Олон улсын жишгийн дагуу тухайн жилийн шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг эл уламжлалыг Монголд 1990-ээд оны дундаас эхлүүлсэн бөгөөд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/ 2001 оноос оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно” наадмыг хамтран зохион байгуулж, энэ үеэр спортын сэтгүүлчдийн саналаар тодорсон шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг нэрлэж, алдаршуулдаг болсон.
МССХ спортын шилдгүүдийг шалгаруулахдаа энэ жил анх удаа спорт холбоодын саналыг хүлээж авсан ба МССХ-ны Ажлын хэсэг, спорт холбоодын саналыг нэгтгэн боловсруулснаар 2013 оны спортын шилдэг баг, тамирчин, дасгалжуулагчийн шалгаруулалтад 27 тамирчин, 4 баг, 10 дасгалжуулагчийг нэр дэвшүүлсэн юм.
Ингээд шилдгүүдийг тодруулах санал асуулгад МССХ-ны гишүүн, спортын сэдвээр дагнан бичдэг 116 сэтгүүлч оролцож, саналаа ирүүлсэн байна. Өмнө нь энэхүү саналаар тодорсон тамирчдыг тухайн жилийн “Бөртэ чоно” наадам дээр зарлан, тодруулдаг байсан бол энэ удаа МССХ шилдэг 7 тамирчин, нэг баг, гурван дасгалжуулагчийн нэрсийг урьдчилан зарлаж, шилдгийн шилдэг гурван тамирчин, “Бөртэ чоно”-ын эзэн дасгалжуулагчийн нэрсийг нууц хэвээр үлдээлээ. Оны шилдгийн шилдэг болох өрсөлдөөний ялагчид 12 дугаар сарын 23-нд болох МҮОХ-ны оны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын үеэр олон нийтэд ил болох юм. "Бөртэ чоно" ёслолын үеэр мөн оны шилдэг спорт холбоод, олимпийн зөвлөл, спортын шилдэг удирдагч нарыг тодруулж, МҮОХ-ны тэргүүн шагнал хүртээх юм.
Шилдэг тамирчид:
10. Г.Өсөхбаяр -Хойд туйлын 90 градус, дэлхийн зулайд хөл тавьсан анхны монгол хүн.
9. Г.Эрхэмбаяр -Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн.
8. Э.Сумъяа -Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий мөнгөн медальт.
7. Б.Сэр-Од -Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт.
6. О.Насанбурмаа -ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга.
5. Г.Мандахнаран -ДАШТ-ий хүрэл, Дэлхийн оюутны Универсиад наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт.
4. Д.Амартүвшин -ДАШТ-ий мөнгөн медальт.
3...
2...
1...
Шилдэг дасгалжуулагч:
Б.Батбаяр -Эмэгтэй чөлөөт бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч
З.Дүвчин -Чөлөөт бөх. ДАШТ-ий мөнгөн медальт С.Батцэцэг, Э.Сумьяагийн үндсэн дасгалжуулагч
Ш.Цэвэлмаа -Жүдо бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч, дэлхийн аварга М.Уранцэцэгийн үндсэн багш
Шилдэг баг:
Эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг- Азийн АШТ-ий мөнгөн медаль хүртсэн