛ ЗАХИРАЛ БОЛНО

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар өнгөрсөн жилийн хоёрдугаар сард сур­гууль, цэцэрлэгийн удирд­лагуудыг сонгон шал­гаруулах журмыг шинэчлэн баталсан билээ. Боловсролын тухай хуу­­лийн энэ заалт өмнө нь мөр­дөгдөж байсан ч сур­гууль, цэцэрлэгүүд нийс­лэ­лийн Боловсролын газарт за­хирлын үүрэг гүйцэтгэгчээ за­хиалдаггүйгээс танил тал, арын хаалганыхан энэ суу­далд заларч байсан нь нууц биш. Тиймээс ч, хууль зөрчиж томилогдсон болон шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг шинэчилсэн журмын дагуу сонгох ажлыг өнгөрсөн онд багтаан хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд 60 ба түүнээс дээш настай тэтгэвэртээ гарч байгаа захирал, эрхлэгчийн ажлын байранд ч шинэ хүн томилох бөгөөд өнгөрсөн жилийн гуравдугаар сард багтаан дуусгах ёстой байсан ч хэрэгжилт нь он дамнан үргэлжилсээр...
Нийслэлийн боловсролын газрынхны судалгаагаар хотын харьяа төрийн өмчийн ерөнхий боловсролын 122 сургууль, 190 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 27 сургууль, 64 цэцэрлэгийн удирдлагыг журмын дагуу сонсоогүй гэдгийг тогтоосон. Шинэчилсэн журмаар нэг орон тоонд доод тал нь гурван хүний материал хүлээн авч, шалгалтынх нь дүнгээр сонголт хийнэ. Хэрэв заасан хугацаанд тухайн орон тоон дээр гурваас дээш хүн материалаа ирүүлээгүй тохиолдолд шалгаруулалтын хугацааг сунгахаар заасан. Гэвч захирал болох хүн олдохгүй байна уу эсвэл албаныхан ажилдаа хойрго хандсанаас уу он дамнан яригдсан хуулийн хэрэгжилт сая л ажил хэрэг болж, нийслэлийн хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн захирлын сонгон шалгаруулалт эхэллээ.
Журмаараа нээлттэй гэж зарласан сонгон шалгаруулалтыг сурвалжлахаар 16 дугаар сургуулийг зорьж, хөндлөнгөөс ажиглав. Тус сургуулийн захирлын албан тушаалд зургаан хүн өрсөлдөж байгаа аж. Хуулийн шалгалтад оролцогчдоос тунаж үлдсэн нь тэд. Ингээд бодохоор захирлын алба хаах хүсэлтэй хүн олон байгаа бололтой. Харин тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч сонгон шалгаруулалтад орсонгүй. Шалгаруулалтад оролцогчдын хувьд өмнө нь өөр сургуульд сургалтын менежер болон багш хийж байсан аж.
Хэдий төрийн шийдвэрт иргэдийн оролцоог бий болгохоор хичээж байгаа ч гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр дутуу дулимаг зүйл олон буйг сургуулийн захирлуудын сонгон шалгаруулалт харууллаа. Өмнө нь, эцэг, эхчүүдийн дунд танил тал, ар өврийн хаалгаар томилогдсон сургуулийн захирлууд хандив нэрээр мөнгө идэж байна гэх шүүмжлэл их гардаг байсан. Тэгвэл шинэчилсэн журмаар удирдлагын сонгон шалгаруулалтад эцэг, эхчүүд оролцох болсон нь энэ шүүмжлэлийг таслана гэж албаныхан хэлсэн ч бичигч миний хувьд тийм ч нүдээ олсон шийдэл биш байсан гэхэд буруудахгүй байх.
Сонгон шалгаруулалтын эхний сорил нь заах аргын шалгалт. Сургууль, цэцэрлэгийн захирал нь хичээл заадаггүй. Зөвхөн зохион байгуулалт сайтай хүн байхад л болох юм шиг боддог байсан. Сонгон шалгаруултын үеэр заах аргын шалгалт авахдаа сэдвийг нь сонгуулж, нэг цагт бэлтгүүлээд 40 минутын нээлттэй хичээл заасан. Энэ хичээлд шалгалтын комиссоос гадна эцэг эхчүүд, сурагчдын төлөөлөл болсон 30 хүн суув. Ирээдүйн сургуулийн захирлаасаа шалгалт авах хүндхэн үүрэг хүлээсэн хүүхдүүдийн ихэнхи нь ахлах ангийнхан байсан ч захирлын орон тоон дээр өрсөлдөгч зургаан эрхэм өөр, өөр мэргэжлийн багш учраас ногдсон 40 минутандаа тухайн чиглэлээрээ хичээл заасан. Бүтэн зургаан цагийн хичээлд сууж залхсан хүүхдүүд дуртай, дургүй ч бай хичээлээ сонсч, тэгсхийгээд дүгнэж байгаа харагдсан.
Эцэг, эхчүүдийг нийслэлийн Боловсролын газраас түүврийн аргаар сонгосон гэнэ. Эцэг эхчүүд хүүхдээ сургууль өгөхдөө нэр хүнд, сургалтын чанар гэсэн шалгуур тавьдгаас биш ямар хүн удирддаг вэ гэдгийг огт судалдаггүй. Тиймээс ч зүсийг нь харах байтугай нэрийг нь сонсоогүй эрхмүүдийн хичээл заах ур чадварыг нь яаруу сандруухан өөрсдийнхөөрөө үнэлнэ гэдэг бас л хүндхэн асуудал. Хэрвээ захирал заах аргыг маш сайн эзэмшсэн байх ёстой гэж байгаа бол тухайн өрсөлдөгчийн заах хичээлийн чиглэлийн багш нараар дүгнүүлбэл илүү бодитой мэт санагдсан. Нэг сургуульд тухайн хичээлийн багш дор хаяж тав байгаа. Тэгэхээр захирлын орон тоонд өрсөлдөж буй нийгмийн ухааны багш гэхэд чиглэлийнхээ 3-4 багшид өөрийн бэлдсэн хичээлийг заана гэсэн үг. Ингэснээр аль аль талдаа үр өгөөжөө өгөх байсан юм шиг. Тэгээд ч олон жилийн өмнө дунд сургуулиа төгссөн эцэг эхчүүд болон нийгмийн ухааны хичээлд дургүй сурагчдаас илүү бодитой үнэлгээ өгөх нь ойлгомжтой.
Харин дараагийн шалгуур нь захирлаар сонгогдвол сургуулиа хэрхэн хөгжүүлэх  өөрийн боловсруулсан төлөвлөгөөг танилцуулах байв. Энэ шалгуурын шалгагчид нь эцэг эхчүүд, багш нарын төлөөллөөс бүрдсэн 30 хүн, нийслэлийн Боловсролын газраас томилогдсон комиссын таван гишүүн. Гэвч сонгон шалгаруулалтад оролцогчид тус сургууль байтугай ихэнхи нь захирлын алба хашиж үзээгүй болохоор ч тэр үү сургууль хөгжүүлэх хөтөлбөрүүд нь үнэхээр чамлалттай. Өөрт ногдсон 15 минутанд боловсруулсан хөтөлбөрөө танилцуулсан шалгуулагчдаас эцэг, эхчүүд ганц ч асуулт асуугаагүй нь дээр дурдсан “үр дүнгүй” гэсэн үгийг маань нотлох шиг. Харин сургуулийн багш нар идэвхтэй асуусан бөгөөд тэднээс бүдрэх нь бүдэрч, тойруулж хариулах нь элбэг байв.
Сургуулийн захирал бол сайн багшаас гадна сайн менежер байх ёстой. Сургуульд зөвхөн материаллаг бааз биш сурагчид, багш нарын тухай асуудал ч хөндөгдөнө. Тийм ч учраас сургуулийн хөгжил сурагчдын сурлагын амжилт, багш нарын ажлын бүтээмжээр хэмжигддэг. Гэтэл нарны зайгаар гадаа талбайг гэрэлтүүлнэ, сургуулийн засварын ажлыг идэвхжүүлнэ гэх зэрэг наад захын төсөвлөгдсөн мөнгөөр хийх ёстой зүйлийг ярьсан нь чамлахад хүргэсэн хэрэг. Харин “Багш нарын хөгжлийг дэмжих санг байгуулна. Сангаа төгсөгчдийн хандиваар санхүүжүүлнэ” гэсэн өгүүлбэр ганц, нэг хүний танилцуулсан хөтөлбөр дурдагдав.  
Хүүхэд бүр ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй авах ёстой. Сургууль төгссөн гээд хандив өгөх ёсгүй. Тийм ч учраас ийм сан байгуулж мөнгө татах нь хууль бус. Сургуулийн захирал ямар эрх, үүрэгтэй байдаг талаар өнгөцхөн төсөөлөлдөө бодож боловсруулсан төлөвлөгөөгөө танилцуулах өрсөлдөгчдийг хараад эцэг эхчүүдийн өмнөөс жаахан нүүр улайв.
Бүх хүн хөтөлбөрөө танилцуулсны дараа үнэлгээгээ өгөх шалгаруулалт эхлэв. Гэвч эцэг эхчүүд болон шүүлтийн ажиллагаанд оролцогчдод өрсөлдөгчдийг харьцуулан дүгнэх боломж олгоогүй нь бас л нэг дутагдал нь. Учир нь, эхний хүн өөрт ногдсон хугацаандаа хөтөлбөрөө танилцуулаад гарахад нь оролцогчид дор нь үнэлгээгээ өгөх ёстой. Тиймээс дараагийн хүний хөтөлбөр түүнийхээс илүү эсвэл дутуу байсан уу гэсэн харьцуулах боломж олгоогүй нь эцэг эхчүүдэд, багш нарт ч таалагдаагүй. Эл гомдлоо зохион байгуулагчдад хэлсэн ч нэмэр болсонгүй. Харин ярилцлагын шалгалтын комисст мэргэжлийн хүмүүс нь асуух зүйлээ асуугаад, мэргэн дүгнэсэн гэдэгт итгэж байна.
Сонгон шалгаруулалтын журмаар 60-аас дээш оноо авсан нь сургуулийн захирлын орон тоонд тэнцэнэ. Нийслэлийн харьяа төрийн өмчит ямар нэг сургууль, цэцэрлэгийн захирлыг харьяа дүүргийн Засаг дарга нар сонгодог байсан бол цаашдаа нийслэлийн Засаг дарга сонгож байхаар шинэчилсэн журамд заасныг дурдах нь зүй. Тиймээс тэнцсэн эрхмийн нэрийг Нийслэлийн Засаг даргад танилцуулах нь эцсийн шатны ажил. Харин 60-аас дээш оноо авсан ч дараагийн байрт шалгарсан эрхмүүд сул орон тоо гарсан сургуулийн захирлын орон тоонд шууд томилогдох учиртай. Гэхдээ 16 дугаар сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан сурагчид, эцэг эх, багш нараас нь өндөр үнэлгээ авсан хүн өөр сургуулийг ч удирдах эрхтэй. Энэ ч гэсэн нэг л байгаа оноогүй шийдвэр мэт. Цаашид сургууль, цэцэрлэгийн захирлуудыг энэ журмын дагуу сонгон шалгаруулна. Гэхдээ бичигч миний хөндлөнгөөс ажсан дээрхи мэт дутагдалтай талуудыг анхаарвал эрх мэдлээрээ удирдах албан тушаал хуваарилдаг гэсэн шүүмжээс ангижрах боломжтой гэж санагдлаа.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Negnigee hundleh, zam tavij uguh,yes zuitei bailgaj surgah heregtei.Tegehgui bol ene gudamjaar yavj baigaa humuus gantsaaraa ezgui heer yavj baigaa yum shig l yavah yum. Ter zangaa joloo barij baihdaa ch gargah yum
odoonii surguuli ch dee chaavaas huuhdiig nudee anij tseejin deeree garaa tavij bgad tseejluuleh... zurh setgeld yuch bhgui
Хамгийн их уншсан