Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жинхэнэ цасан бөмбөлөгийг Венад хийдэг

Эрвин Перзигийнхэн гурван үеэрээ хүүхдүүдийн хайртай тоглоом цасан бөмбөлөгийг хийсээр иржээ. Сэгсрэхээр цас будрах мэт хөвдөг шилэн бөмбөлөгөн тоглоом өнөөгийн гар утас, iPad-д хорхойссон хүүхдүүдэд ч ид шидийн үлгэрийн мэт ер бусын санагддаг хэвээр.  
Өдгөө дэлхийн хаа сайгүй үйлдвэрлэдэг болсон цасан бөмбөлгийг хамгийн анх Эрвин Перзи 1900-аад оны эхээр санамсаргүйгээр зохион бүтээсэн гэдэг. Австрийн Венад мэс заслын багаж хэрэгслийн засварчнаар ажилладаг байсан Эрвин I шөнө оройн цагаар ажиллах шаардлага гардаг тул өрөөнийхөө гэрэлтүүлгийг нэмэхээр янз бүрийн арга туршиж үзэж байжээ. Тэрээр нэгэн гуталчин лааныхаа өмнө шилэн аягатай ус тавьж гэрэлтүүлгээ нэмснийг олж хараад гэртээ туршиж үзжээ. Гэхдээ тэрээр лааны өмнө гэрлийн чийдэнд ус тавьж үзсэн бөгөөд энэ арга нь гуталчных шиг хангалттай гэрэлтэй болохгүй байсан гэнэ. Хэдэн өдрийн дараа тэрээр шилтэй ус руугаа хүүхдийн кашинд хэрэглэдэг семолина хэмээх цагаан нунтгийг санамсаргүй цацтал яг л цас шиг шилний ёроолд аажмаар буухыг харжээ. Яг энэ мөчид Эрвин Перзид цасан бөмбөлөг хийх санаа төрж, тэрээр энэ санаагаа баяжуулан шилэн бөмбөлөг дотроо сүмийн барилгын бяцхан макет хийжээ. Ингээд цасан бөмбөлөгийг зохион бүтээсэн I Эрвин Перзигийн үед буюу 1905 оноос энэхүү тоглоомыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эхний 40 жилд бөмбөлөг дотор зөвхөн сүмийн макет л хийдэг байв. Харин дэлхийн II дайны дараа эцгийнхээ халааг авсан II Эрвин Перзигийн үед цасан бөмбөлөгийн загвар дизайныг сайжруулж, дотор нь зул сарын мод, өвлийн өвгөн, цасан хүний макетыг хийдэг болжээ. 
Тэднийх шиг цасан бөмбөлөгийг одоо нэгэнт олон газар оронд хийдэг болсон ч  Венийн цасан бөмбөлөг дэлхийд алдартай. “Original Vienna Snow Globes” нэрээр үйл ажиллагаа явуулдаг тус компани өдгөө 108 жилийн нүүр үзэж, гурав дахь үеийн Эрвин Перзи компаниа удирдаж байна. Тус компани ердөө 30 гаруй ажилтантай, тэдний 15 нь гэртээ ажилладаг атлаа жилд 350 гаруй загвараар 200 мянган цасан бөмбөлөг үйлдвэрлэж амждаг. Үйлдвэрлэдэг гэхээс илүүтэй урладаг гэвэл зохино. Учир нь, эднийх бөмбөлөгийн зураг чимэглэл зэргийг бүгдийг нь гараар хийдэг ажээ. Тэдний борлуулалтын 20 орчим хувь нь тусгай захиалгаас бүрддэг байна. Хэрэглэгчид тэдэнд хандаж өөрсдийн хүссэн загвараар цасан бөмбөлөг хийлгэдэг аж. Тэд хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн хоёр охинд зориулан цасан бөмбөлөг хийсэн байна.

Хэдийгээр өнөө үед бүх зүйл хөгжиж, технологижсон ч Эрвин Перзигийнхэн цасан бөмбөлөгийнхөө цасыг юугаар хийдэг нь нууц хэвээр үлджээ. Тэд энэ нууцаа цаашид ч хадгалах хүсэлтэй байна. Гурван үеийн Эрвин Презигийн халааг авахаар III Перзигийн 24 настай охин бэлтгэгдэж байгаа гэнэ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан