УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржтой шинэ оны анхны ажлын өдөр уулзаж, ярилцав.
-Танд шинэ оны мэнд дэвшүүлье. Шинэ оны ажлын анхны өдөр уулзаж байгаагийн хувьд өнгөрсөн онд хийж бүтээснийхээ талаар эхэлж ярилцах нь зөв болов уу...?
-Баярлалаа. Тэгэлгүй яахав. Манай хамт олон жил бүхэн тээвэр, үйлчилгээний талаар нэг томоохон зорилтыг дэвшүүлж түүнийгээ тойруулан зохион байгуулалт, техник технологи, хөрөнгө оруулалт, их барилгын нөр их ажлыг өрнүүлдэг уламжлалтай. Өнгөрч буй оны хувьд “Тээврийн чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх жил” болгон зарласан. Үүний гол зорилго нь шинэ техник технологи, ажлын шинэ арга барил нэвтрүүлэн, алдагдаж буй нөөцийг бүрэн ашиглах замаар зардлын хэмнэлт гаргах, тээврийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх явдал байлаа. Үндсэндээ, төмөр замын тээврийн зангилаа асуудлууд энэ зорилтод багтсан гэсэн үг л дээ. Төмөр замчдын маань шаргуу хөдөлмөрийн үр дүнд тавьсан зорилт бүрэн биелэгдэж, оны ачаа тээврийн төлөвлөгөөг хугацаанаас нь 15 хоногийн өмнө 102.3 хувиар биелүүлсэн юм. Оны үлдэж буй хугацаанд нийт төмөр замчид хичээн зүтгэснээр, арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 16 сая 606 мянга 48 тонн ачаа ачиж, 21 сая хоёр мянган тонн ачаа тээвэрлэсэн дүн гарч байна. Тээврийн чанарын голлох үзүүлэлтүүд ч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 5-9 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, хэсгийн хурдыг 42,24 км цаг, техникийн хурдыг 49,99 км цаг, галт тэрэгний дундаж жинг 3222,84 тоннд хүргэсэн нь төмөр замын түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй дээд амжилт юм.
Харин эдийн засгийн хувьд байдал арай л өөр. Том банк, эдийн засгийн судалгааны төвийн шинжээчид тоо голдуу зүйл дээр тулгуурлан хэтийн төлөвийн баримжааг гаргаж ирдэг. Тиймээс шинжээчдийн дүгнэлт нэг их зөрдөггүй гэж болно. Иймд эрхэм эдийн засгийн шинжээчид 2014 оны дэлхийн эдийн засгийн талаар ямар төлөв гаргасныг эхлэн сонирхуулъя.
-Аливаа дээд амжилт тодорхой хүчин зүйл, зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээний үр дүн болж гардаг гэвэл та санал нийлэх үү?
-Тэгэлгүй яахав. Замын захиргаа оны үндсэн зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга замаа оновчтой шийдсэн. Энэ нь зорилт хэрэгжих үндсэн хүчин зүйл болсон гэж үзэж болох байх. Дээр нь, тээвэр зохион байгуулалтыг оновчтой болгох чиглэлээр томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ. Юуны өмнө би, Шинэчлэлийн Засгийн газрын “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 29-нөөс Замын-Үүд–Улаанбаатарын хооронд хатуу зурмагийн галт тэрэг аялуулж эхэлснийг онцолмоор байна. Үүний үр дүнд, Замын-Үүдээс гарсан бизнес эрхлэгчдийн ачааг 20 цагийн дотор Улаанбаатарт эзэнд нь хүргэдэг болсон. Бид 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн ийм галт тэргийг Замын- Үүд- Улаанбаатарын чиглэлд гурав, Улаанбаатар- Замын- Үүдийн чиглэлд хоёрыг хоног тутам явуулж, нийтдээ 2,9 сая тн ачаа тээгээд байна. Ингэснээр барилгын материал, цементийн вагоны эргэлт хурдассан.
Төмөр замчдын нэр хүндэд сэв суулгаж, улс орны эдийн засаг, хүн ардын амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлдөг байсан ачааны түгжрэл хэмээх нэр томъёо ариллаа. Дээрх барааны үнэ бүтэн жилийн турш тогтвортой байлаа. Энэ эерэг нөлөө айл гэр, албан байгууллага бүхэнд хүрсэн байхаа.
-Зарим бизнес эрхлэгчид төмөр замчдыг түгжрүүлдэг биш түүчээлдэг хамт олон гэж үнэлэх болсон байна лээ. Тэд өнгөрсөн есдүгээр сард цементийн нийлүүлэлт гэнэт ихэсч, ачилт саарсан үед төмөр замчид өөрсдийн хүчээр ачилт хийснийг онцгой үйл явдал хэмээн нэрлэж байсан шүү?
-Баярлалаа. Төмөр замын тээвэрт гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр хүндрэл бэрхшээл учирах, саатал гарах үе бий. Эрээн дэх цементийн үйлдвэрүүд түр зогсолт хийгээд гэнэт үйлдвэрлэлээ эхэлснээр Замын-Үүдэд ачааны хуримтлал бий болж цементийн үнэ тэнгэрт хадсан тохиолдол гарсан. Манайтай гэрээгээр ажилладаг компаниуд ачилтаа дийлэхгүй болсон үед бид харьяа байгууллага, аж ахуйн нэгжүүдээс 200 орчим ажилтныг уг халуун цэг дээр сар шахам хугацаагаар ажиллуулж үүссэн хүндрэлийг арилгаж чадсан шүү. Цементийн үнийн хөөсрөл ч богино хугацаанд буурсан. Энэ нь төмөр замчид бидний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм даа.
-Та дээр галт тэрэгний хэсгийн болон техникийн хурд, дундаж жин нэмэгдсэн тухай ярилаа. ТөмӨр замын тээвэрт хурд, жин хоёр “амин” асуудалд тооцогддог шүү дээ?
-Тиймээ. Манай гол шугам төмөр замын олон улсын стандартаар өгсүүр, уруудуур ихтэй хүндэвтэрт тооцогддог. Замын ийм хүнд аяс галт тэрэгний дундаж жин, хурдыг нэмэгдүүлэхэд бэрхшээл учруулдаг. Хөрөнгө, санхүүгийн нөөц хязгаарлагдмал байдгаас энэ байдлыг засч залруулах техник технологийн дорвитой арга хэмжээг тэр бүр авч чадахгүй явж ирлээ. Бид ч бас "хөнжлийнхөө хэрээр хөлөө жий" гэсэн зарчмаар энэ асуудалд хандах шаардлагатай байсан шүү. Гэхдээ нөөц боломждоо түшиглэн галт тэрэгний хурд жингийн хугарал үзүүлдэг замын тодорхой хэсгүүдэд хүчжүүлсэн дунд засвар хийж хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулан, шинэ "2ТЭ116УМ", “2 Загал” серийн илчит тэрэгнүүдийнхээ татах хүчин чадалд тохируулан өртөө хооронд аялах хугацааг богиносгож нэг удаа тээх ачааг нэмэгдүүлсэн нь дээрх амжилтад хүрэх үндсэн нөхцөл болсон.
Мөн өртөө, зөрлөгийн зам сумыг Р65 маягийнхаар сольсноор хажуугийн замаар өнгөрөх хурдыг 40 км цагт хүргэх зорилт хэрэгжиж байна. Энэ бүхний үр дүнд 2013 онд бүхэл бүтэн 10 зүтгүүр, хэмнэлээ. Өөрөөр хэлбэл, 2012 онд 40 зүтгүүртэйгээр тээж байсан ачааг энэ оны арванхоёрдугаар сарын 15 гэхэд 30 зүтгүүрээр тээвэрлэлээ. Бүхэл бүтэн 10 зүтгүүр, түүний бригадын цалин хөлс, түлш шатахуун, сэлбэг материал гээд хэдэн тэрбумаар хэмжигдэх хэмнэлт гарлаа гэсэн үг. Дээр нь, Агьсүмбэт- Сайншандын хооронд галт тэрэг түлхэгчгүйгээр явдаг болсон. Улаанбаатар- Мандал-Толгойт хоорондын 160 км мөрөнд ажилладаг байсан түлхэгч зүтгүүр Эмээлт-Рашаант-Эмээлт-Мөрөнд ажиллаж, түлхэгч зүтгүүрийн гүйлт 48 км болсноор Зүүнхараа өртөөнөөс 5000 тн жинтэй галт тэрэг аялуулах боломжийг бүрдүүлсэн. Улаан-Уулын цэвэр усны шугамыг шинэчилснээр таван цистерн вагон бүхий усны галт тэрэг зурмагаас гарсан гээд олон хэмнэлт бий. Энэ бүхэн нь оновчтой зохион байгуулалт, нөр их хөдөлмөрийн үр дүнд зардал хэмнэгддэг гэдгийг харуулж байгаа болов уу.
-Зардлын хэмнэлтийн тухай ярихад шинэ техник технологи нэвтрүүлэх гэсэн үг эрхгүй санаанд буудаг. Саяхан нээлтээ хийсэн алсын удирдлагатай зөрлөгийг төмөр замын ирээдүй гэж хүмүүс дүгнэж байна. Энэ талаархи таны бодол...
-Тиймээ. Швед-Оросын хамтарсан компанийн энэ технологи Европын олон оронд нэвтэрсэн шилдэгт тооцогддог. Монголд анх удаа ийм технологиор тоноглогдсон зөрлөгийг Агьсүмбэт-Сайншанд хоорондын замын 857 дугаар км-т байгуулсан нь төмөр замчид бидний бахархал яах аргагүй мөн шүү. “EBILock 950” систем дээр суурилуулсан Микропроцессорын төвлөрүүлэлттэй алсын удирдлагатай уг зөрлөгийг нээснээр хоорондын замын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдсэн төдийгүй төмөр замын тээврийн зохион байгуулалт, төмөр замчдын нийгмийн асуудалд ч хувьслын чанартай алхам тавигдсан гэж үзэж болно.
Шинэ зөрлөг байгуулах болгонд байшин барилга, цэвэр бохир ус, дулаан хангамж гээд зардал, хөрөнгө шаардсан олон асуудлыг шийдвэрлэх болдог. Дээр нь, 15-20 хүн байнга ажиллаж, амьдарна. Худалдаа, эмнэлгийн үйлчилгээ, хүүхдийн сургууль, цэцэрлэг гэж бас бий. Алсын удирдлагатай зөрлөг байгуулснаар эдгээр бүх асуудлыг төвлөрсөн байдлаар шийдвэрлэх боломжтой болж байгаа юм. Бид өмнө нь нэг зөрлөг шинээр байгуулахад 6-7 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол энэ зөрлөгт ердөө л гурван тэрбум төгрөг зарцууллаа. Дээр нь, ашиглалтын зардал тун бага. Тийм болохоор төр засаг бидний туршлагыг “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхдээ авч ашиглана гэдэгт итгэж байна. Бид ч гэсэн, 2014 онд Айраг-Сайншанд –Замын-Үүдийн хэсэгт ийм зөрлөг гурвыг байгуулахаар төлөвлөж байгаа. Иймд алсын удирдлагатай зөрлөг төмөр замын ирээдүй гэсэн таны бодолтой санал нэг байна.
-Болгоомжлох үүднээс хэлбэл, шинэ техник, технологи тодорхой хэмжээнд эрсдэл дагуулах нь бий?
-Тийм шүү. Евро стандартын энэ технологийг зөөлөн, чийглэг дулаан уур амьсгалтай орнуудын төмөр замд өргөнөөр ашигладаг. Эрс тэс, хуурай уур амьсгалтай манай орны хувьд ашиглалтын явцад анхаарах зүйл бий. Юуны өмнө үзлэг шалгалт, тохируулга үйлчилгээг цаг хугацаанд нь мэргэжлийн өндөр түвшинд хийж байх учиртай. Эрчим хүчний тогтвортой, найдвартай ажиллагаа тийм ч сайнгүй манай нөхцөлд тэжээлийн эх үүсвэрт онцгой анхаарах нь зөв. Дээр нь, шилэн кабелийн сүлжээний найдвартай ажиллагаа, параметрүүдийн тогтвортой байдал гэж бас бий. Бид энэ зөрлөгт ажиллах инженер техникийн ажилтнуудыг ОХУ-ын Москва, Улаан-Үүдийн адил төстэй өртөөнд туршлага судлуулан, сургалтад хамруулсан болохоор миний дээр өгүүлсэн хүндрэл, бэрхшээл гарахгүй гэдэгт итгэлтэй байна.
Энд нэг зүйлийг онцлоход, манай инженер техникийн ажилтнууд дэлхийн түвшинд сэтгэж, бүтээж чаддаг гэдгийг энэ зөрлөгийг байгуулах үеэр харж, бахархлаа. Зөрлөгт байгаа камерын хяналтын төхөөрөмж , алсын удирдлагатай чанга яригчийн систем нь манайхны оюуны бүтээл шүү дээ. Зөрлөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн “Bombardier” компанийхан эдгээрийг өөрсдийн технологидоо нэмэлт болгон оруулна гэж байна лээ. Бахархалтай хэрэг шүү. Одоо хамгийн гол нь уг технологийг Монгол хөрсөн дээрээ нутагшуулах хэрэгтэй байгаа юм.
-Зүтгүүрчдийн бүтээсэн “2Загал” зүтгүүрийг ч олон улсын стандартад нийцсэн гэж гадаадын мэргэжилтнүүд үздэг. Тэр ч бүү хэл, үйлдвэр байгуулах тухай яриа бий.
-2006 онд Орос зүтгүүрийн явах анги дээр АНУ-ын “Женерал электрикс”-ийн модулийг суурилуулсан анхны “2 Загал” мэндэлсэн түүх бий. Өөрөөр хэлбэл, Орос эх биетэй, Америк зүрхтэй, Монгол зүтгүүр гэсэн үг. Өнгөрч буй оны хувьд бид гурван “2 Загал” бүтээж, нэгэн зэрэг аялалд шилжүүллээ. Тэр хэмжээгээр, зүтгүүрийн парк нэмэгдэж, найдваржиж байгаа. Ер нь, би Н.А.Гук, Х.Лхагвасүрэн тэргүүтэй зүтгүүрчдийнхээ хийж бүтээсэнд туйлын талархалтай байгаа. Тэдний зүтгэлийн үр дүнд галт тэрэгний хурд, жин нэмэгдэж, тээврийн чанарын үзүүлэлтүүд бодитойгоор дээшилсэн. Саяхнаас сэлгээний зүтгүүрийг “нэг машинч” горимд шилжүүлснээр нэг тэрэгнээс сард 5,6 сая төгрөг хэмнэж эхэллээ. Энэ нь жилдээ 67,2 сая төгрөг болно гэсэн тооцоо байна. Замын хэмжээнд ажиллаж буй бүх сэлгээний тэргийг оруулж тооцох юм бол багагүй тоо гарна. Үүнийг санаачилж хэрэгжүүлэгч нь мөн л зүтгүүрчид. Хөрш Казахстаны төмөр зам яг энэ “Женерал электрикс”-ийн модульд түшиглэн шинэ зүтгүүрийн бүхэл бүтэн үйлдвэр байгуулсан байсан.
Зам, тээврийн сайд А.Гансүх Улаанбаатар зүтгүүрийн депогийн ажилтай танилцахдаа “2 Загал” серийн зүтгүүр үйлдвэрлэх, дамжлага байгуулахыг дэмжих тухайгаа ярьж байсан. УБТЗ-ын техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд үүнийг шийдвэрлэхэд болохгүй юмгүй гэж боддог шүү. Бид “2 Загал”-аа УБТЗ-ынхаа брэнд болгон, тусгай лого хүртэл гаргалаа. Хоёр загалын дүрстэй зүтгүүр, вагонууд хоорондын замд хурдалж явааг моринд дуртай манай ард түмэн харж, билэгшээж байгаа бизээ. Энэ бэлгэдлийн цаана “хос морьтон хол явдаг” ардын үг, хоёр улсын хамтарсан үйлдвэр гэсэн санаа, хос замтай болох гэсэн төмөр замчдын хүсэл гээд олон зүйл оршиж байгаа юм. Тэгээд ч, Монголчууд бид хүлэг морио төрийн сүлдэндээ мөнхөлсөн улс шүү дээ.
-Замын их барилга , их засварын төлөвлөгөөний биелэлт ямар гарч байгаа вэ?
-Эмээлт-Давааны, Чойр-Наран-Элгэн хоорондын 60,4 км гол замд их засвар, 53 км замд дунд засвар, 49,2 км замд өргөлтийн засвар хийж, Цомог, Шивээговь зөрлөгт 24 айлын, Оорцог-Энгэрт 16 айлын орчин үеийн орон сууц барьж саяхан хүлээж авлаа. Эдгээр нь халуун, хүйтэн устай, интернэт шугам, автомашины дулаан гражтайгаараа нийслэлд баригдаж буй орон сууцнаас чанарын ялгаагүй болсон шүү. Эдгээр орон сууцны ам.метр талбайн үнэ нийслэлд баригдаж буй орон сууцныхаас 1,2 дахин хямд байгааг онцлох хэрэгтэй болов уу. Мөн Дарханы 78 айлын орон сууцыг ипотекийн зээлээр бариулж, төмөр замчдаа оруулсны зэрэгцээ Төв эмнэлэгт 20 ортой ахмадын тасаг, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Оношилгооны төв байгуулсан нь төмөр замчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч буйн илрэл болж байна. Дээр нь, өнгөрсөн наймдугаар сарын нэгнээс төмөр замчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлж дунджийг нь нэг сая төгрөгт хүргэснийг хэлэх хэрэгтэй. Өнгөрч буй онд манайхаас өөр төр, хувийн хэвшлийн ямар ч байгууллага ажиллагсдынхаа цалинг ийм хэмжээгээр нэмж чадаагүй болов уу.
-Тээврийн ажлын үр дүнгээс гадна үйлчилгээний чанарын асуудал өндөр төвшинд тавигдах ёстой гэвэл та санал нийлэх үү?
-Нийлэлгүй яахав. Тээвэр, үйлчилгээний чанарыг нэг зоосны хоёр тал гэвэл үнэнд нийцнэ. Өнгөрч буй онд “Улаанбаатар төмөр замын дарга сонсож байна” шууд утас ажиллуулж, төмөр замаар үйлчлүүлэгч, иргэдийн санал хүсэлтийг авсан нь манай ажилд оршиж буй дутагдал доголдол, төмөр замчдын хариуцлага сахилгатай холбоотой олон зүйлийг ил тод болголоо. Тэдгээрийн дийлэнх нь үйлчилгээтэй холбогдон гарч байсныг хэлэх нь зүйтэй. Тэр тусмаа, зорчигчдын тасалбарын шагтай холбоотой гомдол байнга гарч байсан. Энэ нь биднийг тасалбар худалдаалалтын төвлөрсөн хэлбэрээс татгалзах шийдвэрт хүргэсэн юм. Нийслэлд Нарантуул захын дэргэд, Сайншандад хотын төв хэсэгт тасалбар худалдаалах касс нээн ажиллуулсны зэрэгцээ олон улсын галт тэрэгний тасалбарыг цахим хэлбэрээр худалдаалж эхэлсэн нь зорчигчдын талархлыг хүлээж байна. Цаашид суудлын галт тэрэгний тээшийн вагоны үйлчилгээг сайжруулан, тээш хүлээн авалт, түгээлтийг зорчигчдод хүндрэл багатай, шуурхай болгох, нэгж галт тэрэгний плацкартын вагоны тоог нэмэгдүүлэх, тасалбар худалдаалах цэгийг хүн ам, үйлчилгээ төвлөрсөн цэгүүдэд нээн ажиллуулах арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлэх болно.
-Улаанбаатар-Замын-Үүдийн хатуу хучилттай авто зам бүрэн ашиглалтад орсонтой холбоотойгоор тухайн чиглэлд галт тэргээр зорчигчдын тоо буурах хандлагатай боллоо гэлцэх юм.
-Тиймээ. Энэ бол цэвэр өрсөлдөөн. Зах зээл ийм л зарчмаар явдаг. Бид үйлчилгээгээ хүнд ойртуулж, хөнгөн шуурхай болгох ёстой. Энэ чиглэлээр хийж буй эхний алхмуудынхаа талаар сая ярилаа.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ноос эхлэн суудлын галт тэрэгний зурмагт өөрчлөлт оруулсны дүнд хоорондын замд аялах хугацаа нь нийтдээ 12 цагаар багассан. Цаашдаа ч хурд нэмэгдүүлэх арга хэмжээг тодорхой бэлтгэлтэйгээр төлөвлөн хэрэгжүүлнэ. Мөн суудлын галт тэрэг бол зорчигч тээврийн хэрэгслүүдээс хамгийн аюулгүй, тав тухтай унаа гэдгийг хүмүүсийн ой тойнд хоногшуулах хэрэгтэй байгаа юм. Энэ онд суудлын галт тэрэгний шинэ бүрэлдэхүүн худалдан авах асуудлыг шийдвэрлэнэ. Бидний авсан арга хэмжээний үр дүнд галт тэрэгний тасалбарын шаг гэдэг ойлголт “тэглэгдэж” байгааг хэлэх хэрэгтэй.
-Төмөр замын тээвэр үйлчилгээг өргөтгөх зорилтын хүрээнд транзит тээврийг нэмэгдүүлэх шаардлага оршиж байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, тээврийн үйлчилгээг олон улсын зах зээлд гаргана гэсэн үг?
-Саяхан Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яам санаачилан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын салбарын яамдын дээд удирдлагын түвшинд хамтарсан зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулсан нь таны асуусан асуулттай шууд холбоотой юм. Товчдоо, УБТЗ-аар дамжин өнгөрөх тээврийн өнөөгийн байдал, нэмэгдүүлэх боломжийн тухай асуудлыг бүтэн өдөр нухацтай хэлэлцсэн. Энэ чиглэлээр хамтарсан мэдэгдэл үзэглэж, хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан гаргах боллоо. Ер нь, УБТЗ-аар тээвэрлэгдэж буй нийт ачааны гуравны нэг нь транзит тээвэр байвал зохистой байгаа юм. Энэ тээвэр, зардал хамгийн бага гаргаж, ахиу орлого олдгоороо үр ашигтайд тооцогддог. Тээврийн хөлс нь манайд валютаар орж ирдэг гээд давуу тал олон бий. Дээрх зөвлөгөөн нь, Шинэчлэлийн Засгийн газар, салбарын яам УБТЗ-ын үйл ажиллагааг дэмжиж байгаагийн нэг томоохон илрэл боллоо гэж үзэж байна.
-Замын захиргаанаас авч хэрэгжүүлж буй хэмнэлтийн шинжтэй олон арга хэмжээг нийтээрээ дэмжиж байхад шүүмжилдэг цөөнх бас байдаг байх. Энэ талаархи таны бодлыг сонсоё...
-Ер нь, ямар ч зарчмын шийдвэр сайшаал, шүүмжлэлийн аль алийг дагуулдаг шүү дээ. Бидний гаргасан шийдвэрийг төмөр замчид маань ойлгож дэмждэгт би талархалтай байдаг. Тухайлбал, оны эхээр гарсан түлш шатахууны нийлүүлэлтийг чөлөөлсөн шийдвэр байна. Олон жил энэ нийлүүлэлтийг монополь байдлаар эзэмшиж байсан “Жаст ойл” -ынхон баярлаагүй нь лавтай. Гэхдээ энэ шийдвэрийн үр дүнд Замын нийт ашиглалтын зардлын 40 гаруй хувийг эзэлдэг түлшний зардлаас долоо орчим тэрбум төгрөг хэмнэлээ гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Энэ мөнгө төмөр замчдын дундаж цалинг нэмэгдүүлэхэд тун их хэрэг болсон.
Саяхан бид Авто тээвэр үйлчилгээний төвийн 50 орчим авто машинд JPS төхөөрөмж суурилуулах шийдвэр гаргалаа. Би анхныхыг нь миний машинд тавиарай гэсэн. Эндээс жилд 450 орчим сая төгрөг хэмнэх тооцоо гарсан юм билээ. Цаашдаа ийм төхөөрөмжийг төмөр зам даяараа хэрэглэх ёстой.
-Та өнгөрсөн оныхоо ажлын талаар тодорхой ярилаа. Шинэ оны ажил үйлсийн талаар товч ярихгүй юу?
-Юуны өмнө энэ он их ажлын жил байхыг хэлье. Өнгөрсөн онд эхэлсэн бүхнээ энэ жил дуусгаж, үр дүнг нь үзнэ. Тээвэрлэх ачааны хэмжээг 22 сая тоннд хүргэнэ. Төмөр замын ачаа тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг 28 сая тоннд хүргэх зорилт энэ оны тэргүүн зорилт байх болно.
Үүний тулд техник технологи, хөдөлгөөн зохион байгуулалтын дорвитой шинэчлэлүүд хийгдэнэ. Би төмөр замчдаа энэ бүхэнд бэлэн байж, сэтгэл зүтгэлээ зориулна гэдэгт гүнээ итгэж байна.