Уул уурхайн яам ашигт малтмалын олборлолт нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэр, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах санамж шинэ оны өмнө байгуулсан. Тухайлбал “Монгол нүүрс” ассоциацтай нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын чиглэлээр хэрэгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Гэвч зэсийн үйлдвэрлэлийн талаар ямар нэг санамж бичиг байгуулаагүй. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр үүргээ хүлээнэ. Дээр нь, “Оюу толгой” Хөрөнгө оруулалтын гэрээтэй тул зэсийн салбартай бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх талаар төрөөс дэмжих яриа хэлцэл хийх нь утгагүй болж байгаа юм. Ингээд Ашигт малтмалын газраас манай улсын нийгэм эдийн засгийг тодорхойлдог гол нэрийн эрдэс баялгийн үнэ ханшийн талаар гаргасан судалгааг дор өгүүлье.
Зэсийн хэрэглээ буурсан ч үнэ нь..
Өнгөрсөн онд нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ 7336 ам.доллар байлаа. 2012 оныхтой харьцуулбал буурсан үзүүлэлт. Тэр үед 7951 ам.доллар байсантай харьцуулвал 7.73 хувиар доогуур гэсэн үг. Өнгөрсөн оноос зэсийн зах зээл дээр илүүдэл гарлаа хэмээн судлаачид хэлж байв. Энэ онд зэсийн үнэ өснө гэж ихэнх судалгааны байгууллага тооцож байв. Гэвч энэ нь талаар өнгөрсөн. Хятадын коммунист намын их хурлын дараа бүтээн байгуулалтын ажил эхэлж зэс болон бусад металлын үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан юм. Сүүлийн үед үнэт болон өнгөт металлын үнэ буурсаар байгаа ба үүнд Хятад улсад зээлийн бодлого чангарч эхэлсэн нь нөлөөлсөн гэдэг. Цаашид зэсийн хүдэр болон бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэх боловч хэрэглээ сул хэвээр байх тул үнэ буурах хандлагатай хэмээн шинжээчид тодорхойлж байна.
Цаашид нэг тонн цэвэр зэсийн үнэ Лондонгийн металлын бирж дээр 6900-7300 ам.доллар, Шанхайн бирж дээр 49000-53000 юанийн хооронд хэлбэлзэх хандлагатай гэж үзэж буй юм. Гэвч Лондонгийн металлын бирж дээр зэсийн нөөц буурч байгаа гэсэн мэдээлэл гарч эхлэв. Иймд зэсийн үнэ өсөх хандлага байгаа ажээ.
Монголын төр хайлуур жоншны бодлоготой болно
Хайлуур жонш олборлогч, баяжуулагч, экспортлогч, судлаачдын холбоотой хамтарч ажилласнаар “Монголын хайлуур жонш хөтөлбөр” боловсруулах, үйлдвэрийн нөөцийг өсгөх, жоншны металлургийн ба флотацийн баяжмалын чанар, стандартыг сайжруулах, хүдрийн баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах аж. Жонш, жоншны баяжмалын экспорт нь үлэмж хэмжээгээр нэмэгдэж төсөвт оруулах орлого өсч буй. Энэ онд 315 мянган тонныг экспортлохоор улсын төсөвт тусгасан. Үүнээс манай улс 146 тэрбум төгрөг олно хэмээн тооцож буй. Төмөрлөгийн үйлдвэрийн гол түүхий эдийн нэг бол жонш. Үүнийг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж байгаа нь талархууштай.
Төмрийн хүдрийн үнэ дээшээ юу доошоо юу...
Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран дотоодын хэрэгцээг хангах, улмаар бүтээгдэхүүнээ экспортлох томоохон үйлдвэр байгуулах “Монгол төмөр” бодлого боловсруулахаар төлөвлөсөн. Манай улс одоогоор жилд 300 мянган тонн ган бүтээгдэхүүн ашигладаг. Энэ тоо цаашид 500 мянга болно гэж байгаа. Өнгөрсөн оны эцэст хамгийн өндөр буюу 62 хувийн агуулгатай төмрийн хүдрийн дундаж үнэ 135 ам.доллар байж. Гэхдээ манай улсаас экспортолж буй төмрийн хүдрийн үнэ буураагүй. Учир нь Хятадын төмрийн хүдрийн дотоодын зах зээл тогтвортой, арилжаа идэвхтэй байсантай холбоотой. Урд хөршийн боомтуудад буусан төмрийн хүдрийн нөөц 81.11 сая тоннд хүрсэн аж. Гэвч Хятадын “Tяншин” болон “Хэбэй” мужид байгаль орчны хяналт шалгалт хийж гангийн үйлдвэрүүдийг нүүлгэж хааж байгаа нь төмрийн хүдрийн үнэ бага зэрэг хэлбэлзэхэд нөлөөлж болзошгүй аж. Гэхдээ өнгөрсөн оны гуравдугаар улиралд урд хөршийн гангийн эрэлт таван хувиар өссөн нь дээрх таамгийг “зөрчсөн” хэрэг юм. Үүнд дээр дурьдсан хяналт шалгалт нөлөөлсөн хэмээн үзэж байна. Гэхдээ оны эцэст урд хөршийн боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц 81.11 сая тоннд хүрчээ. Нөгөө талаар сүүлийн үед нийлүүлэлт тогтмол байгаа тул эрэлт зогсонги байдалд орж үнэ ханшийг тогтвортой байлгах арга хэмжээ авах болоод байна. Иймд төмрийн хүдрийн үнэ унах, эс унахын заагт байна гэж үзэж болох нь. Энэ онд манай улс 7.8 сая тонн төмрийн хүдэр экспортлох төлөв бий. Тэгэхээр үнэ ханш яаж хэлбэлзэх нь манай улсын төсөв бүрдэхэд нөлөө үзүүлж таарах юм.
Алтны үнэ ирэх сард 1200-1300 ам.доллар хүрнэ
Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо Монгол Улсын эрдэнэсийн санг арвижуулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, хууль бус олборлолт, далд наймааг хаах алт олборлолт, баяжуулалтын технологийг сайжруулах, хямд үүсвэртэй санхүүжилт босгоход дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллана. Энэ хүрээнд “Алтны салбарыг хөгжүүлэх зөвлөл” байгуулан ажиллах юм. Сүүлийн жилүүдэд алт тушаалт буурсан. Өнгөрсөн онд гэхэд найман тонн алт худалдаж аваад байна. Төв банкныхан алт тушаалт 70 орчим хувиар нэмэгдлээ гэж байгаа. Одоо урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх хуулийг баталвал энэ онд 30 тонн алт тушаана хэмээн тооцож буй. Оны сүүлчээр Лондонгийн металлын бирж дээрх нэг унци алтны дундаж үнэ 1427 ам.доллар байжээ. Энэ нь 2012 оныхоос 14 хувиар буурсныг илтгэнэ. Тухайн үед нэг унци алт 1652 ам.долларын ханштай байсан юм. Уг металлын үнэ 2012 оны гуравдугаар улирлаас өнгөрсөн оны мөн үеэс хүртэл буурч ирсэн. Үүнд АНУ-ын эдийн засгийн сайжирч буй үзүүлэлт, Энэтхэг болон Зүүн өмнөд Азийн улсуудын алтны хэрэглээ буурсан явдал нөлөөлжээ. Ашигт малтмалын газраас гаргасан эрдэс бүтээгдэхүүний ерөнхий чиг хандлагад “Хятад улс нь богино хугацаат зээлийн хүүгээ нэмэгдүүлэх тухай мэдээлэл гарсан нь бүх төрлийн ашигт малтмалын үнэ буурахад нөлөөлсөн. Гэвч АНУ-ын Холбооны нөөцийн газар бонд худалдан авч байгаа нь алт болон бусад ашиг малтмалын үнийн хэлбэлзэл бага байхад нөлөөлж буй юм. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй гэж шинжээчид үзэж буй. Ийм ч учраас ашигт малтмалын үнэ одоо ч дэлхийн зах зээл дээр буурсаар байна. Учир нь хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газраас энэ онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаар эргэлзэж байгаа. Ирэх хоёрдугаар сард борлуулах алтны үнэ “Comex” бирж дээр 0.1 хувиар буурч унци алт 1220 ам.доллар болсон аж. Алтны хэрэглээ болон үнэ цэнэ буурсаар байгаа тул ойрын хугацаанд нэг унци алт 1200-1300 ам.долларын хооронд хэлбэлзэх төлөв бий гэж судлаачид үзэж байна.
Цайрын зах зээл идэвхгүй байна
Цэвэр цайрын дундаж үнэ 1904 ам.долларын үнэтэйгээр хуучин оноо үдэв. Энэ нь 2012 оныхоос 1.82 хувиар буюу 1939 ам.доллараас буурсан үзүүлэлт юм. Гэвч өнгөрсөн онд цайраас олох орлого нь төсөвт амь тариа хийсэн. Тухайлбал, татварын орлого нь өнгөрсөн сарын байдлаар хоёр дахин буюу 134.9 хувиар илүү байв. Цайрын баяжмал үйлдвэрлэл ч мөн адил хоёр дахин их бөгөөд 120 мянган тонн давж 238 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Дэлхийн зах зээлд цайрын үнэ буурсан нь Киприйн асуудал болон ам.долларын ханш чангарснаас шалтгаалсан. Үүнээс гадна урд хөршийн мөнгийн бодлого чангарсантай холбоотой хэмээж буй. Өнгөрсөн оны өдийд цайрын нийт бүтээгдэхүүний нөөц дэлхийн зах зээл дээр 8633 сая тоннд хүрч байж. Гэтэл хэрэглээ ба эрэлт нь 8593 сая тонн байв. Одоогоор цэвэршүүлсэн цайрын нөөц дэлхийн зах зээл дээр 70 мянган тоннд хүрсэн мэдээлэл бий. Иймд цайрын зах зээл идэвхгүй болжээ. Нэг хэсэгтээ энэ зах зээл суларч үнэ ханш төдийлөн өсөхгүй гэсэн төсөөлөл гарч байна. Гэхдээ энэ оны хагас жил хүртэл.
Нүүрсний үнэ өөдлөх горьдлого тээсээр
Манай улс ирэх онд 31 сая тонн коксжих нүүрс экспортолно гэж байгаа. Одоо уурхайнуудад байгаа олборлосон нүүрсний нөөц бараг 10 сая тонн гэдэг. Өнгөрсөн онд нийт 20 сая гаруй тонн нүүрс экспортолсон дүн мэдээ гарсан. Энэ салбарын мэргэжилтнүүд нэг тонн нүүрсний үнэ ханш доод цэгтээ хүртэл унасан. Гэхдээ эргээд өсөх найдлага бий хэмээн горьдож суугаа. Бид олборлолтоо нэмэгдүүлж, тээврийн зардлаа бууруулахгүй бол өрсөлдөх чадваргүй болно хэмээж буй. Өнгөрсөн оны сүүлчээр хятадын зах зээл дээр нэг тонн коксжих нүүрсний үнэ 50-70 юаниар нэмэгдсэн. Гэвч үнийн энэ өсөлт манай нүүрсэнд нөлөөлөөгүй. Тухайлбал, Хятадын талын Сэхээ боомтод хагас коксжих нүүрс нэг тонн нь 400 юань, Ганц мод боомтоор 500 юанийн үнэтэй байгаа юм. Гэхдээ урд хөршид хамгийн их нүүрс нийлүүлэгч Австрали улс 2018 он гэхэд үнэ ханш нь 23 хувиар өсөх тооцоо хийсэн байдаг. Үүнээс гадна ОХУ, Канад, Мозамбекийн урд хөршид нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа нь манай улсыг зах зээлээс шахах нэг шалтгаан болоод байна.
Өнгөрсөн оны нэг авууштай зүйл нь уул уурхайн салбар унахаар эдийн засаг хүндэрч буйг төр засаг ойлгосон явдал юм. Уул уурхайн яам мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж эдийн засгаа аврах ажилд ханцуй шамлан орлоо.