Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улс ба төмөр замын бодлого

Монгол, Орос, Хятад гурван улс төмөр замын асуудлаар хуралдлаа. Энэ бол манай талын санаачилгаар хийсэн анхны хуралдаан. Тэд “Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн умард коридор” сэдвээр ярилцсан. Хойд хөрш Холбооны төмөр замын агентлагийн орлогч дарга И.В.Мицук, урд хөрш Төрийн төмөр замын ерөнхий газрын орлогч дарга Цэнь Ланьхуа нараар төлөөлөгчдөө ахлуулан илгээжээ. Нээлтээс бусад үед хаалттай хуралдсан энэ уулзалтаар Ази Европыг төмөр замаар холбох коридорын хүчин чадлын талаар хөндсөн. Энгийнээр ойлгоход манай улсыг тойрч тээвэр хийх нь эдийн засаг, цаг хугацааны асар их алдагдалтай учир энэхүү коридорыг ашиглах нь аль аль талдаа ашигтай.  

Гэтэл...

Хоёр том гүрний дунд орших нутаг орны байдлаа өөрт ашигтайгаар эргүүлэх боломжоо хэзээ ч алдаж боломгүй. Тэгэхийн тулд дотоод зөрчлөө багасгаж, байр сууриа нэгтгэх нь чухал. Ойрын үед царигийн асуудлыг хөндөх боллоо. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод төмөр замыг өргөн буюу 1520 мм-ийн царигтай байна гэж баталсан. Хэрэв шаардлагатай гэвэл Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд УИХ-д оруулж байж царигийн асуудлыг ярих ёстой. Гэвч Шинэчлэлийн Засгийн газарт одоогоор царигийн асуудлыг хөндөх шаардлага байхгүйг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг биш удаа хэлсэн. Тийм байтал УИХ дахь АН-ын бүлэг царигийн талаар ярилцсан гэдэг мэдээлэл тарааж, түүнийг нь дагаж, хэвлэлээр хөндөх болов. Үнэндээ нэгэнт шийдсэн асуудлаа олон дахин өөрчлөөд байх юм бол үр дагавар нь яаж ирэхийг тааж ядах юмгүй. Монгол Улс яагаад төмөр замын тээврийн талаар өөрийн гэсэн бодлоготой байж болохгүй гэж. Нийгмийн анхаарлыг татаж, бурууг зөв болгож тайлбарлан донсолгох сонирхол зарим хүнд ашигтай. Тэгээд л үе үе “нарийн цариг чинь ашигтай шүү” гэсэн мессэж цацаж эхэлдэг. Хилийн төмөр замын царигаа ярилцъя гэж байгаа ч бүхэл бүтэн улсын бодлого гэж баталсан юм бол түүнийг дагаж, яагаад хэрэгжүүлэх ёстойг тайлбарладаггүй. Тэгсэн мөртлөө ажил яваад байгаад дургүйцэн байнга муулж, өөлж, шүүмжилж буй. Төмөр замын бодлогод тусгасан хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын ажил болох Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг бүтэлгүйтээсэй гэсэн шиг харлуулсаар л байгаа. Бодит байдал дээр нэг ч удаа очиж үзээгүй мөртлөө “шороо овоолж байгаагаа ажил гээд байна” гэх нь бий. Төмөр замын бүтээн байгуулалтын ихэнх ажлыг нугалдаг газар шорооны далангийн ажил байдлыг судалж үзээгүй мөртлөө өнгөц гаднаас дүгнэлт хийн яриад байна гэсэн үг.
Тусгаар тогтносон улс гэдгээ бид баталсан бодлогыхоо дагуу ажиллаж чаддаг, хэний ч нөлөөнд орохгүй гэдгээр харуулах ёстой. Түүнээс гадныхны гар хөл болж, болж байгааг болохгүй мэтээр сэнхрүүлэн ойлгуулах гэж хичээх шаардлага баймгүй. Дотроо учраа олж чадахгүйг маань ашиглаж, биднийг хэрэлдэж суух хойгуур манай улсыг тойруулаад төмөр замын сүлжээ аалзны тор мэт хэлхэгдэх нь. Үүнээс хоцрохгүйн тулд хоёр том гүрний дунд ч гэсэн төв Азийн цээжин дэх газар нутгаа ашигтай байрлал болгох боломж иржээ.  

Орос

Биднийг зөвхөн цариг ярьж, хэмлэлдэж суухад хоёр хөрш төмөр замын хөгжлөөрөө тээр хол хаяад явчихсан. ОХУ-ын төмөр замын тээврийн сүлжээний урт 2010 оны байдлаар 86 мянган км байжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд АНУ, БНХАУ-ын дараа орохоор том сүлжээ. 86 мянган км төмөр замаас 43 мянгыг нь цахилгаанжуулсан нь дэлхийд хоёрдугаарт жагсдаг аж. 2008 онд ОХУ-ын Засгийн газар төмөр замыг хөгжүүлэх стратегиэ баталсан. Түүх эд,  ашигт малтмал тээвэрлэх, зорчигч тээвэр, хурдны галт тэрэг явуулах гэхчлэн бүх салбарт “ах нар” төмөр замаа хөгжүүлэхээр зорьсон. Үүнийхээ дагуу 2008-2015 он хүртэл хөгжүүлэхдээ  эхний ээлжинд 5.1 мянган км төмөр зам шинээр тавихаар төлөвлөжээ. Хоёрдугаар шат буюу 2015-2030 он хүртэлх ажил нь 15.5 мянган км  төмөр зам барьж байгуулах. Одоогоор эхний шатны ажил нь 2015 оны сүүлч гэхэд 10 чиглэлд төмөр зам баригдаж дуусах юм байна.
Украйн, Словак, Австритай хамтран Украйны хилээс эхлэн Словакийн нутгаар дамжин Вена хүртэлх 1520 мм-ийн өргөн царигтай төмөр зам тавих төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхээр яригдаж байгаа аж. Европын холбоо, ТТУХН,  Хятад хоорондын тээвэр хүргэлтийн хурд ихээхэн нэмэгдэнэ гэж төлөвлөж буй гэнэ.

Хятад

Хятадын төмөр замын урт нийтдээ 98 мянган км болж, дэлхийд аман хүзүүнд яваа.  Эдгээрээс 27 500 км нь цахилгаанжсан. Ойрын хугацаанд нийт төмөр замын сүлжээнийхээ уртыг 120 мянган км-т хүргэхээр  тооцоолж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн баталсан Төмөр замыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд ингэж тусгажээ.  Зорчигч тээврийн салбартаа тусгай өндөр хурдны замын уртаараа дэлхийд тэргүүлэгч нь хятадууд болоод байгаа. 2011-2015 оны 12 дугаар таван жилийн хугацаанд нийт төмөр замаа хөгжүүлэхэд 2,8 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийхээс өндөр хурдны төмөр зам тавихад нэлээд хэсэг нь зарцуулагдах аж.
Олон улсын төвшинд зорчигч тээврийн өндөр хурдны төмөр зам тавихад анхаарлаа ихээхэн хандуулж, 2020 он гэхэд Зүүн Өмнөд Азийн орнуудтай холбогдсон өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулж бүрэн дуусахаар төлөвлөсөн байна. Юньань мужийн Куньминыг Мьянмарыг хамгийн том хот болох Янгонтой холбох 1920 км урт төмөр зам байгуулж дуусгах гэнэ. Мөн Камбож, Лаос, Вьетнам, Тайландтай өндөр хурдны замаар холбогдох гэрээ байгуулахаар хэлэлцээ хийгээд эхэлж. Түүгээр ч барахгүй АНУ-д нь 15 мужийг хамарсан өндөр хурдын төмөр замын сүлжээ байгуулах тендерт хятадууд  өрсөлдөж буй. Энэтхэг ба Европтой холбогдсон өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулахын тулд нийт 17 улстай хэлэлцээ явуулж буй гэсэн мэдээлэл байна. Сонирхуулахад, Хятадтай хиллэдэг улс орнуудаас Казахстан 1520 мм, ОХУ 1520 мм, Вьетнам 1000 мм, Монгол 1520 мм-ийн төмөр замын царигаар хил дээр залгагддаг.

Монгол

Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 1815 км урт төмөр замтай. Тэгэхээр өнөөгийн УБТЗ-ын тухай биш шинээр барих төмөр замын талаар ярих нь илүү оновчтой биз. Төмөр замын тээврийн бодлогод тусгасан “Шинэ төмөр зам” төслөөр нийт 1800 км зам барьж байгуулахаар төлөвлөсөн. Зүүн чиглэлийн буюу Ухаа Худаг – Таван толгой – Сайншанд – Баруун Урт – Хөөт – Чойбалсан – Эрээн цав, Хөөт – Бичигт гэсэн төмөр замын ажлын зураг төсөл, геотехникийн судалгааны ажлыг Японы “Ниппон Коэй” компани гүйцэтгэж байгаа. “Шинэ төмөр зам” төсөлд нийтдээ 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Энэхүү хөрөнгө оруулалтаа 9.4 жилийн дотор бүрэн нөхөх боломжтой гэж тооцоолжээ.
Харин Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын үндсэн ажил болох далан байгуулах газар шорооны ажил 66.94 хувьтай яваа. 2015 он гэхэд ажил бүрэн дуусч, хүлээлгэж өгөхөөр төлөвлөж, түүнийхээ дагуу ажиллаж байна. Энэ чиглэлийн замд Төмөр замын хэрэг эрхлэх газар “Энержи ресурс” ХХК-тай 2008 оны дөрөвдүгээр сарын 30-нд санамж бичиг байгуулж, гарын үсэг зурж. Ингээд төмөр замын ажилд сонгон шалгаруулалтыг 2009 онд олон улсад нээлттэй явуулж байжээ. 2012 оны зургадугаар сард дахин шинэчлэн тендер зарлаж үүнд Австрали, БНХАУ, БНСУ-ын нийт долоон компани оролцсоноос “Самсунг Си энд Ти” компани шалгарсан. Харин 2012 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг цогцоор байгуулахаар болж, төрийн өмчийн “Монголын төмөр зам” компанид “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх эрхийг олгосон. Тэр дагуу хоёрдугаар шатанд хийхээр төлөвлөөд байсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр зам барих эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлэн өдгөө ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” ажиллаж байгаа. Туслан гүйцэтгэгч 12 компанийн нэгээс бусад нь Монголын компани юм. Зөвхөн энэ хэсгийн бүтээн байгуулалтад 13 сая шоо метр газар шорооны ажил хийх аж. Энэ нь авто зам байгуулахтай харьцуулбал 1300 км зам барих хэмжээний далангийн ажил гэнэ.
Гурван улсын төмөр замын талаархи уулзалтаар хамтарч ажиллаж, Ази Европыг төмөр замаар холбосон коридорыг ашиглахаар зарчмын хувьд тохиролцсон. Харин бид хийснээ үгүйсгэж, хийх гэж байгаагаа бага чичилбэл төмөр замаар  Ази Европыг холбон ачаа бараа  дамжуулан өнгөрүүлдэг хамгийн чухал улс болоход болохгүй гэх газаргүй гэдгийг дээр дооргүй мэдэж л байгаа юмсан.

0 Сэтгэгдэл
аль царигийг нь сонгосон юм бол
Mongolchuudaa komunist zangaasaa salah tsag ni boljee
Хамгийн их уншсан