Бид “Битлз”-ийг мэднэ. Гэхдээ энэ хамтлагийн өвөрмөц дүр төрхийг илтгэдэг Жон Леннон гэгч хэн байсныг бараг л мэдэхгүй. “Rolling Stone” сэтгүүлд 1970 онд өгсөн түүний доорхи ярилцлага XX зууны шилдгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг юм. Энэ ярилцлага “Битлз”-ийн хэдэн зуун сая шүтэн бишрэгчийн мэдэхийг хүсдэг асуултуудад хариулт өгсөн. Эндээс Жон Леннон гэж хэн байсан, “Битлз”-ийн хөшигний цаана юу өрнөж байсан, яагаад Есүсээс ч алдартай гэгддэг энэ хамтлаг тарсныг өгүүлжээ. Тийм ч учраас XX зууны шилдэг ярилцлагын нэг гэгддэг юм.
-Та “Битлз” мөн үү?
-Үгүй ээ, би “Битлз” биш. Би бол би. Пол ганцаараа “Битлз”-ийг илэрхийлж чадахгүй шиг Брайн Эпштэйн ч “Битлз” байж чадахгүй. “Битлз” бол “Битлз”. Харин бид тус тусдаа бол хувь хүмүүс. Хэн ч “Битлз”-ийг дангаараа төлөөлж чадахгүй. Тэд яаж чадах юм бэ. Бид дөрөв тус тусынхаа үүргийг гүйцэтгэж байсан хүмүүс.
-Нэг хүн мэт энэ дөрвөн залуугийн тухай, “Битлз”-ийн тухай газар сайгүй хүн бүхэн л ярих юм. “Битлз” ч өөрсдийнхөө тухай ярьдаг. Ер нь, энэ дөрвөн хүнд юу тохиолдсон юм бэ?
-“Битлз”-ээс өмнө бид дөрвөн өөр хувь хүн байсан гэдгийг бүгд санаж байгаа. “Битлз”-ийн эртний түүхийг тэд одоо санаж байгаа эсэхийг би мэдэхгүй. Бид жирийн л дөрвөн залуу байсан... Би Полтой уулзахад тэд надад “Чи хамтлагт нэгдэх үү” гэсэн. Дараа нь Жорж, тэгээд Ринго орж ирсэн. Бид зүгээр л маш том зүйл бүтээж чадсан хамтлаг. Бидний хамгийн сайн бүтээл хэзээ ч олон нийтэд хүрч байгаагүй.
-Яагаад?
-Яагаад гэвэл бид үзүүлэн тоглогчид л байсан. Биднийг рок тоглодог байхад Британид бидэнд хүрэх хэн ч байгаагүй. Бид дуулангуут л хүмүүс битүү шавдаг. Чи мэднэ дээ, Брайн бидэнд костьюм өмсгөөд л боллоо. Биднийг Британийн театруудаар аялан тоглолт хийхээс өмнө энэ улсын хөгжим мөхсөн байсан. Бидэнд таагүй санагдаж байсан ч тоглолтын маань хугацаанаас нэг, хоёр цагийнх нь хөтөлбөрийг шууд хасдаг байсан. Нэг орой 20 минут тоглоод л гүйцээ. Тэгээд л “Битлз”-ийн хөгжим мөхсөн. Хөгжимчид нь ч ялгаагүй. Учир нь, бид хөгжимчний хувьд өөрсдийгөө хөгжүүлж сайжруулаагүй. Бид өөрсдийгөө хөнөөсөн.
-Би Полын тухай асуумаар байна. Түүнийг Сан Францискод “Let it be”-г дуулж байхад танд ямар санагдсан бэ?
-Надад гунигтай байсан. Пол өөртөө л зориулж хийсэн кино шиг санагдсан. Энэ бол “Битлз” тарах болсон нэг гол шалтгаан. Бид ердөө л Полын нөгөө тал болж хувирсан. Брайн нас барсны дараа яг л ийм байдалтай болсон. Камер зөвхөн Полыг чиглэж, бусдыг нь гаргадаггүй. Энэ байдал надад таалагдаагүй.
-“Битлз” яагаад тарсан юм бэ?
-Брайн нас барсны дараа хамтлаг нурж унасан. Пол биднийг удирдаж эхэлсэн. Гэхдээ биднийг удирдана гэж юу байхав дээ, бид чинь “Битлз”-ийн ижилхэн л гишүүд . Тэгээд л тарсан.
-“Битлз” тарахад танд ямар мэдрэмж төрж байсан бол?
-Би санахгүй байна. Би өөрийнхөөрөө л шаналсан. Би үүнийг ажил гэж бодож хийдэг байсан учир санаанд үлдсэн зүйл алга.
-Полтой хамтран дууны үг бичдэг байснаа хэзээ больсон бэ?
-Би сайн мэдэхгүй байна. 1962 он болов уу. Хэрвээ та манай цомгийг гаргаад ирвэл хэн аль мөрийг нь зохиосныг би яг хэлж өгч чадна. Бид хамтдаа бичдэг байсан. Гэхдээ бидний хамгийн сайн бүтээлүүд маань эхэн үед тус тусдаа бичсэн дуунууд байдаг. Жишээлбэл, “I Want to Hold Your Hand”, “One After 909” гэх мэт. “Let It Be” гэхэд бид 17, 18-тайдаа л бичиж байсан юм.
- Жорж, Пол, Ринго нар Йокод хэрхэн хандаж байсныг тус тусад нь тодорхойлон хэлээч?
-Тэд бараг адилхан. Сонин хэвлэлд Полыг онцолж бичдэг л дээ. Гэхдээ Пол хэлж байсан. Тэр эхэндээ Йоког үзэн яддаг байсан, харин дараа нь таалагддаг болсон гэж сонингуудад ярьсан байсан. Гэхдээ энэ миний хувьд, Йокогийн хувьд ч хэтэрхий хожимдсон. Яагаад Йоко тиймэрхүү хүмүүсээс ийм доромжлол хүлээх ёстой юм бэ. Тэд “Let It Be” кинонд Йоко маш зовлонтой харагдлаа гэж бичиж байсан. Үүнийх нь төлөө би тэднийг цохиж аваагүй боловч хэзээ ч тэднийг уучлахгүй.
-Та өөрийгөө гоц авьяастай гэж боддог уу?
-Тийм ээ, тийм хүмүүс байдаг бол тэдний нэг нь би. Над шиг хүмүүс сод авьяастай гэдгээ найм, естэйдөө мэддэг… Би гайхдаг юм. Яагаад хэн ч намайг нээгээгүй юм бол гэж. Дунд сургуульд байхад тэд намайг яагаад бусад хүүхдээс ухаантай гэж хэлдэггүй байсан юм бэ. Багш нар нь тийм тэнэг юм уу. Би нагац эгчдээ “Намайг алдартай болсны дараа та миний шүлгүүдийг шидэж байсандаа харамсах болно” гэж хэлдэг байсан. Намайг бүр жаахан хүүхэд байхад л би урлагийн хүн болох нь тодорхой байсан. Гэтэл тэд яагаад намайг урлагийн сургуульд оруулахын оронд жирийн сургуульд явуулсан юм бол. Багш нар ч ялгаагүй намайг эмч, багш болгох гээд л нүдэж гардаг байсан. Дараа нь шүтэн бишрэгчид, шүүмжлэгчид намайг “Битлз” шиг, Пол Макартни шиг байлгах гэж элдвээр хэлнэ.
-Та мансууруулах төрлийн “LSD” эмийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ?
-1964 онд Жоржтой хамт Лондонгийн шүдний эмнэлэгт очихдоо анх хэрэглэж үзсэн. Эмч нь Жоржийн найз байсан учир бидний кофенд бага зэрэг эм хийж өгсөн.
-Хэр удаан хэрэглэсэн бэ?
-Хэдэн жилийн турш хэрэглэсэн. Би бараг мянган ширхгийг уусан байх аа. Хоёр мянга ч байж магадгүй. Би энэ эмийг цаг тутамд хоол шиг л хэрэглэдэг байсан.
-“Битлз”-ийн бусад гишүүн тан шиг “LSD” хэрэглэдэг байсан уу?
-Жорж л хэрэглэдэг байсан. Тэр энэ эмэнд нэлээд орсон доо.
-Таны хувьд “Битлз” муу аялан тоглолт хийж байсан уу?
-Өө олон бий. Есүс Христ минь, тийм учраас л энэ бүхнийг зогсоосон юм шүү дээ. Би зүгээр л тэвчиж чадаагүй. Йокотой учирахаас өмнө энэ бүхэн хэр удаа үргэлжлэхийг би мэдэхгүй байсан. Бараг хоёр жилийн хугацаанд ингэж явсан. Хүмүүс намайг хүчээр ажиллуулдаг байсан. “Чи зүгээр ээ. Чи чадна. Чи ухаантай” гээд л. Би 15-тайгаасаа үгүй ээ, 16-тайдаа эм хэрэглэж, архи ууж эхэлсэн. Би архи уусан учраас л урлагийн сургуулиас гарсан юм шүү дээ. Хамбургт шөнө болгон найман цаг хөгжим тоглож байгаа хүн эм ууж байж л амьд үлдэнэ.
-Жорж нэг хэвлэлийн хурал дээр хэлэхдээ Леннонтой хамт тоглож болох юм, харин Полтой бол хэзээ ч үгүй гэж хэлж байсан?
-Би тэдний хэнтэй нь ч хамт тоглож чадна. Жорж тэр өдөр тэгж хэлсэн. Гэхдээ тэр бодлоо өөрчлөх байх. Бид бүгд хүн шүү дээ. Санаа бодлоо өөрчилж болно.
- Та тэр залуусын тухай одоо ч сайнаар боддог уу?
-Тийм ээ, тэгэлгүй яахав. Би өчигдөр гэхэд Ринго, Жоржтой ярьсан. Пол унтаж байсан учраас ярьж чадаагүй. Жорж, Пол хоёр одоо ч бие биетэйгээ ярьдаг. Бидний харилцааг таслах юу ч байхгүй.
-Та одоо олон нийтийн өмнө гарвал сэтгэл санаа тань тавгүйтэх болов уу?
-Тайзан дээр гарсан үед миний сэтгэл үргэлж хямардаг. Би хүмүүсийн өмнө олон удаа гарахыг хүсэхгүй байна.
-Та ямар хөгжимд дуртай вэ?
-Би рок-н-роллд дуртай.
-Яагаад рок-н-ролл гэж?
-Намайг хөгжим тоглоход хөглөдөг зүйл бол рок-н-ролл. Рок-н-роллоос илүү хөгжим байхгүй.
- Та гитарчны хувьд өөрийгөө хэр үнэлдэг вэ?
-Ямар төрлийн гитарист гэдгээс хамаарна. Би ер нь дажгүй ээ. Гэхдээ нарийндаа бол тийм ч сайн биш.
-Тэгвэл Жоржийн хувьд?
- Тэр сайн. Гэхдээ би арай илүү. /инээв/ Би шударга ярихыг л хүсч байна. Нэг талаар би гитарыг маш ядмаг тоглож байгаадаа ичдэг. Гэхдээ би гитарыг яриулж чаддаг. Мэдээж би гитар тоглож чадна л даа. Гэхдээ би Б.Б. Кинг шиг болохыг хүсдэг.
-Та ойрын хэдэн жилийн дүр зургаа гаргасан уу?
-Үгүй ээ. Би ирэх хэдэн жилийн тухай бодож ч чадахгүй. Хэдэн жил амьдрах тухай алсын зүйлийг бодох нь хэтэрхий гүн гүнзгий, бас аймшигтай.
-Тэгвэл та “Би 64-тэйдөө…” гэж төсөөлдөггүй хэрэг үү?
-Үгүй ээ үгүй. Бид Ирландын эрэгт өтөлсөн сайхан хөгшид болох байх л гэж найдаж байна.