Манай улсын нийгэм, эдийн засагт энэ жил олон үйл явдал өрнөсөн. Үүнээс заримыг нь дор онцлон өгүүлье.
Мөнгөний урсгал хаасан хуулийг өөрчиллөө
Гадаадын хөрөнгө оруулалт энэ онд огцом буурлаа. Үүнд, нөлөөлсөн олон шалтгаан бий. Жишээ нь, дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр хөрөнгө оруулалт буурах тал ажиглагдсан гэдэг. Үүнээс гадна манай улсын гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль эрх зүйн орчны чадамж буурсан нь гол нөлөө үзүүлэв. УИХ Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталсан. Энэ хууль хөрөнгө оруулагчдыг үргээж манайхыг чиглэх мөнгөний урсгалыг тасалж орхижээ.
Монголд жилд 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирдэг байсан бол энэ онд 1.4 болж буурлаа. Монголбанкнаас хийсэн судалгаагаар Оюу толгойн хөрөнгө оруулалтыг тооцолгүйгээр жилд 2.5 тэрбум ам.доллар орж ирдэг байж.
Төрийн эрхэм түшээд энэ алдаагаа засахаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Хөрөнгө оруулалтын хуулта өөрчилснөөс хойш 14 компани л Монголд хөрөнгө оруулах санал тавьсан байна.
Хөрөнгө оруулалт буурахтай зэрэгцээд нүүрс, алт, зэс гээд экспортын гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд уналаа. Иймд манай эдийн засаг энэ жил хүндхэн сорилт даван туулж байна. Өнөөдөр манай улсын экспортын 90 гаруй хувийг ашигт малтмал эзэлдэг. Энэ онд уул уурхайн салбар тэр дундаа алт олборлолтыг дэмжих хоёр хуулийг УИХ хэлэлцэж буй юм. Учир нь, сүүлийн жилүүдэд алт тушаалт буурч, далд наймаа цэцэглэсэн хэмээн үзэж байгаа. Хүмүүсийн нэрлэж заншсан урт нэртэй хууль алтны салбарт орж ирэх хөрөнгө оруулалтыг царцаасан, компаниудын идэвхтэй үйл ажиллагааг саармагжуулж гацаанд оруулсан гэж уурхайчид хэлдэг. Иймд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй юм. Уг хуулийн төсөл батлагдвал алтны салбарт орсон хөрөнгө оруулалт амь орж олборлолт нэмэгдэнэ, урт нэртэй хууль хэрэгжих үндэс тавигдаж гацаанаас гарах ажээ.
Үүнээс гадна алт тушаалт нэмэгдүүлэх зорилогтой Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Хэрэв уг хууль батлагдвал алт олборлогчид алтаа Монголбанкинд тушаасан тохиолдолд 2.5 хувийн татвар төлнө. Тушаахгүй бол олборлосон алтны хэмжээгээр нь таван хувийн татвар ногдуулах юм. Энэ хууль таван жил үргэлжлэх бөгөөд үйлчлэх хугацаа нь дуусхад эргээд таван хувийн татвар төлөх болно. Татварын хувь хэмжээ бага болсноор улсын төсөвт орох орлого 40-50 сая ам.доллараар буурах тооцоо бий. Гэвч алт тушаалт өссөнөөр манай улсын гадаад валютын нөөц жилд 1.7-2 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцож буй юм. Ингээд уг хууль хэрэгжих хугацаанд 8.5-10 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болно гэж байгаа. Төв банкны тооцоолж буйгаар дээрх хууль батлагдвал ирэх онд 30 тонн алт худалдан авах юм.
Энэ оны төсөв тасарсан ч ирэх жилийнхийг өөдрөгөөр тооцов
Өнгөрч буй онд ашигт малтмалын үнэ хямдарсан, нүүрснээс олох орлого тасарсан нь улсын төсөв бүрдэлтэд хатуу цохилт болов. Тухайлбал төсвийн орлого 1-1.5 их наяд төгрөгөөр тасарах тооцоо гарсан. Ингээд улсын төсөвт тодотгол хийж орлогыг нь нэг их наяд орчим төгрөгөөр хассан. Сангийн яамнаас хийсэн тооцоогоор төсвийн алдагдал ДНБ-ий 6.8 хувьд хүрэхээр байв. Төсвийн тухай хуульд “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэх, алдагдал нь ДНБ-ий гурван хувиас илүү гарсан тохиолдолд төсөвт тодотгол хийх”-ээр заасан. Тэгэхээр төсвийн орлого 6.2 их наяд, зарлага нь 6.6 их наяд төгрөг байж ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх тооцоо гарсан. Иймд Сангийн яам Төсвийн тодотголын төсөлд төсвийн орлогыг нэг их наяд төгрөгөөр бууруулан тооцжээ. Ирэх жил 213 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний татварын орлого улсад оруулах ашигт малтмал манай улсын эдийн засгийг тодорхойлно. Үүнд, нөгөө л зэс, нүүрс багтах юм. Улсын төсөвт нэг тонн цэвэр зэсийн үнэ 6000 ам.доллар байхаар тусгасан. Эрдэнэт үйлдвэр 127 мянган тонн цэвэр зэс, 4.5 мянган тонн молибден үйлдвэрлэх тооцоо бий. Тэгээд улсын төсөвт мөн 500 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг судалгаа бий. Харин Оюу толгой 175 мянган тонн цэвэр зэс, 23 тонн алт, 50 тонн мөнгө үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна.
Тэгэхээр улсын төсөвт зэсээс орох орлого нэмэгдэх өөдрөг дүр зураг ажиглагдаж буй юм. Ирэх оны улсын төсөвт ашигт малтмалын олборлолт, экспорт нэмэгдэнэ гэсэн өөдрөг төсөөлөл хийжээ. Жишээ нь алтны экспорт 19.5 тоннд хүрч 121 тэрбум төгрөгийн татвар төсөвт төлөх юм. Энэ оны байдлаар манай улс 7.7 тонн гаруй алт олборлоод байгаа бөгөөд төлвөлсөн хэмжээнээс бараг хоёр дахин илүү юм. Бас төмрийн хүдэр, баяжмалын экспорт бараг 10 сая тоннд хүрнэ хэмээн төлвөлсөн байна. Ингээд 144 тэрбум төгрөгийн татвар улсад төлөх нь. Харин эдүгээ үнэ нь буурч, борлуулалт нь зогсоод буй нүүрсний экспорт 34 сая тонн болж өснө. Үүний татварын орлого 446 тэрбум төгрөгт хүрэх юм.
Улсын гадаад өр 18.2 тэрбум ам.доллар болжээ
Ирэх оны төсөвт өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 40 хувь байна гэж баталсан. ЭЗХЯ, Сангийн яам өрийн энэ хязгаарыг 60 хувьд хүргэх санал гаргаад дэмжигдээгүй. Хэрэв дэмжигдсэн бол “Чингис бонд”-ын үлдсэн 3.5 сая ам.долларыг босгох боломж бүрдэх байжээ. Гэвч Сангийн сайд Ч.Улаан “Манай улсын өр ДНБ-ий 49.5 хувийг эзэлж байгаа. Энэ нь, улсын өр ДНБ-ий 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн хязгаарт нийцэж буй гэсэн үг. Ирэх онд 40 хувиас хэтрэхгүй байх учиртай. Гэхдээ энэ хязгаарын хүрээнд Самуурай бонд, нефть боловсруулах үйлдвэрийн хөрөнгө босгох боломж бий” хэмээсэн. Ирэх оны төсөвт тусгаснаар Засгийн газар гадаад зээлийн эх үүсвэрээс нийт 28 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 297.3 тэрбум төгрөгийн зээл шинээр авна. Өмнөх жилүүдэд авсан гадаад зээлийн үндсэн төлбөрт 128.9 тэрбум төгрөг төлнө гэж ирэх жилийн төсөвт тусгалаа. Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 18.2 тэрбум ам.доллар болсон байна. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 38 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд улсын гадаад өр хамгийн их өссөн жил боллоо. Гадаад өрийн 56.6 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалтай компани хоорондын авлага, 23.6 хувийг Засгийн газар, 6.1 хувийг банкны салбарын өр эзэлж буй юм. Дэлхийн банкнаас гаргасан тооцоогоор Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 4.8 тэрбум ам.долларт хүрч, хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь ДНБ-ий 48 хувийг эзэлж байгаа юм. Өр ингэж огцом өсөхөд “Чингис бонд”-ын 1.5 тэрбум Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам.доллар нөлөөлсөн аж. Эдгээр бонд гарахаас өмнө манай улсын гадаад өрийн дийлэнх нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон Улсын валютын сангаас авсан хөнгөлөлттэй зээл бөгөөд нийт өрийн 56 хувийг эзэлж байжээ. Харин ирэх оноос Засгийн газар өрийн удирдлагын тогтолцоог шинэчлэхээр хуулийн төсөл боловсруулаад байна.
Үнэ тогтворжуулах хөтөлбөр шатахууны үнийг хөдөлгөсөнгүй
Монголбанкны Мөнгөний бодлогын гол зорилт нь инфляцыг нам, тогтвортой төвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэнэ гэдэг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар энэ оны хагас жилийн байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт 11.3 хувьтай гарав. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон эдийн засагч, судлаачдын үзэж буйгаар энэ онд эдийн засгийн өсөлт 12 хувиас буухгүй гэсэн тооцоо бий. Монголбанк энэ онд хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засагт байгаа мөнгийг нэмж баялаг үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барьсан.
Ингэснээр инфляцыг хязгаарлаж цаг зуурын хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэх боломж бүрдсэн гэдэг. Тухайлбал, Засгийн газар, Монголбанк “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”- байгуулж дөрвөн дэд хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Үүнд “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний өртөгийг бууруулах”, “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах”, “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх түлш эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүд багтаж буй билээ. Ингээд зарим хөтөлбөрийн үр дүнгийн талаар өгүүлье. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжсэнээр энэ онд махны үнийн өсөлт сүүлийн гурван жилийнхээс хоёр дахин доогуур гарчээ. Өөрөөр хэлбэл, махны үнийн өсөлт энэ жил 16.3 хувь байна. Харин 2010-2012 онд махны үнэ жилд 33.7 хувиар өсч иржээ. Үнийн энэ өсөлт нь махны нийлүүлэлт хаврын улиралд хомсдсоноос болдог аж. Зун, намрын улиралд нийлүүлэлт нэмэгддэг ч нэгэнт өссөн үнэ буурахдаа дургүй бөгөөд өндөр хэвээр тогтож үлддэг. Монголбанк энэ хөтөлбөрөөс гурван жилийн дотор гарна. Одоогоор эрсдэлээ бууруулаад эхэлжээ.
Шатахууны үнэ бол иргэд, бүх бизнест шууд нөлөөлдөг тул инфляц өдөөх гол хүчин зүйлийн нэг. Газрын тосны газраас хийсэн судалгаагаар жилд дунджаар нэг литр АИ-92 бензин 75, дизелийн түлшний үнэ 145 төгрөгөөр нэмэгдэж иржээ. Энэ онд шатахууны үнийг тогтвортой барьж ирсэн. Шатахууны үнийг тогтвортой байлгах хөтөлбөрийн нөлөөгөөр нэг өрх сард дунджаар 100 мянган төгрөг хэмнэсэн судалгаа гарсан. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Шатахууны үнийг хатуу бариад байгаа юм шиг буруу ойлголт бий. Бензиний үнийн схемд нийт үнийн өсөлтийн гадаад болон дотоод нөлөөллийг зургаан сарын дотор жигд шингээж явах бодлого баримталж байгаа. Зах зээлийн гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр шатахууны үнэ оны эхэнд 30 хувиар өсөөд эхний хагас жилд 20-оод хувиар буурахаар байсан.
Мөн наймдугаар сард гадаад валютын ханшийн нөлөөллөөс болж эргээд 20 хувиар өсөх байлаа. Тэгээд дээрх хөтөлбөрөөр бид боломжийнхоо хэрээр зургаан сарын хугацаанд нөлөөллийг нь жигд шингээж, өгсөний дүнд үнэ өсөөгүй, тогтвортой байна. Гаднаас нь харахад иргэд дээр очихдоо энэ маань тэг нөлөөлөлтэй юм. Энэ нь зах зээлд үүссэн хоёр талын 20, 30 хувийн өсөлтүүдийг саармагжуулсан болохоос биш импортлогч компаниуд нь дампуураад тэд алдагдал хүлээсэн зүйл байхгүй” гэсэн билээ.
Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл өгч эхлэв
Улаанбаатарыг утаанаас салгах ганц арга нь орон сууцжуулах. Энэ онд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхлэв. Уг зээлийг олгож эхэлсэн эхний гурван сарын дотор буюу өнгөрсөн наймдугаар сард орон сууцны ипотекийн зээлдэгчийн тоо 40.6 мянгад хүрсэн байдаг.
Өнгөрсөн 16-ны өдрийн байдлаар өмнө олгосон ипотекийн зээлээс 798 тэрбум төгрөгийн зээлийг жилийн найман хувийн хүүнд хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 16923 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 481.8 тэрбум төгрөгийн зээлийн хүүг жилийн найман хувьд шилжүүлсэн байна.
Иргэд 755.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 12106 иргэнд 694.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлжээ.
Энэ оны арваннэгдүгээр сард хийсэн судалгаагаар ипотекийн зээлийн үлдэгдэл нэг их наяд 833 тэрбум төгрөгт хүрч нийт 46456 иргэн авчээ. Ипотекийн зээлийн үлдэгдэлд чанаргүй, болон хугацаа хэтэрсэн зээлийн хувь хэмжээ харьцангуй бага байна.
Валютын ханш буурсан инфляцыг дээш нь хөөргөлөө
Монголбанк инфляцыг нэг оронтой тоонд барих бодлого хэрэгжүүлж буй. Өнгөрсөн онд инфляц 12.4 хувьтай гарсан ч энэ жил наймдугаар сард 9.4 хувь болж буурсан. Өөрөөр хэлбэл инфляц гурван нэгж хувиар доошилжээ. Гэвч улсын гадаад валютын орлого тасалдаж ам.доллар, юань зэрэг монголчуудын хамгийн их ашигладаг валютын ханш огцом өссөн билээ. Төгрөгийн ханш оны эхнээс 17 хувиар сулраад буй билээ. Үүний нөлөөгөөр инфляц нэмэгдэж өчигдөрийн байдлаар улсын хэмжээнд 11.1 хувьтай байна. Хэрэв 1.9 тэрбум ам долларын нөөцтэй, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар орж ирээгүй байсан бол урьдчилж тооцох аргагүй эдийн засгийн энэ хүндрэлийг амархан давж чадахгүй байсан гэж эдийн засагчид хэлдэг. Ирэнх онд манай улсын гадаад валютын орох урсгал нэмэгдэж эерэг байвал Монголбанк бодлогын хүүгээ бууруулах замаар инфляцыг найман хувьд барих боломж бүрдэх аж. Төв банкны ирэх жил хэрэгжүүлэх мөнгөний бодлогод ирэх жилийн өдийд инфляц найм, 2015-2016 онд долоон хувиас хэтрэхгүй байхаар төсөөлсөн. Ингэснээр макро эдийн засгийн тогтвортой байх нөхцөл бүрдэх юм.
“МИАТ” шинэ онгоц авсан, ашигтай ажилласан жил болов
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани шинэ “Боинг 767-300 ER” онгоц авлаа. Уг онгоцны үйлдвэрийн үнэ 100.3 сая ам.доллар. Үүн дээр тохижуулалт, нэмэлт тоноглолд 14 сая доллар зарцуулжээ. Тухайлбал, ор болон дэлгэгддэг 25 суудалтай бизнес ангиллаас гадна сайн чанарын 195 суудалтай энгийн ангилалд тохижилтод дээрх мөнгийг зарцуулсан гэсэн үг. Мөн нисэх үед агаарын эсэргүүцэл бууруулах тусгай бодисоор далавчийг нь бүрсэн байна. Энэ онгоцны үнийг төлөхдөө АНУ-д үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг экспортлоход дэмжлэг үзүүлдэг банкаас жилийн 4-5 хувийн хүүтэй зээл авах юм. Тэр хүртэл Хөгжлийн банкнаас онгоцны зардлын 85 хувийг гаргах болсон юм. Үлдсэн 15 хувийн зардлыг “МИАТ” ХК өөрийн нэрээр арилжааны банкнаас зээл авч төлбөрөө бүрэн хийжээ. МИАТ компани урд нь түрээсэлж буй “Боинг 767” хуучин онгоцонд сард дунджаар 200-300 мянган ам.доллар төлж, ашиглалтын зардал ч багагүй гаргадаг байсан юм. Үүнээс гадна “МИАТ” компани ашиггүй ажиллаж буй гэсэн шүүмжлэлд байнга өртөж ирсэн. Тэгвэл энэ онд нэг тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан бас нэгэн гэрэлтэй мэдээлэл бий.
1824 км авто ашиглалтад өглөө
Энэ онд авто замын салбар чамгүй үр бүтээлтэй ажиллалаа. Тухайлбал, сүүлийн таван жилд ашиглалтад орсонтой тэнцэх авто зам барьжээ. Өөрөөр хэлбэл, 2008-2012 оны хооронд нийт 1819 гаруй км хатуу хучилттай улсын чанартай авто зам ашиглалтад өгсөн байна. Манай улсын одоо ашиглаж буй хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт нь 2967 км. Тэгвэл энэ онд 1824 км хатуу хучилттай авто зам шинээр ашиглалтад оруулж хөдөлгөөнийг нь нээлээ. Энэ оны хувьд 74 төсөлд 947.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Үүнийг задлаад үзвэл улсын төсвөөс 216.3, Хөгжлийн банк, Чингис бондын хөрөнгөөс 570, гадаадын зээл тусламжаас 160.8 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ онд баруун бүс нутагт 190.8 тэрбум төгрөгийн 1128.344 км хатуу хучилттай авто зам, 519.03 метр урттай төмөрбетон гүүр барих төсөл хэрэгжиж байна. Орон нутгийн замаас гадна нийслэлийн замыг шинэчлэх шаардлага ч буй билээ. Иймд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх “Гудамж төсөл” хэрэгжүүлж эхлэв. Энэ төсөлд зарцуулах хөрөнгийг Чингис бондын хөрөнгөөс гаргаж буй юм. Уг төслийн хүрээнд уулзваруудыг шинэчлэн засах, шинэ зам, гудамжийг бий болгож, авто замын сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх “Хотын төв”, гэр хороололд шинээр гудамжны сүлжээг бий болгож, инженерийн дэд бүтцийг цогцоор шийдэх “Гэр хороолол”, хотын төвийн авто замын хэт ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг дээшлүүлэх “Хурдны зам” гэсэн дэд төслүүд багтаж байгаа. Энэ онд “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн 33 уулзварыг шинэчлэх, өргөтгөх, хотын төвд шинээр гудамж бий болгох ажил болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн зарим байршлын бүтээн байгуулалтыг эхлүүлээд байна. Түүнчлэн Туул, Сэлбэ голын дагуу нийтдээ 122 км хурдны замын зураг төсөл, барилга угсралтын ажлын эхний хэсгийг хийхээр төлөвлөжээ.
Хурдны замын тухайд 2013-2016 оны хооронд Авто замын хэвтээ тэнхлэгийн дагуу Баянзүрхийн товчооноос Азийн автозамын АН-3 тэнхлэг хүртэл Туулын хурдны зам, авто замын босоо тэнхлэгийн дагуу Хандгайтаас Яармаг хүртэл Сэлбэ голын хурдны замыг барихаар төлөвлөж байгаа юм.