Манай улсын нисэх буудлуудын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ИНЕГ-ын Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга М.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-Нисэх буудлуудын өнөөгийн байдал, хөгжлийн талаар эхлээд сонирхмоор байна?
-Сүүлийн үед улс орны эдийн засгийн чадавхи өсч, аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн хэрээр гадаад, дотоодын зорчигч урсгал нэмэгдэж байгаа. Өнгөрсөн оны үзүүлэлтээр гэхэд нийт нислэгийн тоо 100 мянга давж, “Чингис хаан” нисэх онгоцны буудлаар 1,1 сая хүн үйлчлүүлсэн байна. Зорчигч тээвэрлэлт өмнөх оноос нэг хувиар, тээсэн ачаа 1,9 хувиар, шуудан тээвэр 5,4 хувиар тус тус өссөн. Дотоодын нислэг нэмэгдэж байгаатай уялдан бидний зүгээс орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг өргөтгөх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох, том оврын агаарын хөлөг хүлээн авах боломжтой болгохоор төлөвлөсөн ажлуудаа хийж байна. Баруун бүсэд Ховд, зүүн бүсэд Дорнод, өмнөд бүсэд Өмнөговь, хангайн бүсэд Хөвсгөл аймгуудын нисэх буудлуудыг өргөтгөж, онгоц хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг болгохоор зорьж байна. Үүнийг хийчихвэл хөрш орнуудын хил орчмын хотууд хооронд агаарын тээвэр хөгжих боломжтой болохын зэрэгцээ цаг агаараас болж олон улсын нислэг саатсан үед нөөц буудлаар ашиглах боломжтой болох юм. Ер нь, цаашдаа орон нутгийн бүх аэродромыг хатуу хучилттай болгоно.
-Бүтээн байгуулалтын ажлуудыг дурдвал?
-Өнөө жил хийсэн томоохон ажлууд гэвэл “Чингис хаан” нисэх буудалд онгоц зогсох хоолой нэгийг нэмж барилаа. Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлах олон улс, орон нутгаас ирэгчдийн танхимыг нэгтгэн өргөтгөлөө. Орчин үеийн технологи бүхий туузан дамжуулагчийг ашиглалтад орууллаа. Олон улсын хоёр болон түүнээс дээш нислэг давхцан буух үед зорчигчид тээшээ авахдаа 55 минутаас 1 цаг 30 минут орчим хүлээх тохиолдол гардаг байсан бол хурд сайтай орчин үеийн ачаа тээш дамжуулагч ашигласнаар зорчигчид 30-40 минутын хугацаанд ачаагаа авах боломжтой болсон. Эдгээр ажлыг хийснээр нисэх буудлын танхимуудын ачаалал ихээр нэмэгдэн, зорчигчдод үйлчлэх талбай хүрэлцэхгүй, үйлчлүүлэгчид бөөгнөрөх, бухимдал үүсэх зэрэг хүндрэл багасч байна.
-Ер нь, манай улсад байгаа нисэх буудлууд ямар зэрэглэл ангилалтайгаар үйл ажиллагаа явуулдаг юм бол?
-Одоогийн байдлаар манай улсад 4D буюу нэгдүгээр зэрэглэлийн “Чингис хаан” олон улсын нисэх буудал байна. Хоёрдугаар зэрэглэлийн Гурвансайхан, Баянхонгор, Мөрөн, Ховд, Чойбалсан, Дэглий-Цагаан, Алтай, Өлгий, гуравдугаар зэрэглэлийн Арвайхээр, Тосонцэнгэл, Доной, Баруун-Урт, Өндөрхаан, дөрөвдүгээр зэрэглэлийн Булган, Мандалговь, Хархорин, Ховдын Булган, Хатгал гэсэн нисэх буудлууд үйл ажиллагаа явуулж байна. Төвийн бүсэд гурав, зүүн бүсэд дөрөв, баруун бүсэд долоо, хангайн бүсэд зургаан нисэх буудал үйл ажилллагаа явуулж байна.
-Шинэ нисэх буудлын ажил ямар шатандаа яваа бол. Ерөнхий сайд ажлыг нь нэлээд урагштай сайн яваа гэж үнэлж байсан?
-Аливаа улсын хөгжлийн нүүр царай нисэх онгоцны буудлаас харагддаг. Агаарын тээвэр хөгжиж, үйлчлүүлэгчид жилээс жилд нэмэгдэж байгаа тул одоогийн “Чингис хаан” олон улсын нисэх буудал маань ачаалал ихтэй, зорчигчдод үйлчлэх үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар учир дутагдалтай болсон. 1997 онд хийсэн өргөтгөлийн ажлаас хойш энэ буудалд дорвитой өөрчлөлт хийсэнгүй өдий хүрлээ л дээ. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй зорчигч урсгалын хэрэгцээг хангах гол арга зам нь нисэх онгоцны шинэ буудал барих гэж үзэн Улаанбаатар хотоос 50 гаруй км-ийн зайтай Хөшигийн хөндийд энэхүү ажлыг эхлүүлсэн. 2016 онд ашиглалтанд орно. Юуны өмнө, манай агаарын тээврийн хөгжилд нэн түрүүнд шаардлагатай байгаа орчин үеийн жишигт нийцсэн, зорчигч урсгалыг бүрэн даасан шинэ нисэх буудалд барих ажлыг эхлүүлж, гараанаас гаргасан нь Шинэчлэлийн Засгийн газрын түүхэн, чухал ажлуудын нэг юм. Хөшигийн хөндийд Шинэ нисэх буудал барих ажилд дэлхийд нэр хүнд нь танигдсан компаниуд шалгарсан. Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд нисэх буудал барих ажил эхэлсэн бөгөөд энэ жилийн хийгдэх төлөвлөгөөт бүх ажил хугацаандаа дууссан.
-Ирэх жилийн ажил руугаа ч орсон гэж дуулсан?
-Тийм ээ. Ерөнхий сайд энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажилтай танилцаад “Бодит ажил эхлээд удаагүй ч ажлын явц сайн байна. Энэ эрчээрээ үргэлжлүүлбэл Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах боломж байна” гэж онцолсон. Ер нь, бид ирэх хавраас бүтээн байгуулалтын ажлыг улам эрчимжүүлж, хүн хүч, машин механизмын тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Энэ эрчээрээ явбал гүйцэтгэгчийн гэрээнд заасан хугацаа буюу 43 сарын хугацаанд, түүнээс ч өмнө Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барьж дуусгах боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ бид тэр хүртэл одоогийн “Чингис хаан” нисэх буудлаа энэ байдлаар нь байлгаад байхгүйгээр өргөтгөх, шинэчлэх ажил хийнэ. Зорчигчийн терминалд дахин төлөвлөлт хийж, зорчигч нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр зураг төслийг нь боловсруулах ажлыг эхлүүлсэн. “Чингис хаан” ОУНБ-д дахин төлөвлөлт хийж, зорчигч үйлчилгээний талбайг 25 хувь буюу 2400 ам.метрээр, авто зогсоолыг нэг дахин буюу 300 автомашин зогсох хүчин чадалтайгаар өргөтгөх зураг төслийн ажлыг боловсруулан дуусч байна.
-Энд нийт хэчнээн хүн хүч ажиллаж байгаа вэ?
-Одоогийн байдлаар Монгол, Япон, БНСУ, Англи, Филиппин зэрэг орны нийт 80 гаруй инженер техникийн олон улсын багийн удирдлага дор 700 орчим ажилчин, 180 гаруй машин техникийн хүчээр төслийн ажлыг гүйцэтгэж байна. Хавраас ажил эрчимжихээр хүн хүч нэмэгдүүлэх асуудал яригдана.
-Хувийн нисэх буудлууд баригдах болсон. Энэ талаар баримталж байгаа бодлогын тухайд?
-Уул уулхайн томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орохтой зэрэгцэн үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах үүднээс агаарын тээвэр эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, уул уурхайн арвин их нөөц дэлгэгдээд буй Өмнөговь аймагт гэхэд л хувийн хэвшлийн Овоот, Таван толгой, Ханбумбат нисэх буудлууд ажиллаж байна. Иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийнхний оруулах хөрөнгө оруулалт, хувь нэмэр өсөн нэмэгдэж, хувийн нисэх буудал ч баригдаж ашиглалтад орж байгаа нь цаашид энэ салбарын хөгжил эрчимжих хандлагыг илэрхийлнэ. Иргэний нисэхийн салбарт төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, агаарын тээврийн салбарыг олон хэлбэртэй, чөлөөт өрсөлдөөнтэй болгох бодлогыг 2020 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ нь, бодлогын баримт бичигт тусгагдсан заалт. Ерөнхий зориулалтын агаарын хөлгүүдийн нислэгт нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх агаарын зайг тодорхой болгох, нислэгийн холбогдох дүрэм, журмыг боловсруулах ажлыг бид удахгүй эхлүүлнэ. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагаа, үйлчилгээний менежментийг сайжруулах ажлыг ч хэрэгжүүлж эхэлнэ. Орон нутгийн хөгжил, хүн амын суурьшилтай уялдуулан агаарын тээврийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ, нисэх буудлын хүчин чадлыг тодорхойлон хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Тухайлбал, Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулахтай холбогдуулан олон улсын зэрэглэлтэй нисэх буудал байгуулахаар төлөвлөж байна.