Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.ОНОН: Зорилтоо том тавьсны ачаар 2013 онд 1800 км замыг ашиглалтад өгч чадлаа

Авто замын салбарт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Ононтой ярилцлаа.


-Шинэчлэлийн Засгийн газраас дэд бүтцийн салбарт нилээд томоохон ажлуудыг эхлүүлэн хэрэгжүүлж байгаа. Тухайлбал авто замын салбарт 2013 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар яриагаа эхлэх үү?
-За баярлалаа.Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе! Дэлхийд хөгжлөөрөө  тэргүүлж буй улс орнуудын хөгжлийг түргэсгэсэн түүхэн замналаас харахад яахын аргагүй амжилтын гол хүчин зүйл нь дэд бүтцийн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тэдгээр төслийн ил болон далд үр өгөөж нь эдийн засгийн өсөлтийг тасралтгүй хангахад болоод нийгмийн олон асуудлыг шийдвэрлэхэд жинтэй хувь нэмрээ оруулсан байдаг.
Өнгөрч буй 2013 он бол авто замчин бидний хувьд их онцлогтой жил болж байна гэж хэлмээр байна. Учир нь УИХ, Засгийн газраас авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарсны үр дүнд энэ жил их хэмжээний ажлыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадлаа. Түүчлэн Азийн авто замын сүлжээ болох АН-3 код бүхий Азийн авто замтай Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлээр холбогдлоо. Аймгийн төвүүд хооронд болоод аймгийн төвөөс нийслэл хот руу чиглэж буй авто зам, гүүрийн барилгын ажлыг далайцтайгаар эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Дүгнээд хэлэхэд энэ жил автозамын салбарт Улсын төсөв, Монгол Улсын Хөгжлийн банк, Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийт 947,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 74 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Үүнийг тоон утгаар илэрхийлбэл нийтдээ 3321 км авто зам, 2984 у/м гүүрийн барилгын ажил үргэлжлэн явагдснаас энэ жил 1824 км авто зам, 924 у/м гүүрийг хүлээн авлаа. Үлдэж буй төсөл, хөтөлбөрийн хувьд дараа жил ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2200 орчим км авто зам энэ жил ашиглалтанд орох байсан хэдий боловч зарим ажил нь тодорхой шалтгааны улмаар хойшлогдон он дамжин хэрэгжихээр болсон.

-2200 км гэдэг Монголын хатуу хучилттай автозамын нийт уртад бараг л дүйх тоо. 1800 гаруй км замыг нэг жилийн хугацаанд маш хурдан хүлээлгэж өгч чадсаны цаад учрыг та хэрхэн тайлбарлах вэ?
-Улсын Их Хурлаас “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг баталсан байдаг.  Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэл хоттой мөн аймгийн төвийг ойролцоох ач холбогдол бүхий хилийн боомтуудтай 2016 онд багтаан хатуу хучилттай авто замаар холбохоор шийдвэрлэсэн байдаг. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газраас 2013 онд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбохоор зорилт тавин ажилласны хүчинд энэ их бүтээн байгуулалтын ажил энэ жил тасралтгүй хэрэгжих боломж бүрдсэн юм. Харин хийж бүтээсэн ажлын хувьд бол нэг жилд 1800 гаруй км авто зам барина гэдэг бол авто замын түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт гэж хэлмээр байна. Мэдээж ажил хийхэд саадгүй, алдаа гаргахгүйгээр хийж бүтсэн зүйл гэж ховор шүү дээ.  Хэрэв алдаа гаргасан бол тухайн алдааг дахин давтахгүй байх нь л чухал гэж боддог. Алдаан дээрээ суралцана гэх үү дээ. Монголын авто замын үүсэл хөгжил нь 1929 оноос эхлэлтэй бөгөөд тэр үеийн “Монгол транс” нэгдлийн дор Авто замын хэлтэс нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Тэр цагаас хойш өнөөг хүртэл ололт амжилт, алдаа дутагдал аль аль нь байсан. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол ахмад замчдынхаа хийж бүтээж ирсэн ололт амжилтыг бататгаж, алдаа дутагдлыг цаашид давтахгүй байхад анхаарч ажиллаж байна. Тухайлбал, авто замын барилгын ажлыг он дамжуулан хэдэн жилээр сунжруулан хэрэгжүүлдэг байсныг авто зам, гүүрийн ажил эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын хүчин чадлыг тооцсоны үндсэн дээр хэд хэдэн хэсэг болгон тухайн жилд нь багтаан хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажилласан нь зам барилгын ажлыг богино хугацаанд хийх нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлсэн арга хэмжээ болсон.
Нөгөө талаас бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй, саадгүй явуулахад санхүүжилтын асуудал маш чухал. Засгийн газраас дээр дурьдсан ажлуудын санхүүжилт, эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэж өгсөн тул замчдын маань хувьд гэрээний дагуу ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн тохиолдолд санхүүжилтийг шуурхай олгох нөхцлийг бүрдүүлсэн. Учир нь санхүүжилт зогсвол ажил зогсоно шүү дээ. Энэ тал дээр манай Сангийн яам, Хөгжлийн банк идэвх чармайлттай ажилласан гэж боддог.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд орон нутгийн удирдлагуудтай хамтран зам барилгын ажлын явц байдалтай хэд хэдэн удаа биечлэн очиж танилцаж, үүссэн хүндрэлийг газар дээр нь шийдвэрлэж байсан нь ажил явуулахад ихээхэн түлхэц боллоо.

-Тухайлбал ямар асуудлыг шийдвэрлэж байсан бэ?
-Зам, гүүрийн барилгын ажлын гол түүхий эд, материал бол түгээмэл тархацтай түүхий эд байдаг. Өөрөөр хэлбэл байгаль дээр байгаа элс, хайрга, чулуу гэх мэт. Зам барихын тулд замын дагуу шороон орд нээн ашиглах шаардлагатай болдог. Тухайн материалыг ашиглахын өмнө шороон орд материал ашиглуулах тухай орон нутгийн шийдвэр, захирамжууд гардаг. Түүчлэн шороон орд ашигласны төлбөрийг аймгууд харилцан өөр өөр үнээр тогтоодог байсан нь гүйцэтгэгч ажлаа төлөвлөгөөний дагуу явуулахад сөргөөр нөлөөлөөд зогсохгүй зарим тохиолдолд алдагдалтай ажиллах эрсдлийг бий болгож байсан юм. Харин Ерөнхий сайд барилгын талбайд ажиллах явцдаа аймгийн удирдлагуудад түгээмэл тархацтай материалыг аливаа шалтгаан тоочихгүйгээр ашиглуулах, орон нутгаас шалтгаалсан асуудал дээр зам барилгын ажилд саад болохгүйгээр түргэн шуурхай холбогдох шийдвэрийг гаргаж байх талаар үүрэг өгч улмаар Засгийн газрын захирамж гаргаж аймгийн удирдлагуудад хүргүүлсэн нь маш их дэм болсон.

-Үндэсний компаниудаа дэмжих тал дээр ямар бодлого барьж байна вэ?
-Засгийн газар байгуулагдсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайд манай авто замчдыг хүлээн авч уулзалт, зөвлөгөөн хийсэн. Уг уулзалтын үеэр авто замын салбарын бодлого, цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар яриад зогсохгүй авто зам, гүүрийн ажил эрхэлдэг үндэсний аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжиж ажиллах талаар Ерөнхий сайд хэлсэн.  Ер нь, улс орны хөгжлийг тодорхойлогч нь үндэсний компаниуд байх ёстой. Тэд хэдий хурдан хүчирхэгжиж чадна, улс орон маань тэр хурдаар л хөгжинө шүү дээ. Тиймээс бид 2013 онд шинээр эхлүүлсэн зам, гүүрийн ажлуудыг үндэсний компаниудаар гүйцэтгүүлж байна. Энэ нь нэг талаасаа үндэсний компаниудаа бодлогын түвшинд дэмжиж байгаа юм. Нөгөө талаас компаниуд маань итгэлийг зүтгэлээр хариулах учиртай. Энэ нь юу вэ гэхээр ажлыг гэрээт хугацаанд нь дуусгах, стандарт, норм дүрэмд нийцсэн авто зам барьсан байх шаардлагыг хатуу тавьж, хэрэв биелүүлж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх, харин гэрээний үүргээ биелүүлж хугацаандаа замаа дуусгасан бол дараачийн ажлын сонгон шалгаруулалтанд давуу эрх олгох байдлаар ажиллаж байна.

-Бүтээн байгуулалтын ажлын явцад хичнээн хүнийг ажлын байраар хангасан дүн мэдээ байгаа вэ?
-2013 онд авто замын салбарын бүтээн байгуулалтын ажилд хичнээн хүн ажилласан талаарх тоо бидэнд байна л даа. Гэхдээ салбарын онцлогоос шалтгаалан байнгын болон түр ажлын байр гэж томъёолмоор байна. Байнгийн гэдэг маань инженер, техникийн ажилчдыг хэлж байгаа юм. Харин түр ажлын байр гэдэг нь зам барилгын ажлын явцад түр хугацаагаар орон нутгаас авч замын барилгын ажилд ажиллуулж байгаа туслах ажилчдыг хэлдэг. Түр ажлын байрны хувьд тухайн жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын цар хүрээнээс хамааран жил жил өссөн буурсан дүнтэй гардаг юм. 2013 оны хувьд байнгын болон түр ажлын байранд нийтдээ 9000 орчим хүн ажилласан тоо гарсан. Энэ тоо нь урьд жилүүдийн тоотой харьцуулахад өндөр.

-2014 онд хийх ажлыг сонирхох гэсэн юм. Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох зорилго үндсэндээ биелж чадах уу?
-Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа Монгол Улсын бүх аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавин ажиллаж байгаа. Уг зорилтын хүрээнд энэ жил Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгийг авто замаар холбосон. 2014 оны наймдугаар сар гэхэд Дорнод, Хөвсөл, Өмнөговь зэрэг гурван аймгийн төвийг нийслэлтэй авто замаар холбохоор төлөвлөөд байна. Дээрх чиглэлийн замуудыг 2013 ондоо багтаан дуусгах хэдий байсан боловч тодорхой шалтгааны улмаас чадалгүй он дамжин хэрэгжихээр болоод байна. Замын ажил нь цаг агаарын байдлаас шууд хамаардаг онцлогтой. Тухайлбал ажил үргэлжлэх хугацаа ердөө долоон сарын турш л байдаг. Хэрэв бороо, цас орсон тохиолдолд ажил явуулах боломжгүй болж дээрх хугацаа багасах жишээтэй. Тэгэхээр бороо хур элбэг байсан нь замын ажилд сөргөөр нөлөөлсөн гэж хэлж болно. Цаг агаарын боломжит энэ хугацаанд багтаан гэрээт ажлыг дуусгана гэдэг гүйцэтгэгч байгууллагын хүчин чадал, дотоод зохион байгуулалтаас ихээхэн хамаардаг. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг зарим нэг гүйцэтгэгчийн зохион байгуулалт муу байснаас ажил хугацаандаа орох боломжгүй байдал үүссэн. Зарим ажлууд хэдий дуусаж чадаагүй ч үндсэн замын суурь хийц болох хиймэл байгууламж, далангийн дүүргэлтийн ажлыг үндсэндээ дуусгаад байгаа. Одоо хучилтын суурь болон замын хучилтыг хийж гүйцэтгээд засал, тэмдэг, тэмдэглэгээгээний ажлуудыг хийх үлдээд байгаа юм. Энэ ажиллагаа нь харьцангуй цаг бага шаардах учир инаймдугаар сард Дорнод, Өмнөговь, Дундговь аймгуудын төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбосон байхаар ажиллах болно.
Түүчлэн 2014 онд Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Сүхбаатар аймгийн хувьд Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 177 км авто замын гүйцэтгэгчээр Монголын хоёр компани ажилласан. Гэрээгээр 2014 онд ажлаа дуусгах хэдий боловч нийт замын уртад далангийн дүүргэлтийн ажлыг дууссан. Төлөвлөснөөс илүү ажил хийж гүйцэтгэсэн. Тухайн замын гүйцэтгэгч компани маань үнэхээр сайн ажилласан. Ер нь 2014 онд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбочихно гэсэн зорилттой байгаа. “Далайг гаталсан хүн сэлж сурдаг” гэгчээр зорилтоо том тавьсны ачаар 2013 онд 1800 км замыг ашиглалтад өгч чадлаа. Түүнчлэн урд хойд хөршийг холбосон босоо тэнхлэгийн авто замын ажлыг дуусгаж чадлаа.

-Засвар арчлалтыг хэрхэн хариуцаж ажиллаж байгаа вэ?
-Замыг ашиглалтанд хүлээн авсан цагаас эхлэн засвар арчлалтын ажил тогтмол хийгдэж байх учиртай. Засвар арчлалтыг хэрхэн хийж гүйцэтгэх талаар стандарт, норм, дүрэм гэж бий. Авто зам, замын байгууламжин дээр хаясан хогийг цэвэрлэх, тэмдэглэгээг янзлах гэрэлтүүлэг ойлтыг сайжруулах, хөвөөн дээрх өвс ургамлыг түүх, хучилтын хагарлыг гагнах, нөхөөс хийх гээд засвар арчлалтыг байнга хийж байх ёстой. Түүнчлэн замын ашиглалтын хугацаанаас хамааран дунд болон их засварын ажлыг тодорхой давтамжаар хийх ёстой. 2012 оны сүүлийн байдлаар Монгол улсын хатуу хучилттай авто зам 2970 км байсан бол одоогийн байдлаар 4440 орчим км хатуу хучилттай авто замтай болсныг тоо баримтаас харж болохоор байна. Тэгэхээр авто замын сүлжээ өргөжин тэлж байгаагийн хэрээр замын засвар арчлалтын ажилд зарцуулагддаг хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

-Гэхдээ төсөв засвар арчлалтад суулгадаг хөрөнгийг нэмэх байтугай л байх шиг байна. Дунджаар жилд энэ ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулдаг юм бэ?
-Азийн хөгжлийн банктай хамтран одоо байгаа авто замын засвар арчлалтанд шаардагдах зардлын тооцоог гаргасан ба уг тооцоогоор жилд хамгийн багадаа нь 30 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай гэсэн дүн гарсан. Энэ жилийн хувьд засвар арчлалтын зардалд нийт 22 тэрбум төгрөгийг батлуулаад байна. Бодлогын хувьд засвар арчлалтын ажил манай яаман дээр төвлөрдөг. Улсын чанартай авто зам, гүүрийн засвар арчлалтыг улсын хэмжээнд 24 компани хариуцан ажилладаг. Үүнээс дөрөв нь хувийн хэвшлийнх, үлдсэн нь төрийн өмчит. Бид засварын компаниудынхаа материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг жил болгон тодорхой хэмжээгээр хийдэг. Тэдний хувьд төлбөр хураагчийн байр засах, тухайн гэрээлж авсан зам дээрээ байнга ажиллах үүрэгтэй. Хавар замынхаа эвдэрсэн хэсгүүдийг тодорхойлж ажлын төлөвлөгөөгөө гаргана. Цас бороо огцом орсон үед бид онцгой байдлынхантай холбоотой ажилладаг. Жишээ нь, баруун аймгуудад цас ороод зам даваа хаагдахад манай шуурхай ажлын баг гээд 49 цэг дээр замчид жилийн дөрвөн улирал ажилладаг.

-Хамгийн түрүүнд барихаар биш засахаар төлөвлөж байгаа зам?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засварын асуудлыг шийднэ. Энэ зам маань үнэхээр эдэлгээ даахаа больсон, хөдөлгөөний эрчим болоод ачаалал нь ч ихэссэн. Замын хагарал нь нөхөөс авахаа больсон. Тэгэхээр Дархан чиглэлийн замыг эхний ээлжинд засна. Мөн Төв аймгийн Лүн чиглэлийн зам маш их эвдрэлтэй болсон. Хэнтий чиглэлийн замын тодорхой хэсэг, урагшаа Чойр чиглэлийн замын тодорхой хэсгүүдэд их засварын ажлыг хийх шаардлага гарч байгаа.

-Норм дүрмийг шинэчлэх, замын чанарын талаар?
-Авто замын салбарт нийтдээ 120 гаруй стандарт, норм, дүрмийг мөрдлөг болгон ажиллаж байна. 1990-ээд оноос өмнө ЗХУ-ын норм, дүрмийг ашиглан зам барилгын ажил явагддаг байсан бол 1990–ээд оноос хойш Америкийн стандарт, олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос гаргасан гэрээний маягтыг ашиглаж эхэлсэн.
Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, засварлах чиглэлээр стандарт, норм дүрэм гаргах, одоо мөрдөгдөж буй стандарт норм, нормативыг шинэчлэх ажил цаашид тасралтгүй хийгдэх учиртай. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр Авто замын хяналт, эрдэм, шинжилгээ, судалгааны төв байгуулсан. Уг төв нь стандарт, норм, дүрмийг боловсронгуй болгох, эрдэм, шинжилгээ, судалгааны чиглэлээр голчлон ажиллах чиг үүрэг бүхий байгууллага.
Авто замын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хяналтын тогтолцоог үндсэнд нь шинэ түвшинд гаргасан гэж хэлмээр байна. Учир нь өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад жишээ нь 100 км авто замын хяналтыг хийлгүүлэхээр хуучнаар авто замын газраас 2-3 инженер томилон ажиллуулдаг байсан. Энэ тохиолдолд тухайн замыг техникийн шаардлагын дагуу чанартай бариулах нь бодит байдал дээр боломжгүй байв. Хяналтын инженерүүдийн чадвар ч сул. Харин 2012 оноос эхлэн ялангуяа Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зам барилгын ажлыг хяналтын зөвлөх багаар гүйцэтгүүлж ирсэн нь замын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн үр өгөөжөө өгч байна. 

-Энэ жилийн хувьд их бүтээн байгуулалт хийж байгаа ч нэгэнт тавьсан өрийг замын ажилд ихээр орууллаа гэсэн шүүмжлэл их гарсан?
-Замын барилгын ажлын тухайд шүүмжлэлээс илүү талархаж хүлээж авсан нь их болов уу. Дэд бүтцийн бүтээн байгуулалт бол нийгэм рүү чиглэсэн ард иргэдийн өдөр тутмын үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн төрийн бодлогоор хэрэгжүүлдэг ажил гэж бодож байна.
Монгол Улс дэд бүтцээ хөгжүүлэхгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй. Ялангуяа далайд гарцгүй манай орны хувьд хүн, ачаа тээврийн хөдөлгөөнийг хангахад авто зам, төмөр зам зайлшгүй хэрэгтэй. Монголчуудын маань тал орчим хувь нь Улаанбаатарт суурьшиж байгаа. Замтай болчихвол ядаж аймаг сумдаас хот руу чиглэсэн нүүдэл багасна. Учир нь, тухайн аймаг, суманд зам тавигдснаар иргэдийн амь амжиргаа дээшлэх таатай орчин бүрдэх юм. Наад зах нь, нийтийн болон ачаа тээврийн үйлчилгээ сэргэж, тохь тухтай зорчих боломж нээгдэж байна. Жишээ нь Монгол Улсын энергийн төв гэгддэг Хамарын хийд хүртэлх 42 км замыг энэ жил барьж ашиглалтанд оруулсан. Хэд хоногийн өмнө Дорноговь аймагт очоод Сайншандад уулзалт хийхэд иргэд “бидний амьжиргаанд маш их сайнаар нөлөөлж байна. Буудал маань байнгын үйлчлүүлэгчтэй боллоо“ гэх мэтээр талархаж байгаагаа илэрхийлсэн. Зам тавигдснаар Хэнтий, Дундговь руу хоёр цаг л давхиад орж байна.

-Хэд хэдэн чухал замын барилгын ажил энэ жил дууслаа гэж бодож байна. Жишээ нь Төв аймгийн зарим сумын иргэд нийслэлийнхэнд бүтээгдэхүүнээ хүргэхэд хялбар боллоо?
-Энэ жил Борнуур Жаргалант Батсүмбэрийн замыг ашиглалтад орууллаа. Германы банкны зээлийн хөрөнгөөр уг төслийг хийж гүйцэтгэсэн. Үүний ачаар хотын ногооны хэрэгцээг хангадаг 7000 иргэнтэй Жаргалантынхан маань өдөртөө л зоориноосоо төмс ногоогоо авчраад хотод арилжаагаа хийчихэж байна. Борнуур, Батсүмбэрийнхэн маань машинтайгаа орж ирээд л сүүгээ зарчихаад буцчихаж байна. Тэрэлжийн зам маш их тоос шороо босдог зорчиход хэцүү байсан бол өнөөдөр сайхан замаар давхиад л орчихож байна. Энэ бол замын шууд болон шууд бусаар нөлөөлж буй эерэг нөлөөллийн нэг л жишээ юм.

-Монголын авто замын салбарын их ажлын талаар ярилцлага өгсөн танд уншигчдынхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.
-Замын талаар иргэдэд мэдээлэл өгөх боломжийг олгож өгсөн танай сэтгүүлийн хамт олонд баярлалаа. Алтан шар замын буян хишиг үргэлж өөдрөг байх болтугай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан